Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Манай нам МАН-тай ардчиллын төлөө тэмцдэг байлаа. Нэг мэдсэн нам доторх Путинчүүд, насаар ялгаварладаг хөдөлгөөнтэй тэмцэх болчхож

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 21 секунд

Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар оруулж ирсэн нь парламентыг хоёр танхимтай болгож чадаагүйн "нөхвөрийг" хийж байгаа хэрэг-

-Туршлагатай улстөрчийн хувьд та ҮХӨ, түүнийг дагасан сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоог холимог хувилбартайгаар оруулж ирсэн. Яг үнэндээ сонгуулийн тогтолцоогоор УИХ-д хоёр өөр танхим байгуулж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Нэг хэсэг нь намын жагсаалтаар орж ирэх нь. Нөгөө хэсэг нь шууд тойргоор орж ирэх нь. Угтаа нэг танхимд гишүүд өөр өөр статустай орно гэдэг нь цаанаа парламентыг хоёр танхимтай болгож чадаагүйн "нөхвөрийг" хийж байгаа юм болов уу гэж би ойлгож байна.

-Зарим судлаачид жагсаалтаас сонгогдох гишүүдийг тойргийн гишүүд өөрсдийг нь дагаж орж ирсэн "бонус" гэж харна хэмээн тайлбарлаж байна шүү дээ?

-Нэг чухал зүйл бий. Миний түрүүний хэлдэг хоёр танхимтай болгочихсон бол нэг танхим нь мажоритар, нөгөө танхим нь пропорционалиар явчих байлаа. Гэтэл нэг танхим дээр ийм байдлаар оруулж ирсэн нь сонгогчдын хүнд өгсөн сонголтын цаана намд өгсөн сонголт хаягддаг учраас саналыг гээхгүй байх агуулгаар ийм өөрчлөлтийг хийсэн гэж тайлбарлаж байна. Үнэн хэрэгтээ Ардчилсан нам сонгуулиар 40 гаруй хувийн санал авчхаад байхад л УИХ-д МАН бараг 90 хувийн суудалтай болчхож байна.

Өөрөөр хэлбэл манай намд өгсөн сонгогчдын нийт саналын бараг 30 гаруй хувь нь хаягдчихаж байгаа байхгүй юу. Тиймээс ийм байдлыг залруулах гэсэн оролдлого юм байна гэж харж байна. Яг үнэндээ эрх баригчид төрийн эрх мэдлийн тэнцвэржилтийг бодсон бол шууд хоёр танхим руугаа л орох ёстой байсан.

-ҮХӨ нэрээр МАН дотоод хямралаасаа салж, гомдогчдоо нэмж оруулж ирэх бололцоогоо нээсэн-

-ҮХӨ-ийг хийхдээ УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар нэмэгдүүлсэн. Гишүүдийн тоо нэмэгдэх нь хэр зөв бэ?

- ҮХӨ, Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтүүд дээр хараад байхад манай нам МАН-ын цагаан хоолой болсон гэдэг үзэгдэл үнэхээр харагдсан. Жишээлбэл, эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог нэмж чадахгүй халгаад байсныг нь манай нам очиж хэлж байгаа юм. Зүй нь бол гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь хувааж идэх бялуугаа л томруулж байна гэсэн үг л дээ.

Яг үнэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр МАН өөрийнхөө дотоод хямралаа шийдсэн. Товчхондоо МАН сонгуульд ялбал бялуугаа хуваалцах "гомдогчдоо" нэмж оруулж ирэх бололцоогоо нээчихлээ шүү дээ. Уг нь нэг танхим дахь хүмүүсийн тоог ихэсгэх биш. Яг угтаа ард түмний хяналттай парламентыг бий болгох гэж байгаа бол 2 танхимтай болгох ёстой байсан. Хоёр танхимтай байх нь бие биенийгээ хянах хяналт сайжирч, тэнд авлига, хулгай гарахгүй байх боломж бүрддэг.

-Сонгууль дөхөхөөр улстөрчид жижиг намуудыг худалдаж авч, сонгуульд өрсөлддөг байдал үүсдэг болчихсон. Танай нам дотроос ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас авхуулаад хэдэн тэрбумаар нам худалдаж авч сонгуулийн бэлтгэлээ хангаж байна гэдэг асуудлууд яригдаж байна. Үүнд ямар байр суурьтай хандах вэ?

-Жижиг намуудыг худалдаж авдаг хандлага сүүлийн жилүүдэд илт мэдэгдсэн. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр гэнэтхэн нам байгуулж, нөгөөхийг нь УДШ бүртгээд авчихсан тохиолдол хүртэл бий. Гэтэл үүний цаана ашгийн хэрэгсэл болж байгаа хэлбэр юм билээ л дээ. Энэ мэт асуудал нь Ардчиллын хувьд "шившгийн" үйл явдал. Мэдээж үүнийг засах гэж оролдож байна. Энэ тусдаа асуудал.

Харин манай намын хагарлын тухайд өөрийнхөө нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд тэмцэл хийхгүй. Давшилт хийхгүй байдалтай байгаа Ардчилсан нам бол хагарахаас өөр аргагүй шүү дээ. Үнэхээр хагарлаас гарна гэвэл эхлээд хоорондоо нээлтэй ярилцаж учраа олох хэрэгтэй. Хамгийн гол нь үүргээ биелүүлж нийгмийн тэмцэлд гарах хэрэгтэй.

-Баатрынхаа тэмдгийг намынхаа туганд өлгөж өгсөн байхад л ХӨГШЧҮҮД ЗАЙЛ гээд байх юм-

-Та намынхаа анхдагчийн нэг. Түүгээрээ ч өөрөө бахархдаг байх. Өнгөрсөн 30 жилийн үйл явдлыг эргэж харахад та юунд хамгийн их харамсдаг вэ?

-Миний хамгийн их харамсдаг зүйл бол гудамжинд байгаа хүн бүр ардчилсан үзэлтэй байдаг. Засгийн эрх аваагүй байхдаа, эрх мэдэлд хүрээгүй байхдаа талбай дээр бүгд ардчилсан үзэлтэй байдаг. Мэдээж тэнд коммунистууд, Фашистууд ч байсан байна. Бүр нацистууд ч явж байсан байна. Тэр бүгдийг гудамжинд дуугарч байсан учраас ардчилсан үзэлтэй гэж "эндүүрч" байж. Гэтэл яг үнэндээ эрх мэдэл аваад, засгийн эрх аваад ирэхээр нөгөө ардчилсан үзэл нь их олон хүнд байхгүй байсан. Ардчилсан үзлийг бүр ойлгоочгүй байсан байна. Үнэ цэнийг нь мэддэг ч үгүй байж.

Манай намын үед эд засгийн эрх бариад л эхлэнгүүт өөрсдөө жагсаж, цуглаад явж байсан хүмүүс гэнэтхэн жагсаал цуглааныхаа эсрэг болж хувираад л. Өөрсдөө үг хэлэх эрх чөлөөний төлөө явж байсан хүмүүс бусдын эрхийг хязгаарлаад л. Сүүлийн үед нэг жигтэй зүйл ажиглагдах болсон нь манай нам дотор гажиг улс төрийн хандлага бий болж эхэлсэн.

МАН-тай бид ардчиллынхаа төлөө тэмцдэг байлаа. Нэг мэдсэн манай нам дотор "путинчүүдийн" бүхэл бүтэн арми байсан. Тэгэхээр Монгол дахь путлерүүдийн маш том арми байдаг байгаа (инээв). Тэр нь бүр хувь заяаны шоглоом гэлтэй ардчиллын анхны партизанууд тэнд хамрагдаж байгаа юм. Гайхмаар. Яагаад гайхаж байна вэ гэхээр 1990 онд Зөвлөлтийн клончлолоос чөлөөлөх гэж тэр партизанууд чинь уг нь тэмцсэн юм шүү дээ. Харийн түрэмгийллээс Монгол орноо чөлөөлөх гэж тэмцсэн нөгөө нөхдүүд чинь харин Путиныг тахин шүтэгчид болоод хувирсан байдаг байгаа. Монголд Путины үйл ажиллагааг дэмжээд салдаггүй. Энэ бол тун гажиг үзэгдэл болсон.

Хоёрдугаарт, гэнэтхэн зарим нэг залуучуудын зүгээс "хөгшчүүд зайл" гэдэг ганцхан хөтөлбөртэй бүлгүүд гараад ирсэн. Учрыг нь ч ойлгоогүй. Би тэнд зайлахгүй суугаад байгаа ч зүйл байхгүй л дээ. Уг нь нөгөөдүүлээ дэмжээд л... Хүмүүс санаж байгаа бол би О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрыг байлгаж байгаад одоо л та нар нэгд гээд л. Намд нь баатрынхаа тэмдгийг намынхаа туг дээр өлгөж өгч байсан шүү дээ. Гэтэл хөгшчүүд зайл гээд л байх. Үүнээс өөр хөтөлбөргүй байна гэдэг гайхмаар. Улс төр гэдэг чинь бодлого. Бодлого гэдэг чинь хөтөлбөр. Түүнээс биш улс төр гэдэг нас хоорондын тэмцэл биш. Насаар ялгаварлах үзэл бүр ч биш. Тэр тусам Ардчилсан нам насаар ялгаварлаж эхэлнэ гэдэг бол арьс өнгөөр ялгаварлаж буйтай адил учир яаж ардилсан үзэл байж чадах юм. МАН ч ингэж насаар ялгаварладаггүй.

Ингээд нэг мэдсэн нам доторх Путинчүүдтэйгээ тэмцэх ёстой болоод. Нам дотор насаар ялгаварладаг үйл ажиллагаатай тэмцэх болоод нөгөө МАН дээр чинь нэмээд манай нам дотор хоёр том хөдөлгөөн бидний эсрэг яваад эхэлсэн.

-Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг тамгаа дарж суусаар байгаад шинэ үеийнхэндээ боломж олгоогүй хугацаа алдсан гэж зарим хэсэг нь шүүмжилдэг юм билээ?

-Залуучууд анхдагчуудаа ад үздэг болсон явдал С.Эрдэнээс ч өмнө эхэлсэн. Бараг сүүлийн 8 жилийн өмнөөс л гарч эхэлсэн.

-Ардчилсан намын гишүүд Лу.Гантөмөрийг даргаараа сонгоод батламжилсан. Л.Гантөмөрийг намаа зангидаж, түүчээлж ажиллаж чадна гэж та боддог уу?

- Манай намын нэг онцлог бий. Манай намыг дарга удирдаж чаддаггүй. МАН-ыг дарга удирдаж чаддаг. Ардчилсан намд даргархаад л захиргаадаад байвал гишүүд эрх чөлөөг эрхэмлэдэг ардчилсан үзэлтэй учраас зөвхөн манлайллаар л удирддаг юм. Тиймээс Лу.Гантөмөрийг манлайлагч байж чадна гэдэгт би итгэж байна.

-Ардчилсан нам дотоод хагаралаасаа илүү нам шиг нам байж чадаагүйгээсээ нэр хүндээ алдсан-

-Ардчилсан нам лидергүй, дотоод эв нэгдэлгүй, сөрөг хүчин байж чаддаггүй зэрэг шүүмжлэл их бий. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Ардчилсан нам дахь улс төрийн клубүүдийн нэгдсэн зөвлөгөөний үеэр намын ЕНБД Ч.Өнөрбаярын хэлсэн үг өнөөдрийн бодит байдлыг шууд хэлчихлээ гэж харсан. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дутагдалд илэн далангүй хандаж, өөрсдийнхөө дутагдлыг нээлттэй ярилцаад нийгмийн хүсэн хүлээж байгаа тэр том өөрчлөлтийн төлөө явах цаг болсон гэдийг хэлсэн. Ардчилсан нам захиалгат шинжтэй болж, дотроо лидерүүдийн хомдсолд орж, нийгэмд сөрөг хүчний орон зай дутагдчихаад байхад энэ орон зайг сул хаяад байна гэсэн шүүмжийг хэлсэн.

1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш нэг маш чухал зүйлийг олж харлаа. Энэ тухайгаа ч хэлье гэж бодож байна. Засгийн эрх мэдлээ хуваалцаж эхэлснээс хойш Ардчиллын үнэт зүйл баттай биш болсон буюу гуйл нь цухуйж эхэлсэн л дээ. Энэ бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Жишээ нь өнөөдөр манай зарим нөхдүүд МАН-тай яг л дуу хоолойгоо нэгтгээд явж байна. Ч.Өнөрбаяр нэг чухал зүйлийг хөндөж хэлсэн. Ардын намын цагаан хоолой болчихлоо гэж. МАН-ын ард түмэнд хэлж чаддаггүй үгийг нь, хэлэхээс халгадаг үгийг нь манай нам гүйж очиж хэлээд, тэр улс төрийг нь дэмжээд явчихдаг. Энэ чинь ер нь ардчилсан үзэл бодлоо гээнэ, гээнэ гэхэд Ардын намын цагаан хоолой болтлоо гээнэ гэдэг бол их хүнд байдалд орчихсон байна гэсэн үг.

Тиймээс Ардчилсан нам дотоод хагаралаасаа нэр хүндээ алдахаас илүү Ардчилсан нам байж чадахгүй байгаагаас болж нэр хүндээ алдсан. Өөрөөр хэлбэл ард түмний хүсээд байгаа сөрөг хүчин байж чадахгүйгээсээ болоод тэр. МАН-ын цагаан хоолой болчихоор чинь ард түмэнд ямар хэрэгтэй юм. МАН урдаа Ардчилсан нам гэдэг нэг "цагаан хоолойтой" болж байгаа юм бол ард түмэнд Ардчилсан намыг дэмжих шалтгаан яг юу байгаа юм, тэгвэл. Хэрэв Ардчилсан нам МАН-ын дүү нам болчихож байгаа юм бол ахыг нь дүүгээр нь солих ямар шаардлагатай юм. Асуудал ингэж тавигдаад байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа

Орц, гарц хаагдсан байрнуудаас 526 иргэнийг гаргаж ажиллалаа
Орц, гарц хаагдсан байрнуудаас 526 иргэнийг гаргаж ажиллалаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.