Улс төрд санаандгүй зүйл гэж байдаггүй. Улстөрчийн амнаас гарах үг “явган” төдий байвал тэр хүн улс төрд болоогүй байгаагийн илрэл. Ялангуяа галтай улс төрийн сэдвүүд дээр. Яг энэ агуулгатай нийцэх нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хонгоос Монголын улс төрийн тогоонд өрнөж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ордонд хийсэн уулзалтынхаа дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл, Эрдэнэт үйлдвэрүүдэд тойрч ажилласан. Түүнтэй хамт “Эрдэнэс Монгол”-ын захирал, Сангийн сайд Б.Жавхлан зэрэг уул уурхай, төсөв санхүүтэй холбоотой луугарууд том үйлдвэрүүдээ эргэсэн юм.
“Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу” гэх тодотголтой дарга нарын энэ томилолт зүгээр нэг “зуны зугаалга” байгаагүй нь ойлгомжтой. Энэ үеэрээ төрийн өмч хэрхэн хууль бусаар хувьчлагдаж байсан. Үүнээс болоод төр хэрхэн хохирсон талаар тодорхой баримтуудыг хэвлэлд мэдээлсэн. Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гэхэд л 2 их наяд орчмын хохирол яригдана гэсэн нь ихээхэн анхаарал татаж байлаа.
Тэгвэл түүний араас ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ү.Амарбат, Б.Солонго нар өчигдөр АТГ-т “Сахал” Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн явцыг хурдлуулахыг шаардсан шаардлага хүргүүлж, мэдээлэл хийв. Энэ бол дээр Дархан, Эрдэнэтэд өрнөсөн улс төрийн дараагийн шат юм. Өнгөрсөн долоо хоногт тавьсан суурь дээр өнөөдөр ажиллаж буй нь. Ирэх долоо хоногоос асуудлын өрнөл хэсэг явах байх.
Тэгвэл одоо санаадгүй үг гэж байдаггүй талаар хамтдаа эргэцүүлцгээе. Юун түрүүнд Хөгжлийн банкны өр ширээ төлөөд ойлголцох асуудал ЗГ-тай яригдаж, захиа занаа хүртэл бичиж байсан хоёр талын маргаан яагаад дахиад хурцдах болов гэдэг сонин. Яг тодорхой энэ, тэр гээд хэлэх боломжгүй байгаа ч гадны хөрөнгө оруулалттай холбоотой байж магадгүй гэх таамаг нэн түрүүнд төрж буй юм. Яагаад гэвэл Д.Амарбаясгалан дарга ч тэр, өчигдөр мэдээлэл хийсэн ЗГ-ын төлөөлөгчид ч гэсэн “Төрийн өмчтэй холбоотой энэ хэргийг шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид эдгээр үйлдвэрийн төслүүд рүү хөрөнгө оруулалт хийхгүй байна” гэдэг санааг цухуйлгав. Ирэх сард хөрөнгө оруулагчдыг татах зорилготой томоохон чуулган зохион байгуулах гэж байгаа. Засгийн газрын зүгээс үүнд ихээхэн ач холбогдол өгч буй. Гэтэл “Сахал”-ын тал хэд хоногийн өмнөөс эхлээд маргаантай байгаа үйлдвэрийн төслүүдийн талаар хэвлэлээр мэдээлэл цацаад эхэлсэн. Мэдээж “маргаантай” гэдэг сигнал авсан ямар ч гадны хөрөнгө оруулагч энэ төслүүд рүү орж ирэхээс татгалзана. Тиймээс асуудлын эхлэлийг “Сахал”-ынхан өөрсдөө тавьж, засгаас хариуг нь барьж байх магадлалтай.
Мөн Хөгжлийн банкны шүүх хурал шувтрах тийшээ хандсан тул хүлээгдэж байгаа “Эрдэнэт”-ийн шүүх хурлыг хурдлуулах гэсэн давхар санаа ч агуулагдаж байж мэднэ.
Эдгээрээс гадна улс төрийн хувьд нэг сонирхолтой сэжим байгаа нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан томилолтоор ажиллах үеэрээ хэлсэн улс төрийн ньюанстай үг юм. Тэрбээр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохой гэсэн гурван үйлдвэрийг класстер хэлбэрээр хөгжиж, үйл ажиллагаа явуулах боломжтойг мэдсэн хэсэг бүлэг этгээдүүд 2009 оноос эхлээд хувьчилж авах ажиллагаагаа эхлүүлсэн” гэв. Мөн үргэлжлүүлэн “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг тухайн үеийн төрийн өмчийн хороо, ҮХАА-н сайд Х.Баттулга нар 24 цагийн дотор маш хурдтай “Бейзмент”-д хувьчилсан. Гадны 10 аж ахуйн нэгжид хувьчилж авах санал тавьсан ч нэг хоногийн дотор ийм том үйлдвэрийг хувьчилж авах төслийг нэг ч компани шууд боловсруулж чадахгүй. Ингээд Хөтөлийн Цемент шохой үйлдвэрийг хувьчилснаар үйлдвэрийн дансаар дамжуулан Хөгжлийн банк, арилжааны банкнуудын мөнгийг угаах ажил эхэлсэн” гэв. ЗГХЭГ-ын дарга чухам энэ үгээрээ юу илэрхийлж, улс төрийн өнцөгийг хэн рүү чиглүүлэхийг зорьсон бэ.
Түүний хэлснээр 2009 онд эхэлсэн төмөрлөгийн үйлдвэрт нэмэлт хөрөнгө оруулах ажлыг тухайн үеийн Сангийн сайд хийсэн байх учиртай. Тухайн үед Сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байсан. Дараа нь Хөтөл, Дархан төмөрлөг хоёрыг хувьчлах ажил тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын үед хийгдэж байсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр шууд орж ирдэг учир нь ҮХАА-н сайдаар түүнийг ажиллаж байхад Төрийн өмчийн хороо тус яамны харьяа байсан. Үйлдвэр гэдэг агуулгаараа ч тус яамны мэдэх асуудал байв. Тиймээс Төрийн өмчийн хороо болон ҮХАА-н сайд Х.Баттулга нар “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг бусдад давуу байдал олгож хувьчилсан гэдэг агуулгыг Д.Амарбаясгалан хөндсөн хэрэг.
Тэгвэл энэ бүхнийг хөндөж яриад буй зорилго нь юу вэ гэдэг асуулт анхаарал татаж байгаа байх. Магадгүй класстер маягаар хөгжих боломжтой уг улсын үйлдвэрүүдийг хувьчилж авахад АН, МАН-гүй оролцсон гэдгийг илэрхийлсэн санаа. Ирээдүйд үүнтэй холбоотой АН, МАН-д өрнөх том “цэвэрлэгээний” учиг эхлэл байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрүүдийг хувьчилж авах ажлыг С.Баярын Засгийн газарт ажиллаж байсан С.Баярцогт, Х.Баттулга, Д.Бадамжунай нар эхлүүлээд дараа нь МАН-ын Д.Сугар, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар үргэлжлүүлээд эцэст нь Ж.Эрдэнэбат, М.Энхболд, тухайн үеийн Зам тээврийн сайд нарын гараар ороод төмөр зам, авто замын асуудлыг нь “Сахал”-ын талынханд нааштайгаар шийдэж өгөөд дууссан байх дүр зураг өнгөрснийг ажиглахад бууж байгаа юм.
Тиймээс ЗГХЭГ-ын даргын хэлсэн үг, гаргаж буй үйлдлүүд эцсийн дүндээ төрийн өмчийг эдгээр нам дамнасан ах нарын “хамтлаг” шударга бусаар шамшигдуулж авсан. Цаашлаад ирээдүйд дарж авах ёстой том дайсан Х.Баттулга руугаа чиглүүлсэн “галт бөмбөг”-ний оршил байв уу гэж хардахаар байна.
Ямартаа ч улс төрд санаандгүй үг, үйлдэл гэж хэзээ ч байдаггүй гэдгийг л дахин сануулъя. Үйл явц хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах буй за.
Г.Лхагвадорж