Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд Тэтгэврийн даатгалын хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяртай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт боллоо. Хэлэлцүүлгийн явцад малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр таваас доошгүй жил хариуцна гэсэн заалт нэлээд шүүмжлэлтэй тулсан шүү дээ. Яагаад энэ заалтыг оруулах болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулахдаа бид 2015 онд баталж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр зорьсон.Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд малчдыг тусгай хөтөлбөрт хамруулах ёстой гэсэн гол зорилго оршиж буй юм. Энэ нь малчдыг албан журмын даатгуулагч болгох агуулгатай. Энэ агуулгаараа малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах нь зүйтэй буюу цаашдаа үүнийг баримталж явна гэсэн бодлогын баримт бичиг бий.
Энэ хуулийг хийхдээ бид бодлогын баримт бичиг дээрээ үндэслэж хийсэн. Яагаад заавал малчдыг онцгойлон дэмжээд байна вэ гэхээр өнөөдрийн байдлаар манай ажиллах хүчний 20 хувь нь малчид байна. Нийт 220 гаруй мянган малчид хөдөлмөрийн насных байна. Гэтэл эдгээр малчдын ердөө 25-30 хувь нь НДШ төлдөг. Үлдсэн нь шимтгэлээ төлж чаддаггүй учраас нийгмийн баталгаа алдагдаж байгаа нэг асуудал юм.
-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг дийлэнхдээ сайн дураар төлж байна. Албан журмаар төлөх нөхцөл бололцоо хэр байна гэж судалсан бэ?
Малчид яагаад нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна вэ гэж судлахад тэд нэгдүгээрт байнгын орлоготой байж чаддаггүй.Эрхэлж буй аж ахуйгаасаа хамаараад улирлын чанартай байдаг. Хоёрдугаарт, Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учраас үүнд малчид хамгийн их өртдөг. Сүүлийн жишээг харахад өнгөрсөн хавар Сүхбаатар аймагт их хэмжээний цас орж гамшгийн хэмжээнд хүрсний улмаас олон мянган мал хорогдсон. Үүгээр олон малчид хотоо харлуулсан. Тиймээс байгаль цаг ууртай холбоотой гэнэтийн эрсдэл тохиолдоход хамгийн түрүүнд өртөж байгаа нь малчид. Тиймээс эдгээр хүмүүсийн нийгмийн баталгаа хамгийн түрүүнд хангагдах ёстой. Эрсдэл нүүрлэхэд тухайн хүмүүс тэтгэвэр, тэтгэмжээ авдаг байх шаардлагатай.
Нийгмийн даатгал ганцхан тэтгэврийн асуудал биш. Ард нь тэтгэмж мөн яригддаг. Магадгүй малчин, саальчин ээж хүүхэд төрүүлэхээр бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг байх ёстой. Ийм учраас бид бодлогын хүрээнд малчдыг дэмжих хөтөлбөрт хамруулах асуудлыг бодлогод тусгасан байдаг учраас шинэчилсэн хуулийн төсөлд мөн тусгасан байгаа.
Малчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг өмнө нь 2020 онд хууль батлагдсанаар 2021-2022 онуудад хэрэгжүүлсэн байдаг. Энэ хууль нь малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ажлыг хэрэгжүүлсэн байгаа. Хоёр жилийн хугацаанд малчдыг НДШ-ээ нөхөн төлж болох хууль батлагдсан байдаг. Хуулийн хүрээнд 1995 оноос хойш 2020 он хүртэл төлөөгүй хугацааныхаа НДШ-ийг нөхөн төлж болох боломжийг нээж өгсөн. Ингэхэд 30 гаруй мянган малчин л хамрагдсан байдаг. Өнөөдөр дандаа тэтгэвэр тогтоолгох дөхсөн малчид л хамрагдсан байна. Залуу малчид хамрагдаагүй.
Өөр нэг тулгамдаж буй асуудал нь малчдын тоо цөөрч буй байдал. Ялангуяа эмэгтэй малчдын тоо эрс цөөрсөн. Дараа нь Монгол улс мал аж ахуйн салбарт нь эдийн засагтай шууд хутгаараа холбоотой байдаг учраас өнөөдөр бид байгаа малчдаа нийгмийн баталгаа гаргаж дэмжихгүй байх, мөн НДШ-ийг төлүүлээгүй байгаад байвал ирээдүйд халамжийн тэтгэвэр авагчид л бий болно. Халамжийн тэтгэврийг татвар төлөгчийн мөнгөнөөс л олгож байгаа. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 70 мянган төгрөгийг малчид төлж байгаа. Түүний 50 хувь болох 35 мянган төгрөгийг улсаас төлж, үлдсэн 50 хувийг малчид өөрсдөө төлнө гэсэн зохицуулалт байгаа.
Хэрвээ малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байвал өнөөдрийн ханшаар тооцоход сар бүхэн 88 мянган төгрөг төлөх шаардлагатай тулгарч байгаа юм. Тооцооллоор малчдын 5 жилийн шимтгэлийг төлөхөд 200 гаруй тэрбум төгрөгийн зарцуулахаар байгаа. Хэрэв үүнийг төлөхгүй байвал ирээдүйд улсын төсвөөс 11 их наяд төгрөгийн зардлыг халамжийн тэтгэврээр олгох эрсдэлтэй байна.
-Төрөөс хариуцах 50 хувийн хөнгөлөлтийг татвар төлөгчид л үүрнэ шүү дээ. Үүнд иргэд дургүй байна. Өөрөөр хэлбэл шударгаар татвараа төлөөд өөрсдөдөө хуримтлалын сан үүсгэх нь илүү оновчтой арга гэж үүзэж байна?
-Бүх малчдад хөнгөлөлт үзүүлэх гэж буй асуудал биш юм. Үүнийг журамлана. Нөгөө агуулгаараа хэрвээ малчин та шимтгэлээ төлвөл төр танд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн л санаа. Нэг ёсны даатгуулагчдыг идэвхжүүлж байна гэсэн үг. Харин тухайн малчин өөрөө даатгалд заавал хамрагдах шаардлагагүй гэж үзвэл төр тэдний өмнөөс хөнгөлөлт үзүүлэх албагүй юм.
Ярилцсанд баярлалаа