Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

77 настай дугуйчин Ш.Жамбал: Түгжрэлд саатахгүй ийм сайхан унаа байхад машинаар яах билээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 53 секунд

71 жилийн өмнө зургаан настай Ш.Жамбал хүүгийн нүдэнд унадаг дугуй гэх сүрхий чимээгүй дуутай, унаж явахад их л хурдан "унаа" тусчээ. Тэр ийн харснаас яг 9 жилийн дараа ажил хийж хураасан мөнгөөрөө өнөө нүдэнд тусаж, өдрийн бодол шөнийн зүүд болж байсан дугуйгаа авч байжээ. Түүний амьдрал унадаг дугуй гээчтэй ийн холбогдож байв. Өдгөө 77 настай Ш.Жамбал гуай дугуйн спортын олон улсын хэмжээний мастер. Түүнийг дугуйгаа унаж явах үед таарвал хэн ч 77 настай гэж харахгүй. Магадгүй дугуйн спортоос олж авсан хамгийн хүндтэй "шагнал" нь энэ болов уу гэлтэй. Уулзахаар товлосон цагаасаа түрүүлж ирээд "Ах нь дугуйгаа унаад л зуслангаасаа хүрээд ирлээ. Энэ хооронд юухан байх билээ. Сайхан унаа даа" хэмээсээр бид яриа дэлгэв.

-Анх өөрийн гэсэн дугуйтай болчихоод хөнжилдөө хийж унтах нь холгүй хайрлаж байлаа-

Ш.Жамбал гуай 1946 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн нэгэн. Тэрбээр хүүхэд ахуй цагаасаа Замчин нийгэмлэгт ажиллаж байгаад УБИС-ийг биеийн тамирын дасгалжуулагчаар сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Харин дугуйг анх олж "нөхөрлөсөн", спорт болгон хөгжүүлсэн түүний дурсамж тун ч сонирхолтой. Энэ талаараа тэрбээр ярихдаа "Орчин үед ч тэр хүүхдүүд багаасаа л унадаг дугуйг харж сонирхдог болсон байна шүү дээ. Би ч ялгаагүй. Хамгийн анх 1952 онд унадаг дугуй гэх унааг харж байлаа. Манай сумын дарга Даш гэдэг хүн байсан юм. Даш дарга нэг их чимээгүй, хоёр дугуйтай унаагаар их л хурдан ирж очоод байгааг анх харчихаад их сонирхож байлаа л даа. Хүүхэд юм хойно “Дугуйтай болчих юм сан” гэж их ч боддог байв. Гэхдээ боломж яаж байх билээ. Тэгээд 1961 оны зун долдугаар ангиа төгссөн жилээ ажил хийж авсан цалингаараа анхны унадаг дугуйгаа авсан юм. Тэгж л өөрийн гэсэн дугуйтай болж билээ.

Хүмүүсийн хэрэглэж байгаа унадаг дугуйг нь харж л “хорхойтож” явлаа шүү дээ. Яг өөрийн гэсэн унадаг дугуйтай болчихлоо гэж бодохоор их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Түүнийгээ арчина, өнгөлнө, гамтай эдэлнэ. Дугуйндаа бүх л зүйлээ зориулна. Бараг л хөнжилдөө хийж унтах холгүй хайрлаж байв. Нэг л орчихвол гарч чадахгүй спорт л доо. Сонирхлыг дээд цэгт нь татаж чаддаг унаа байгаа юм даа" гэв.

-1972 онд Улсын шигшээ багт орж, маш том хариуцлага ирж буйг мэдэрч байсан-

Тэгвэл та хэзээнээс спорт талаас нь сонирхох болсон юм бэ гэх асуултад "Багадаа дугуйгаа унаад явж байхад хажуугаар дугуйн спортоор хичээллэж байсан ах нар зөрж өнгөрөхөд нь дөрөө бусад юмс нь гялалзаад л, өмссөн хувцас нь хүртэл гоё харагдаад л. Хүүхэд байсан учраас бүх зүйл нь л гоё харагдаж, сонирхол татна шүү дээ. Тэр үед дугуйн спортоор хичээллэх боломжтой газар хаана байдаг юм гэж сурагласаар Замчин нийгэмлэгт очиж анхныхаа багштай танилцаж байлаа. Миний анхны багш бол Жагдагийн Цэрэндагва. Багш маань надад дугуйн спортоор хичээллэнэ гэдэг дан ганц ажил, гэр хооронд унаад уралдана гэсэн ойлголт биш. Тусдаа бэлтгэл хийж, цаг хугацаа зарцуулна гэдгийг хэлж зааж байсан. Ингэхдээ ганцхан дугуйн бэлтгэл хийхгүй. Гүйлт, кросс, бие бялдрын штанк өргөх зэрэг хавсарсан бэлтгэл хийдэг талаар ойлголттой болгож, дасгалжуулсан хүн юм.

1969 онд Алдар нийгэмлэгт өөрийн хүсэлтээ хүргүүлж байж дасгалжуулагч н.Баатар гэх хүнтэй танилцаж байв. Цэрэгт явж ирсэний дараахан Гавьяат багш Даржаатай танилцаж, улмаар 1972 онд Улсын шигшээ багт намайг авсан юм. Түүнээс хойш маш том хариуцлага хүлээх болсон. Улсынхаа нэрийн өмнөөс олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд орж байсан" хэмээн дурсав.

-Түгжрэлд саатахгүй ийм сайхан унаа байхад машинаар яах билээ-

-Та дугуйгаа унаад л гараад давхичихдаг хэрэг үү?

-Байнга дугуйгаа л унахыг боддог. Би өөрөө машин унах сонирхолгүй

-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нэлээн л их дугуй сольсон байх даа?

-Лав л 20-иод удаа сольсон байх шүү /инээв/...

Спорт болгон сонирхохын сацуу өдөр тутмын амьдралдаа дугуй гээчийг бараг л "машин" болгон хэрэглэдэг талаараа тэрбээр ийн ярьсан юм. "Түгжрэлд саатахгүй ийм сайхан унаа байхад машинаар яах билээ. Ямар ч замаар явчих боломжтой. Болж л өгвөл дугуйгаараа л жийдэг. Унадаг дугуй бол нэг төрлийн тээврийн хэрэгсэл шүү дээ. Энэ утгаараа миний үеийн маш олон хүмүүс дугуйгаараа ажил, амьдралаа зохицуулж байгаа хүмүүс их. Өөрөөр хэлбэл, жирийн үед өдөртөө 10-20 км замыг туулчихана шүү дээ. Хөдөөний иргэд мориороо ажил албаа гүйцэтгээд явдагтай адил хотынхон маань ч унадаг дугуйгаа унаад явж болно. Гэвч Улаанбаатарын нөхцөлд унадаг дугуйг унаад явах зориулалтын зам учир дутагдалтай. Гэхдээ явья гэсэн хүнд бол явчихаар зам байна л гэж хардаг" гэсэн юм.

-Үнэтэй ч гэлээ нэг худалдаад авчихсан байхад өөрт маш том хөрөнгө оруулалт болно-

Хүн ер нь сониуч амьтан. Дээр товчлон хүргэсэнчлэн анхны дугуйгаа авснаас хойш их л олон сольсон байх даа гэх асуултад маань хариулт өгөв. Тэрбээр "Хамгийн анх 1961 онд Германы Опел хар гэх дугуй авч байсан юм. Хүнээс хямдханаар худалдаж авч байсан юм. Дэлгүүрээс үнэтэй дугуй авах боломж маруухан шүү дээ. Түүнээс хойш 20-иод удаа сольсон байх аа. Энэ дугуй бол миний хамгийн сүүлд худалдаж авсан нь. Хүүхдүүд маань их дэмждэг. Гэр бүл дэмжиж байж л явна шүү дээ. Бас үнэтэй шүү дээ. Өмнө 300 төгрөгийн ажил хийгээд 150 төгрөгөөр нь хуучин хямдхан дугуй олж авья гэдэг цаг өнгөрсөн байна. Одоо нэг сая төгрөгийн ажил хийгээд түүнээсээ дугуй авчихая гэх боломж бараг л байхгүй. Хамгийн хямд дугуй 1 сая төгрөгөөс эхэлж байна шүү дээ. 30 сая төгрөгийн унадаг дугуй хүртэл байна. Энэ хэрээрээ дугуйн чанар ч нэмэгдэж байгаа. Гэхдээ нэг авчихсан байхад өөрт маш том хөрөнгө оруулалт болно" хэмээн ярьж байв.

-Би ач, зээ нартаа хоёр настайгаас нь дугуй авч өгдөг. Бүгд л дугуйн хорхойтнууд-

...Дугуйгаа унаад явж байхдаа байгалийн сайхныг харж, стресс бухимдал ч төрөхгүй. Нэг талын дасгал хөдөлгөөн учраас булчин шөрмөс ажиллаж, хөлс гараад ирэхээр өөрийгөө эрүүл хүн шүү дээ гэж мэдэрдэг" хэмээн ярих түүнээс үр хүүхдүүд төдийгүй дугуйн спортод хайртай олон хүүхэд, залуус үлгэр дууриалал авдаг. Гэр бүлийнхэн нь хоёр дугуйтай "машинаа" унаад гарахад нь "Болгоомжтой яваарай" гэх үгийг хамгийн их хэлдэг хэмээн тэрбээр яриад "Миний хүүхдүүд бүгд л ажил амьдралдаа унадаг дугуйг хэрэглэдэг. Багаасаа дугуй унаж сурсан. Ач, зээ нар ч ялгаагүй унадаг дугуйг их сонирхдог юм. Би ач, зээ нартаа хоёр настайгаас нь дугуй авч өгдөг. Бүгд л дугуйн хорхойтнууд. Дугуй унаад амжилт гаргахгүй ч өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг. Гэр бүлийнхэн маань маш их дэмждэг. Дугуйгаа унаад гарахад хамгийн их хэлдэг үг нь “Болгоомжтой яваарай” гэх үг. Унадаг дугуй бол эрх чөлөө юм даа" гэлээ.

Хамгийн сүүлд л гэхэд Ш.Жамбал гуай Богд уулыг тойрсон 100-аад километрийн аялалд оролцжээ. Тэнд оролцсон залуус бүгдээрээ л өөрт нь баяр хүргэж, үргэлж сайхан хандлага үзүүлдэг хэмээн ярьж байв.

-80 нас дөхөж яваа надад өөрт мэдэгдсэн өвчин зовлон байхгүй байна л даа. Энэ бол унадаг дугуй тогтмол хэрэглэсний ач тус-

Хагас цаг орчим үргэлжилсэн бидний ярилцлагын төгсгөлд тэрбээр хүүхэд залуусыг дугуйн спортыг сонирхох болсонд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлээд энэ спортын ач тусын талаар "Би 1965 оноос хойш унадаг дугуйтай найзалаж, нөхөрлөсөн гэж хэлж болно. Би дугуйн спортод үнэхээр “дурласан”. Нэгэнт ашиглаад эхэлсэн бол гарч чаддаггүй спорт. Автомашин бариад явбал бараг л суугаа ажилтай гэсэн үг шүү дээ. Харин унадаг дугуйг хэрэглэнэ гэдэг өөрөө дасгал хөдөлгөөнтэй явж байна гэсэн үг. Орчин үед дасгал хөдөлгөөн гэдэг зүйл маш чухал болсон байна шүү дээ. Энэ утгаараа унадаг дугуй унаад ирэхэд тэр чигээрээ дасгал хөдөлгөөн болж, өөрийн тань эрүүл мэнд бие махбодид эерэг үр дүнг авч ирнэ. 7 настайгаасаа хойш унадаг дугуйг хэрэглэж одоо 80 нас дөхөж явна. Өнөөдрийг хүртэл надад өөрт мэдэгдсэн өвчин зовлон байхгүй байна л даа. Энэ бол унадаг дугуйн тогтмол хэрэглэсний ач тус гэж харж байна" гэлээ.

-Та одоо хаачих вэ?

-Ах нь унадаг дугуйндаа сэлбэг авах санаатай. Нэг дэлгүүр орчихоод зуслан руугаа жийчихэнэ дээ...

Улаанбаатарт +31 хэм дулаан
Улаанбаатарт +31 хэм дулаан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.