Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Нарантуяа: Гар урлал бол хүний амьдралд хамгийн хэрэгтэй хобби. Тиймдээ ч би хоббигоо бизнес болгосон

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
19 минут 1 секунд

Нэг хэсэг мартагдаад байсан гар урлал өнөөдөр хэдийнээ арт болтлоо хөгжжээ. Өмсөх хувцас, үүрэх цүнх, тоглох тоглоомоос эхлээд хүний амьдралд хэрэгтэй бүхий л зүйлсийг гар урлалаар дамжуулан урлаж болох. Хос зүү, дэгээ зүү, зүймэл урлал гээд өөрийн мэдрэмжээ ил гаргаж, хэд хэдэн арга техникийг эвлүүлэн амьдралынхаа нэг хэсэг болгосон цаашлаад гарааны бизнес болтол нь хөгжүүлсэн нэгэн бүсгүйг энэ удаагийн ярилцлагын зочноор урин оролцууллаа.

Түүнийг Н.Нарантуяа гэдэг бөгөөд уншигч та бүхэн "Sunshine Art & Crafts shop"-ийн Хөөрхөн Нараа гэдгээр нь илүүтэй сайн таних биз ээ. Олон хүнд гар урлалын урлаг, түүний гайхамшиг, асар их нөөц боломжийн талаар зааж сургаж ирсэн түүний хувьд өдгөө өөрийн бизнесээ эхлээд хэдийнээ есөн жилийг ардаа орхижээ. Тэрбээр энэ хугацаанд туулж өнгөрүүлсэн бүхий л жаргал, зовлон, сургамжтай, сонирхолтой түүхүүдээ ийнхүү хуваалцсан юм.

-Таныг гар урлал сонирхдог хүүхэд залуус ялангуяа бүсгүйчүүд сайн танина. Гэхдээ таныг яг ямар мэргэжилтэй вэ, ямар хүн бэ гэдгийг төдийлөн мэддэггүй байх?

-Би эдийн засагч, математикч мэргэжилтэй. Дөрвөн хүүхдийн ээж, гар урлалд дэндүү их хайртай. Гэхдээ уран дархан ч гэдэг юм уу бусад төрлийн гар урлалыг төдийлөн мэддэггүй л дээ. Харин дэгээ зүү, хос зүүний сүлжмэл, зүймэл урлал зэрэг даавуун хүүхэлдэй урлах тун дуртай. Энэ чиглэлээ илүү хөгжүүлээд өөрийнхөө хоббиг бизнес болгосон хүн байгаа юм.

-Та өөрийнхөө үндсэн мэргэжлээр ажиллаж байсан уу?

-Огт ажиллах боломж гараагүй. Уг нь бол би их сайн оюутан байсан. 1-3 дугаар курсдээ ангийн дарга байсан, оюутны зөвлөлд байлаа, янз бүрийн тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Тэгээд л дөрөвдүгээр курстээ хүүхдээ гаргаад, хоёр жилийн чөлөө авсан. Гэхдээ дараа нь сургуулиа төгссөн л дөө. Яахав мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхол маш их байсан ч нэгэнт л ээж болчихсон учраас хүүхдүүдээ харахаас өөр сонголт үлдээгүй. Хүүхдүүдээ өөрийнхөө гараар өсгөнө гэдэг бол маш их аз жаргал л даа. Магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа хөөрхөн охид байвал гэр бүл төлөвлөлтийг заавал хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хэдий нэг талаасаа би үндсэн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй ч энэ мэргэжлийнхээ онцлогийг, онолыг дэлгүүрээ ажиллуулж байхдаа хэрэглэж байна.

Өмнө нь ийм сайхан мэргэжил эзэмшчихээд ажиллаж чадсангүй гээд харамсаад байдаг байсан юм. Гэтэл одоо багш нар маань ч гэсэн надаар маш их бахархдаг, оюутнууддаа яриа хийлгэе гэж холбогддог болохоор багш нартаа ч гэсэн үнэлэгдэх хэмжээнд ажиллаж байгаа юм байна гэж өөрөөрөө бахархдаг.

-Таны хувьд "Sunshine Art & Crafts shop"-ийг ажиллуулдаг шүү дээ. Магадгүй зарим хүмүүс таны богино бичлэгүүдийг үзсэн байх. Ер нь дэлгүүрээ нээгээд хир удаж байна даа?

-Бизнесээ анх эхлүүлээд, дэлгүүрээ нээгээд есөн жил болж байгаа юм байна. Анх дэлгүүрээ ийм том болно гэж төсөөлж ч байсангүй. Гэхдээ мөрөөдөл бол байсан.

Есөн жилийн өмнө яг энэ "Peace Mall"-д маш жижигхэн талбайг сарын 180 мянган төгрөгөөр түрээсэлж эхэлж бизнесээ эхэлж байсан юм. Тухайн үед 180 мянган төгрөг гэдэг бол маш их мөнгө шүү дээ. Яаж түрээсээ төлөх вэ, өдөрт дор хаяж 20 мянган төгрөгийн орлого олох ёстой юм байна гэж бодож байсан юм. Гэтэл хүмүүс анх бизнесээ эхэлж байхдаа хэтийн төлвөө тодорхойлдог шүү дээ минийх бол яг л өдөрт дор хаяж 20 мянган төгрөгийн борлуулалт хийж, гэртээ "сүү, атар талх авч очно" гэдэг л зорилготой байдаг байсан.

Тухайн үед надад нэмэлт орлого гэх зүйл байгаагүй. Байгаа мөнгөндөө л тааруулах гэж хичээдэг байлаа. Ганц орлого гэвэл хүүхдийн мөнгө л байсан. Хүүхдийнхээ мөнгөөр материалаа авч, хүүхдийн хувцас хийж зардаг. Байрны маань хүмүүс, ах дүү, хамаатан садан, танилын маань танил гээд дам дамжсан худалдан авагчид байдаг байсан юм.

Тэгээд л дэлгүүрээ ажиллуулаад хоёр жил болсныхоо дараа би ерөөсөө Япон явах ёстой юм байна гээд л зориг шулуудсан. Тэр үед их азтай байсан санагддаг юм. Японд ямар ч таньдаг хүн байхгүй, тэнд сурдаг байсан хүүхдээр замаа заалгаад л нэг улаан үүргэвчинд боорцог, цайгаа хийгээд л 10 хоноод ирж байсан юм. Буцаад ирэхэд маань миний үүргэвчинд "Daiso"-ийн хямдхан гар урлалын материал л хамт буцаж ирсэн. Гэхдээ миний мэдлэг бол контенер хэмжээнд хүрч, мөрөөдлөө босгоод ирж байсан юм. Тэр үеэс л хэл сурах ёстой юм байна, миний бизнес цаашаа хөгжих боломжтой юм байна гэдэг төсөөллийг бүрэн дүүрэн олоод л ирсэн.

Түүнээс гадна юу ухаарсан бэ гэхээр зүймэл урлалын үзэсгэлэнд очоод англиар ч ярьж чадахгүй байсан. Өөрийгөө ч танилцуулж чадахгүй байсан. Яг тэр үед миний дотор наймаалж гүйсэн байх. Тэгээд л ирээд хэл суръя гэж шулуудсан.

-Тэгвэл одоо юу мөрөөдөж байна?

-Би мөрөөдлөө бага багаар биелүүлээд л яваад байгаа юм. Өмнө нь гурван удаа Японд зүймэл урлалын сургалтад сууж байсан юм. Япон бүсгүйчүүдийн хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн тэр дундаа даавуун материалууд маш чанартай байдаг. Тиймээс Япон даавууг Монголдоо зарж борлуулах юмсан гэж мөрөөддөг байсан. Гэтэл одоо тэр мөрөөдөл маань хэдийнээ биелэлээ олчихсон байж байна. Одоо ч зарим томоохон компаниудтай гэрээ байгуулж ажиллах мөрөөдөл байна.

Бас хүүхэд байхаасаа л Япон хэл сурахыг хүсдэг байсан. Тиймээс одоо Япон хэлээ сайн сурмаар байна. Би 40 настайдаа анх англи хэл сурч байсан юм. Түүнээс гадна Орос хэлний суурь мэдлэгтэй, түүнийгээ сэргээе гэж хувь хүний хувьд мөрөөдөж байна. Мөн гар урлалын чиглэлээр ном гаргая гэж бодож байна. Ерөнхийдөө миний сурсан зүйлс миний амьдралд ингэж их хэрэг болсон учраас бусад хүмүүст ч гэсэн хэрэгтэй байх. Тиймээс хүмүүсийг гар урлалаар суралцаасай, үүнийг амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж мөрөөддөг дөө.

-Та яагаад гар урлалд дурлах болсон бэ. Хэдэн настайгаасаа эхлээд гар урлалаар бүтээл хийж эхлэв?

-Энэ бол миний ээж, аавын надад сургасан хүмүүжилтэй шууд холбоотой. Миний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн, юм их ховор ч байж. 10 жилийн сурагч байхад аав маань модоор ширээ, сандал гээд л ахуйн зүйлсээ хийдэг байсан. Харин ээж маань зогсоо зайгүй юм оёж, хувцас нэхээд сууж байдаг байсан. Одоо эрээн орос даавуу харахаар л хамгийн түрүүнд миний хүүхэд нас санаанд ордог юм.

Би айлын ганц охин. Доороо эрэгтэй дүүтэй, дээрээ ахтай. Тэд нартайгаа өдөржин тоглож, тоглож гэртээ орохоор ээж маань яг л юм оёод, нэхээд сууж байдаг байсан юм. Гэхдээ намайг нэг их дуудаж, хажуудаа суулгаад юм оёхыг заадаггүй байсан. Би өөрөө л очиж юу хийж байгааг нь асуухаар маш энгийн бөгөөд товчхон тайлбарлаад өгчихдөг байсан. Тэгээд л би яг долоон настай нэгдүгээр ангийн сурагч байхдаа анх зүү барьж бор формныхоо захыг нэхэж байлаа. Түүнээс хойш жижиг, жижиг зүйлсийг ихэвчлэн хийнэ. Тэгээд л тухайн үед хүүхэлдэйгээр тогломоор байсан ч хүүхэлдэй байдаггүй байсан юм. Тиймээс ор, хөнжлийн даавуугаар хүүхэлдэй хийгээд тоглодог байлаа. Одоо бодохоор өөрийнхөө дуртай зүйлийг бага наснаасаа эхэлж хийсэн болохоор одоо ч хүртэл үүндээ хайртай байдаг байх.
Харин ээж болоод л бүр их дурлаж байсан юм. Хамгийн том хүүхдээ 19 настайдаа, оюутан байхдаа гаргаж байлаа. Их сургуулиасаа чөлөө аваад хүүхдээ гаргасан. Түүнээс хойш 16 жилийн турш дөрвөн хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсэн. Энэ хугацаанд хүүхдүүддээ өөрийн гараар хувцас нэхэж өгч, монгол ээж нарын, эзэгтэй нарын өмнө тулгардаг бүхий л зүйлсийг амьдралынхаа турш туулж, мэдэрсэн.

-Таны хувьд хүүхдүүдэд амралтын өдрүүдээр хичээл ордог шүү дээ. Бас эрэгтэй хүмүүс ч харагдаж байдаг. Гэтэл нийгэмд гар урлал гэхээр л нөгөө л эмэгтэйчүүдийн, ээжүүдийн ажил гэж харах нь элбэг байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Мөн хүүхдийг багаас нь эхлээд гар урлалаар хичээллүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Мэдээж гар урлал сурахад нас, хүйс огт хамааралгүй. Яахав суралцаж буй сурагчдаас томчууд маань нэг их зураг даруулаад байдаггүй юм. Харин хүүхдүүд бол бүтээл урлах дуртай, нэг малгай оёлоо гэхэд дуустал нь суух тэсвэр тэвчээртэй, түүнийгээ дараа нь хараад өөрөөрөө бахархдаг. Найзууддаа ч гэсэн зааж, зөвлөдөг, уриалдаг.

Хүүхдийг багаас нь эхэлж гар урлалаар хичээллүүлснээр нэгдүгээрт сууж сурдаг хоёрдугаарт эдийн засгийн хэмнэлтийг ч ойлгодог болдгоороо давуу талтай. Мөн манай сургалтын онцлог нь нэг удаа төлбөрөө төлөөд бүтээлээ урлаж дуустал хэдэн ч удаа ирж болно. Хэдэн удаа ирэх нь тийм ч чухал биш.

Хүүхдүүдийн хувьд сурах арга барил янз бүр байдаг. Зарим нь хурдан байхад зарим нь удаан байдаг. Тиймээс хүүхдүүдийг яаж хөгжүүлэх боломж байна түүгээрээ хангая. Өнөөдөр гар урлал хүүхдүүдэд хэрэггүй байж болох ч ирээдүйд хэрэгтэй. Өөрийнхөө хийж байсан бүтээлийг харахад өөрөөрөө бахархах мэдрэмжийг авна.

Гар урлал гэдэг бол хүний амьдралд хэрэгтэй хобби гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

-Нэг хэсэг зүймэл урлал, гар урлал гэдэг зүйл мартагдсан байсан шүү дээ. Одоо л буцаад дэлгэрч байх шиг байна?

-Тийм шүү. Зах зээлийн шилжилтийн үе маш хэцүү цаг үе байсан. Тэр үед нэг айл 1-2 л хүүхэдтэй байдаг байсан. Гар урлал ч тухайн үед нэг хэсэг мартагдаж эхэлж байсан. Гэтэл улс орон хүн амынхаа тоог өсгөхөөр цалинтай ээж, алдарт эх ч гэдэг юм уу аль болох ээж нар руу илүү анхаарч эхэлсэн. Үүнээс үүдэн бүсгүйчүүд гэртээ хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ өөр хийж болох зүйл юу байна, онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж юу байна гэдэгт анхаарч эхэлсэн. Ингээд л одоо гар урлал гэдэг зүйл бүр "арт" болон хөгжиж, үнэлгээ нь нэмэгдсэнээр хүмүүс ч их сонирхох болсон. Нөгөөтэйгүүр ковидын үед ихэнх салбар уналтад орсон хэдий ч гар урлал хийж буй хүмүүсийн хувьд өсөлттэй байсан гэж хэлж болно.

Учир нь цар тахлын улмаас бүгд л гэртээ байсан учраас арт хийж байгаа хүмүүс, ялангуяа гаднын орны охидууд цахим орчноор хийсэн бүтээлийнхээ зураг бичлэгийг байнга цацаж, онлайнаар сурталжилж байсан. Түүнийг нь хүүхдүүд даган дуурайж, үлгэрлэл авч бүтээл урлаж эхэлсэн. Үүнийг нь эцэг эхчүүд сайн ажиглаж, хүүхдээрээ бахархаад, дэмжээд бүхий л материалаар нь хангаж өгдөг болчихсон байсан.

-Гарааны бизнесээ эхлээд хэдийнээ есөн жил өнгөрч. Энэ хугацаанд унаж, боссон үе бишгүй тохиолдсон байх?

-Байлгүй яахав. Яг үсрэлтийн цэг, уналтын цэг гэж байна. Үсрэлтийн цэгтээ маш олон зүйл хүсэж, тэмүүлж ирдэг байхгүй юу. Бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж буй тохиолдолд нэг хүнд таалагдсан бараа бүтээгдэхүүн авч ирэх үү нэлээдгүй хүнд таалагдах бараа авч ирэх үү гэдэг маш чухал. Яахав өөрийнхөө дуртай зүйлсийг авч ирээд алдаа дутагдал гарсан тохиолдол бий. Гэхдээ түүнийгээ нөхөхийн тулд маш хурдан хямдрал зарлах эсхүл түүнд тохиорсон сургалт явуулах гэх мэт аргыг ашиглаж, алдагдлаа нөхөж байсан удаа байдаг.

Мөн ковидын өмнөхөн нэг дор гурван салбар нээсэн. Гэвч цар тахлаас үүдээд бүгд хаалгаа барьсан. Тухайн үе бол яг сонин үе байсан шүү дээ. 2020 он шинэ эрин гээд л хүн бүр хөдөлж эхэлж байсан үе. Ирэх жилийнхээ прогнозыг гаргачихсан байсан үе. Гэхдээ энэ үе хэцүү байсан ч манай худалдан авагчид бэлтгэгдсэн гэхэд хилсдэхгүй байх.

-Тантай ярилцаж байх үед та их нээлттэй хүн шиг санагдлаа. Хүний амьдрал болсон хойно ухаарч ойлгосон зүйл бишгүй байгаа байх?

-Хүн эрүүл байх маш чухал юм билээ. Би дэлгүүрээ нээснээс хойш өдөрт дөнгөж 4-5 цаг унтдаг байсан. Өглөө эрт англи хэлний сургалтад сууна, өдөр ажлаа хийнэ, шөнө гэртээ харина гээд маш их ажлыг амжуулах гээд амралтыг хойш нь тавьдаг байсан юм. Тэгээд нэг хэсэг бие өвдсөн. Тэр үед л ажил амьдралаа зохицуулна гэдэг нь маш чухал юм байна гэдгийг ойлгосон.

Бие өвдсөн байхад үр, хүүхдүүдийнхээ буянаар эдгээд босоод ирсэн. Тиймээс одоо ажил, амьдралаа зохицуулаад 11 цагт ажилтай бол ажлынхаа цагт ирдэг орой 19 цагт тарах бол яг цагтаа тардаг. Яахав заримдаа өглөө эрт ирчихээд дуугаа сонсоод юмаа нэхээд сууж байдаг л даа. Өмнөх шигээ нэг зүйл эхэлсэн бол дуустал нь улайрахаа больсон.

-Танд өөр нууц авьяас бий юу?

-Би дуулж, бүжиглэх маш сонирхолтой ч дуулж чаддаггүй л дээ. Гэхдээ дууны дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлье бас дуу бичлэгийн студид очоод дуу бичүүлж үзье гэж бодоод байгаа юм. Бас комеди хийх гэж оролдож байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд гэртээ сууж байхад тохиолддог явдлуудыг хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг хүсдэг. Гэхдээ заавал зохиол бичдэг гэсэн. Тиймээс хүмүүсээс туршлага судалж байгаа.

-Таны амьдралынхаа туршид баримталж явсан зарчим юу вэ?

-Зүгээр сууж чаддаггүй төрлийн хүн л дээ би. Тиймээс залхуу байж болохгүй гэдэг дээр бат зогсдог. Яахав хүүхдүүд гар утсаа оролдож байна гээд эцэг эхчүүд бухимдаад байдаг. Гэхдээ миний хувьд хүүхэд хэрэгтэй зүйлээ олж, уншиж чадаж байвал гар утсаа ашиглах нь тийм ч буруу биш. Хагийн гол нь өөрөө өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.

Түүнээс гадна хэн нэгнийг дуурайж болохгүй гэж боддог. Хүн болгонд өгөгдсөн өгөгдөл өөр шүү дээ. Гэтэл хэн нэгнийг дуурайж болохгүй. Тухайн хүн юу чадна түүнийгээ л хийх хэрэгтэй. Би ч бас яг л өөрийнхөө хийж чадах зүйлийг олж, хийсээр ирсэн. Хамгийн гол нь өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх л хэрэгтэй. Тэр ч утгаараа манай улсын хувьд, иргэдийн хувьд зүгээр сууж болохгүй үе байхгүй юу. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй ч улс эх орноо ч мөн хөгжүүлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
 
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.