Өнөөдрийг хүлээсэн багачууд хэд хоногийн өмнөөс догдолж эхэлсэн нь гарцаагүй. Өнөөдөр л тэд "дураараа" байх "эрхээ" утгаар нь ашиглах өдөр. Харин би хүн бүрээс "Хүүхдийн баяр" гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ гэж асуумаар байна. Ууттай бэлэг, өнгө алагласан тоглоомууд гэж хариулах хүн их байх нь лавтай. Юу үнэн. Энэ нь үнэн. Цаг үеэ дагаад уут дүүрэн бэлэг гэхээс илүүтэйгээр хүүхдэдээ хэрэгтэй, хөрөнгө оруулалт болохуйц "эрүүл" бэлгийг сонгох нь элбэг болсон. Сайшаалтай л зүйл.
Гэхдээ хүүхэд болсон хойно чихэр, жимс бодохгүй байна гэж бараг л байхгүй. Харин түүнийг нь хор гэж харах нь элбэг болсон. Мэдээж хэрэг хэт их сахар агуулсан бүтээгдэхүүн хүүхдийн бие махбодид хор болох нь бий. Гэхдээ "Огт идүүлэхгүй, идэж болохгүй" хэмээн хэт хориглох нь нэг талаараа туйлшрал ч байж болох юм. Тэгвэл баярын өдөр чихэр, жимс идэхийг хүсэж буй багачуудын энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Гарц нь маш энгийн. Хүүхдэдээ өгөх бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг сайн харж, тохирсон "тунтай" бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавих болсонтой холбоотойгоор худалдааны байгууллагууд аль болох эрүүл, сахар багатай амттан, чихэр жимсийг сонгон бэлгэндээ боох болсон билээ.
"Чихэр жимс идээд шүд нь өвдчихвөл яах билээ" гэж санаа зовж байж болох юм. Аливаа асуудалд урьдчилан сэргийлэх чухал гэдгийг бүү мартаарай. Хэрэв чихэр жимс өгчихлөө гэж санаа тань зовоод байгаа бол хүүхдийнхээ шүдийг сайтар угаалгаж, амны хөндийн ариун цэвэрт нь анхаарахад л шийдэгдчихээр асуудал. Өмнө хэлсэнчлэн хүүхэд л юм хойно хаа нэг чихэр, печень хааяа яах вэ дээ. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа нь тэдний эрхийг хамгаалж буй хэрэг. Тиймээс чихэр өгч баярлуулах биш өгснийхөө дараа эрүүл мэндийг нь хамгаалж хайрлаарай.
Эх үрсийн баярын мэнд. Хүүхэд бүр инээж байг
Б.Дашмаа