Баяр наадмын өмнөх өдрүүдэд нийслэл хотод төдийгүй ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, үерийн аюул дэгдсэн. Гэвч цахим орчинд хөрсний бохирдол хийгээд ундны усыг хэрэглэх боломжгүй болсон гэх мэдээлэл тархсан. Түүнчлэн зарим лабораторид хийсэн шинжилгээний үр дүнд үерийн уснаас хүний биед сөрөг нөлөөтэй нян, бактери их хэмжээгээр илэрсэн талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл бид уг асуудлаар Байгаль Орчин Хэмжил Зүйн төв лабораторийн Чанарын менежер, инженер Б.Алтантуяагаас дараах тодруулга мэдээллийг авлаа.
-Нийслэл хотын хэмжээнд нийт хэчнээн газар үерийн уснаас дээж авч, шинжилгээ хийсэн бэ?
-Баяр наадмын өмнөх өдрүүдэд нийслэл хотод үргэлжлэн орсон бороо тэр дундаа үерийн улмаас 2023 оны долоодугаар сарын 07-ны өдөр БОАЖ-ын сайд А/253 тоот тушаал гаргасан. Иймд манай Байгаль Орчин Хэмжил Зүйн төв лабораториос гурван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, хэд хэдэн газарт ажиллалаа. Тухайлбал, Сэлбэ голын эхээс адаг хүртэл, Улиастайн гол, Дунд гол, Төв цэвэрлэх байгууламж гэх зэрэг 31 сорьцод шинжилгээ хийлээ. Харин нийслэл хотын хэмжээнд нийт 41 сорьцод шинжилгээ хийсэн юм. 10 сорьцыг Усны газрын харьяа Усны төв лабораторид шинжилсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад манай лабораторид хийсэн нийт 31 сорьцын,
- Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах бохир ус-2
- Үерийн далан-1
- Тогтоол ус-9
- Халиа-4
- Голын ус-15 байгаа.
Голын усны 15 сорьцын шинжилгээнд Аммоний азотын бохирдол 1,2-2,98 дахин давсан. Дунд голд Нитритийн азот 2,25, эрдэс фосфор 1,4 дахин давсан бохирдолтой байна. Бусад голууд дээр энэ хоёр үзүүлэлт даваагүй.
-Азот, нитрит гэх зэрэг мэргэжлийн нэр томьёог тайлбарлаж өгөхгүй юу?
-Азот нь дотроо аммонийн, нитритийн, нитратын гэх зэргээр тодорхойлогддог. Сорьцын шинжилгээ авсан газруудад амоны азот, нитритийн азотыг тодорхойлсон байгаа. Үүнийг үер болсонтой холбоотойгоор мөн нүхэн жорлонгоос болон бусад хүчин зүйлсээс болж үүсэх эрсдэлтэй тул шинжилсэн.
Энэ үзүүлэлт нь голын усны стандартаас буюу 0,50 байх ёстой стандартыг 1,2-2,98 дахин давсан гэсэн үзүүлэлт юм.
Түүнчлэн 30 сорьцод микробиологийн шинжилгээ хийсэн. Гэтэл тогтоол ус болон халианд дээр зарим төрлийн нянгууд илэрсэн. Тухайн үед нойтон, чийгтэй, лаг, шавар ихтэй байсан учраас хөрснөөс дээж аваагүй. Учир нь хөрсийг заавал байгалийн аргаар хатсаных нь дараа шинжилгээ авдаг учраас өнгөрөгч амралтын өдрүүдэд хөрснөөс шинжилгээ авсан. Одоогоор хөрсний шинжилгээгээр микробиологийн дүнгүүд маш нарийн тодорхой гарна.
-Уснаас хэзээ дээж авч, шинжилгээнд хамруулж эхлэв?
-Сайдын тушаал гарсан өдрөөс эхлэн гурван өдрийн турш сорьцоо цуглуулж, шинжилгээг хийж эхэлсэн.
-Шинжилгээний үр дүнгээс харахад зарим сорьцоос хүний биед сөрөг нөлөөтэй, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн гэх мэдээлэл байна?
-Манай лабораторид хийсэн шинжилгээгээр буюу голын усны дээжээс авсан шинжилгээгээр бүх голоос бус цөөхөн цэгээс нян илэрсэн. Харин Усны газрын хийсэн шинжилгээний үр дүнг бид төдийлөн хэлж мэдэхгүй, холбогдох хүмүүс нь мэдээлэл өгөх байх.
Мөн манай лабораторийн хийсэн шинжилгээний үр дүнд зарим төрлийн нянгууд тогтоол ус болон халиан дээр илэрсэн. Одоогоор хөрсний шинжилгээний үр дүнг хүлээж байна.
-Тэгэхээр голын ус болон тогтоол уснуудын хувьд шинжилгээний дүн өөр, өөр гарсан юм байна шүү дээ?
-Микробиологийн хувьд тогтоол усанд илүү их илэрсэн. Харин, Сэлбэ голын эхэнд, Ойн булаг, Гүүр гэх зэрэг голын усанд илрээгүй. Харин Шарга морьтын гүүрний тогтоол уснаас, Сэлбэ-Гоодойн гүүрний тогтоол ус, Сэлбэ-Салхитын тогтоол ус, Дамбадаржаа орчмын тогтоол ус, Баатархайрханы тогтоол уснаас илэрсэн. Түүнээс биш бүх уснаас нян бактери илрээгүй байгаа.
-Худгийн усанд шинжилгээ хийсэн үү. Энэ тал дээр мэдээлэл өгвөл?
-Үерийн дараа цахим орчноор худгийн ус болон крантны ус бохирдсон учраас ууж, хэрэглэж болохгүй гэх мэт мэдээлэл тархсан шүү дээ. Үүнд УСУГ-аас холбогдох мэдэгдлийг гаргасан байсан. Тодруулбал, "Ямар нэг асуудал байхгүй, хэрэглэж болно" гэсэн. Тиймээс худгийн усны талаар УСУГ-ын Усны төв лабораториос мэдээлэл авах нь зүйтэй.
Сануулахад, УСУГ-аас "2023 оны долоодугаар сарын 09-ний өдөр УСУГ-ын харьяа 11 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн гүн өрмийн 9 худгийн уснаас дээж авч шинжлүүлэхэд бохирдол илрээгүй" гэх мэдээллийг өгч байсан юм.
Мөн Үерийн усанд хийсэн шинжилгээний хариуг дэлгэрэнгүй харахыг хүсвэл,