Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү түүхэн үе нь хоёр улс 1965 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш Францын төрийн тэргүүн Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Тэгвэл бид энэ удаад БНФУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын онцлох үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.
БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсыг "онцгой түншлэлтэй орон" хэмээн дотночилж, зочилсон
-Монгол Улсын гадаад харилцаа шинэ сэргэлтийн үедээ ирж буй энэ цагт Европын холбооны гол тоглогч улсуудын нэг БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь онцгой нэгэн үйл явдал болж буй. Айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ямар дэвшилтэд өөрчлөлтүүд гарна гэж дүгнэж байгаа вэ?
-Франц улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал түүхэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Учир нь Монгол Улс Франц улстай аль XIII зууны үеэс эхлэн бичиг солилцож, элч төлөөлөгч илгээж харилцаж байсан бол 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон энэ хугацаанд БНФУ-ын зүгээс төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаагүй.
Хоёрдугаарт, НҮБ-ын нөлөө бүхий гишүүн, Европын холбооны хоёр том улсын нэг. Бүр тодруулбал, 27 орноос эдийн засаг, улс төрийн хувьд ч тэргүүлэгч орны ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийж байна гэдэг бол Монгол Улсын гадаад бодлого, гуравдагч хөршийн бодлого цаашлаад олон улсын хэмжээнд эзэлж буй манай орны байр суурь, нэр хүндийг тодотгон илтгэж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Монгол Улсын төрийн айлчлалуудыг тодорхой үр дүнтэй, үр өгөөжтэй айлчлал болгох зарчмын шийдвэр хоёр жилийн өмнө гарсны дагуу энэ айлчлалууд явагдаж байгаа. Энэ утгаараа БНФУ-ын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд ярьсан зүйлсийг 18 заалт бүхий хамтарсан тунхаглалын түвшинд бататгаж, албажуулаад хоёр төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр нийтэлсэн.
Нэгдүгээрт, манай улс Франц улстай найрсаг, хамтын ажиллагааны түвшинтэй байгаа. Үүнийгээ шат ахиулж стратегийн түншлэл тогтооё гэдэг асуудлыг ярилцсан. Гэтэл БНФУ-ын төрийн тэргүүний хувьд харилцаагаа илүү бататгах сонирхолтойгоо илэрхийлж, онцгой түншлэлтэй байя гэдэг санал илэрхийлж хоёр орны тунхаглал дээр Монгол Франц улс онцтой түншлэлтэй орон гэсэн заалтыг оруулсан.
18 заалт бүхий тунхаглалаас дурдвал онцгой байдлын чиглэлд, нийгэм хамгааллын чиглэлд хэрэгжүүлдэг төслүүд бий. Эдгээрийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлье гэж тохирсон. Мөн "Ерөнхийлөгчийн тэтгэлэг-2100" төслийн хүрээнд оюутнуудыг харилцан солилцоогоор сургах, Монгол оюутнуудыг Франц улсад түлхүү сургах бодлогыг баримтлахаар тохиролцсон учраас боловсролын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлд тохиролцсон.
Одоогоор Засгийн газрын шугамаар жилд 10 оюутныг Франц улсад сургаж ирсэн бол цаашид мөн "Ерөнхийлөгчийн тэтгэлэг-2100" төслийн хүрээнд бакалаврын түвшний суралцагсдыг ч мөн сургахаар боллоо. Соёл урлагийн салбарт мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон. Тухайлбал, БНФУ-ын Нант хотод байдаг үндэсний музейд Чингисийн музейн үзвэрүүдээс тавьж, Монгол Улсыг таниулсан үзэсгэлэнг нээхээр төлөвлөөд байна. Үзэсгэлэнг "Чингис хаан ба Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв" гэсэн сэдвээр ирэх 10 дугаар сард дэлгэн танилцуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна эдийн засгийн чиглэлээр мөн хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэх цөмийн энергийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж уул уурхайн салбарт хамтарсан хайгуул, олборлолтыг хийхээр болсон байгаа. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх ажлын хүрээнд цэвэр эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж энэ салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа Францын Ерөнхийлөгч илэрхийлсэн.
Монгол Улс хиймэл дагуул хөөргөх чиглэлд Франц улстай хамтарч ажиллана
-Шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн чиглэлд ямар ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Төрийн айлчлалаар хийгдсэн нэг том тохиролцоо бол сансар судлалын чиглэлд Франц улстай хамтарч Монгол Улс үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг хийхээр тохиролцсон. НҮБ-ын Харилцаа холбооны байгууллага гэж байдаг. Монгол Улсад өөрийн гэсэн сансрын орон зай бий. Үүнийгээ бид өнөөдрийг хүртэл ашиглаж чадахгүй байгаа. Тухайн орон зайд хиймэл дагуулыг хөөргөснөөр харилцаа холбооны салбар харьцангуй сайжрах юм.
Монгол Улс далайд гарцгүй учраас хөрш хоёр орноор дамжиж далайн кабел руу холбогдож интернэттэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ салбараа бэхжүүлж сансрын интернэтийн холбоотой болсноор мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар улам сайжирна гэсэн хүлээлттэй байгаа.
Франц улс Европын холбооны нөлөө бүхий гишүүн орны хувьд Монгол Улсыг Европын холбооны хэмжээнд дэмжиж ажиллахаа илэрхийлж Европын холбооны гишүүн орнууд руу татваргүйгээр 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой GSP PLUS буюу хөнгөлөлтийн систем ажилладаг. Үүнийг үргэлжлүүлэн дэмжиж хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн Франц улс руу Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гаргахад GSP PLUS хөтөлбөр чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байгаа. Цаашлаад хөдөө аж ахуйн салбар, эрүүл мэндийн салбарт мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон.
Уран олборлолтын төслийг урагшлуулж, сэргээгдэх эрчим хүчийг төрөлжүүлэхэд хамтарч ажиллана
-Монгол Улс цөмийн станц барих, уран олборлож экспортлох ажилд хөрөнгө оруулалтын том саадтай тулгараад буй. Тэгвэл хоёр улсын тунхаглалд цөмийн энергийн чиглэлд хамтарч ажиллах нөхцөл хэрхэн тодорхой туссан байгаа вэ. 2030 он гэхэд дэлхийн ураны хэрэглээ 110 гаруй мянган тоннд хүрч нэмэгдэх бол үүнийг дагаад үнэ 2 дахин өснө гэж судлаачид тооцоолоод буй. Монгол Улсын тогтоогдсон нөөц дэлхийн нөөцийн 3-5 хувийг дангаараа бүрдүүлдэг гэдэг шүү дээ?
-Мэдээж энэ салбарт олон жилийн өмнөөс яриа хэлэлцээр явагдсан байдаг. Нэг талаас цэвэр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж харж болно. Уран олборлолт, хайгуул, цаашлаад экспортын чиглэлд таны хэлсэн шиг хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Франц улсын төрийн тэргүүний зүгээс хэлсэн асуудал нь ураны чиглэлээр хангалттай удаан ярилцлаа. Хоёр тал энэ чиглэлээр маш тодорхой зүйлүүдийг ярилцаж хэлэлцсэн.
Тухайлбал, Франц улсын зүгээс төрийн оролцоотой байгууллага үүнийг сонирхож байгаа. Тиймээс төслөө урагшлуулъя гэсэн хүсэлтээ тавьсан. Мөн манай зүгээс ч гэсэн олон жилийн турш ярилцсан уран олборлолтын асуудлыг нэг тийш шийдвэрлэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь зүйтэй юм гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа.
Нэг талаас энэ бол хоёр орны Засгийн газар хооронд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний асуудал. Тиймээс Засгийн газраас энэ чиглэлд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тухайн ажлыг эрчимжүүлэх талаар хоёр төрийн тэргүүний түвшинд асуудал яригдсан байгаа.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУНХАГЛАЛ: Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Франц улсын Засгийн газрын хамтарсан "Бадрах энержи ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана.
Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гэж гардаг. Үүн дотор нэг том хэсэгт нь хөрөнгө оруулалтын гэрээг харилцан ашигтай байдлаар тохиролцож хийх ажил багтсан гэж хэлж болно. Том зургаар нь авч үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргаж байгаа нэг санаачилга нь Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах. Ингэхдээ тухайн улстай бэлэг тэмдэг болсон харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байгаа.
Жишээ нь, Франц улс өөрөө цөмийн энерги, уран олборлолтын салбарт хайгуул, нөхөн сэргээлт хийхэд Европын холбооны стандартуудыг баримталж ажилладаг улс. Тиймээс энэ улстай хамгийн сайн чаддаг салбарын төслийнх нь талаар ярих бодлогын чиг баримжаа байсан. Энэ том бодлогын хүрээнд Франц улстай цөмийн энергийн салбар, хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцаж тохиролцсон учраас одооноос ажлууд хийгдэх ёстой. Төрийн айлчлал тухайн салбарын ажилд тодорхой түлхэц үзүүлнэ гэж харж байгаа.
Ерөнхийлөгч Э.Макрон айлчлалынхаа үеэр хэвлэлийнхэнд яриа өгөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ жил Франц улсад төрийн айлчлал хийхийг урьсан. Ерөнхийлөгч урилгыг нь хүлээн авсан байгаа. Тэгэхээр харилцан төрийн айлчлалын үр дүн бодит үр өгөөжөө өгөх байх гэдэгт найдаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд хоёр улс ямар байдлаар хамтран ажиллахаар болсон бэ?
-Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа их онцлог. Манай улсын хувьд Олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт гэж бий. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын конвенцын хүрээнд бидний хүлээсэн үүрэг байна. Мөн Парисын гэрээний үүрэг байна. Гол амлалт нь ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах ёстой. Үүнтэй холбогдуулан манай улс эрчим хүчний шилжилт рүү орох ёстой. Сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний систем рүү шилжих ёстой. Нөгөө талаас төрөлжүүлэх асуудал яригдаж байна. Усан цахилгаан станц. Нарны, цөмийн цахилгаан станц гэх мэт. Энэ салбарт хамтран ажиллахаар тохиролцож байгаа юм.
Цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ. Мөн төрөлжүүлдэг болно. Зөвхөн хоёр улсын бус гуравдагч хөрш орны эдийн засгийн сонирхол нэмэгдэнэ. Эндээс манай улсын олон тулгуурт бодлого, бие даасан гадаад бодлого үр дүнтэй хэрэгжинэ гэсэн үг.
-Агаарын дүүжин тээврийг байгуулах ажилд хөрөнгө оруулах, бүтээн байгуулах үйл явцад Франц улсын талаас туслахаа илэрхийлж байсан. Айлчлалын яриа хэлэлцээрийн үеэр энэ асуудлыг хэрхэн хөндөж, тусгасан бэ?
-Дүүжин тээврийн асуудал ГХЯ болон Улаанбаатар хотын захиргаа талаас ярилцсан байсан учраас үүнийг хоёр улсын төрийн тэргүүний хамтарсан тунхаглалд тохиролцоог хийсэн. Агаарын дүүжин тээврийг Франц улстай хамтарч хийснээр агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийн эсрэг, замын ачааллыг бууруулах, дизель түлшээр явж байгаа автобусны хэрэглээг бууруулах зэрэг олон давуу талууд бий болох юм. Мэдээж эхний ээлжид айлчлалын мөрөөр хийх ажилд тусгагдах учраас Хотын захиргаа энэ ажлыг хийх ёстой. Яаралтай эхлүүлж бодит үр дүнд хүрэх нь зүйтэй гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд, БНФУ-ын төрийн тэргүүн Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн айлчлал гадагшаа их эерэг харагдаж байгаа. Нэг талаасаа гайхшрал төрүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм том хоёр хөрш орны дунд Монгол Улс яаж тэнцвэртэй гадаад бодлого явуулж байна вэ гэдэг асуудал хүртэл яригдаж байна шүү дээ. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтэлж, мэдээлж байгаа зүйлүүдийг харсан ч сайн зүйл олон. Дээр нь аялал жуулчлалын талаас том цэг болох боломжтой юм байна гэсэн ойлголтыг бид өгч чадсан гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа