Ар гэрийнхнээ амьд гэсэн итгэл найдвар тээсэн тэр л харц, нурж сүйдсэн эсвэл буцаж ороход хэтэрхий эрсдэлтэй болсон барилга байшин, хэчнээн их тарчилсныг нь бодохоос гол гогдмоор цогцоснууд...хэмээн сарнисан цагаан дэвсгэр дээр тодоос тод хараар тамгалжээ.
Зураг дарсан болгон зурагчин болдоггүй. Харин зургийг амьдруулж чадсан нь зурагчин болдог биз. Гэрэл зургийн талбарт хөл тавьснаас хойш өдгөө найман жилийн нүүрийг үзэж буй гэрэл зурагчин Э.Ганзориг өнөөдөр нийслэл хотын төв талбайд Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр ажиллаж байхдаа буулгасан хором мөч бүрээ илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэв. Иймд үзэсгэлэнгээ нээж буй IToim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзоригтой хэсэг хором ярилцлаа.
-Та гэрэл зурагчнаар 8 жил ажиллажээ. Хаана, хаана ажиллаж байв?
-Найман жилийн хугацаанд гэрэл зурагчнаар ажиллаж байна. Үүний долоон жил нь IToim.mn сайтад ажилласан. Яг гэрэл зурагчнаар ажилласнаас хойшхи анхны үзэсгэлэн маань энэ.
-Турк Улсад өрнөсөн газар хөдлөлтийн дараах үеийн дүр зургийг үзүүлэх "Нуранги" үзэсгэлэнгээ өнөөдөр Төв талбайд дэлгэлээ шүү дээ. Яагаад заавал талбай дээр үзэсгэлэнгээ дэлгэхээр болов?
-Яахав галлерей ч юм уу өөр газар үзэсгэлэнгээ дэлгэж болох байсан л даа. Гэхдээ зөвхөн сонирхсон хүмүүс л зорьж очно. Яагаад талбай дээр үзэсгэлэнгээ гаргасан бэ гэхээр хүн бүр ирээд үзээд, сонирхох боломжтой. Гудамжаар явж байгаа хүмүүс, талбай дээр тоглож байгаа хүүхдүүд гээд бүгдэд нээлттэй. Тиймээс Д.Сүхбаатарын талбай дээр үзэсгэлэнгээ гаргасан.
-Үзэсгэлэнд хэчнээн зураг дэлгэгдэв. Турк улсад байх хугацаандаа дарсан онцлох зургууд нь уу?
-Нийт 66 зургаар үзэсгэлэнгээ гаргасан. Гэрэл зурагчин хүний хувьд бүх зураг, бүх хальс үнэ цэнтэй байдаг. Тийм ч учраас Турк руу хөдлөхөөс эхлээд эргэж ирэх үеийн бүхий л цаг мөч, хором бүрийг эхнээс нь дуустал харуулсан гэрэл зургууд байгаа.
-Үзэсгэлэнгээ яагаад "Нуранги" гэж нэрлэсэн юм бол?
-Энэ зурагнуудаас юу харагдаж байна.
-Нуранги харагдаж байна?
-Тиймээ. Тэгэхээр ингэж нэрлэлгүй яахав.
-Тэгвэл Турк улсад өнгөрүүлсэн хормых нь талаар яриагаа үргэлжлүүлье. Онцгой байдлын алба хаагчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл тус улсыг зорьсон шүү дээ. Яг Турк Улсад буухад ямар мэдрэмж төрж байв?
-Биднийг Монголоос хөөрөхөд Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр бидний сэтгэлзүйг маш сайн бэлдсэн. Түүнээс гадна бүгд хагас цэрэгжилтийн байдалд байсан учраас сэтгэлзүйн хувьд харьцангуй бэлтгэлтэй байсан.
Мэдээж хэрэг би өөрөө гэрэл зурагчин хүн. Тэр ч утгаараа тийм нөхцөл байдалд очиж байгаадаа талархсан. Учир нь аюултай нөхцөл байдлын голомтод очоод байх бас тухайн процессийг гэрэл зургийн хальсанд буулгаад байх завшаан тэр бүр тохиогоод байхгүй шүү дээ.
-Та нарыг очсоноос хойш газар хөдлөлт мэдрэгдсэн үү. Ер нь хэр их айдастай байсан бэ?
-Очсоноос хойш газар хөдлөлтийн чичирхийлэл байнга мэдрэгдэж байсан. Майхандаа унтаж байхад бас аврах ажиллагаа үргэлжилж байхад ч хүртэл чичирхийлсээр байсан. Гэхдээ аюулгүй газар байсан учраас тийм ч их айдастай байгаагүй ээ.
Яахав байшингийн нурангид аврах ажиллагаа үргэлжилж байхад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх нь тун эвгүй санагдаж байсан.
-Манай аврах ангийн алба хаагчид хэр сайн ажилласан гэж та харж байв?
-Маш сайн ажилласан. Бусад улс орны аврагчдыг бодвол улаан гараараа дайраад л голомт руу ордог байсан. Маш чадварлаг ажилласан гэж бодож байгаа.
-Та ч бас зарим үед нь тусалж байв уу?
-Мэдээж туслах үедээ тусална. Өөрийн чадах хэрээр л тус дэм болохыг хичээж байсан.
-Турк Улсад хэд хоногийн турш ажилласан бэ?
-10 хоногийн турш ажилласан.
-Яг тэр 10 хоногийг цөөн хэдэн үгээр тайлбарлавал юу гэж тайлбарлах вэ?
-Маш их зүйлийг ойлгуулж, ухааруулсан 10 хоног байсан. Их зүйл ч сурсан. Ер нь өлсөх үедээ өлсөнө, даарах үедээ даарна. Хүмүүсийг эсэн мэнд гаргасан бол баярлана гээд л бүхий л мэдрэмжийг мэдэрсэн өдрүүд өнгөрсөн дөө.
-Ярилцсанд баярлалаа.