БЗС-гаас зээл авч суралцсан улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрс олон нийтэд ил болсноор иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй. Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд суралцахаар БЗС-гаас 33.5 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. 2005 онд буюу 18 жилийн өмнө МУИС-ын Хууль зүйн сургуулийн шилдэг төгсөгчдийг Австралид суралцуулахад сонгогдсон 10 хүний 1 нь миний эхнэр. Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан.
Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй.
Сайд давуу боломжоо ашиглаж эхнэртээ зээл авч өгсөн, чөлөөлүүлсэн мэтээр бүхэл бүтэн 18 жилийн ялгаатай цаг хугацааг хольж, хутгаж сошиал сүлжээгээр явуулж байгаа нь улстөрийн зорилготой үйлдэл болж хувирлаа.
Тиймээс эхнэр маань БЗС-ын журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна.
Бид БЗС-ын асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй.
БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ын хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ" гэжээ.