Нийслэл дахин нэг Кэмбриджийн хөтөлбөртэй сургуулиа өлгийдөн авлаа. 2020 оноос хойш Нийслэлийн ЕБС-ийн лаборатори 151 дүгээр сургуулийг Кэмбриджийн хөтөлбөртэй болгохоор УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар хичээсний эцэст өчигдөр буюу тавдугаар сарын 09-ний мягмар гарагт тус сургууль албан ёсны гэрчилгээгээ гардан авсан бөгөөд Нийслэлийн 151 дүгээр сургуулиас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Сонгинохайрхан дүүрэг, 151-р сургууль
Нийслэл хотын хэмжээнд Кэмбриджийн хөтөлбөртэй гурван ЕБС байсан бол өнөөдөр дахин нэгээр нэмэгдэж дөрөв болов. Кембриджийн хөтөлбөрийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо. Тэд Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment international Education” байгууллагатай хамтран ажиллах санаачлагыг 2020 оны наймдугаар сараас эхлүүлэн амжилттай холбоо тогтоож, хөтөлбөр авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сараас хоёр гишүүний 100 хувийн санхүүжилт, дэмжлэгээр багш нарыг чадавхжуулах шат шатны сургалтад тус сургуулийн багш нар хамрагджээ.
Нээлтийн ёслолыг нээж тус сургуулийн захирал П.Хувьзаяа үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр манай сургуульд маш тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Манай сургууль энэхүү хөтөлбөрөөр хичээллэх бэлтгэл ажлаа хангасан. Ирэх намраас эхлэн зургаадугаар ангид элсэн суралцах хүүхдүүдээ Кэмбриджийн хөтөлбөрөөр суралцуулна. Одоогоор тавдугаар ангийн сурагчдадаа Кэмбриджийн хөтөлбөрийг туршин явуулж байна. Мөн багш нараа сургагч багшаар бэлтгэсэн" гэлээ.
Харин үүний дараа УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах зүйлийг ярьсан юм.
Сургалтын тэгш боломжийг адилхан олгох ёстой гэсэн зорилгоор СХД-ийн 151-р сургуулийг Кэмбриджийн хөтөлбөртэй болголоо
"2010 онд Монгол Улсын Засгийн Газар Английн Засгийн газартай хамтран гурван сургуульд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2018 онд Нийслэлийн 30 сургуульд хэрэгжүүлнэ гэсэн боловч энэ ажил хэрэгжээгүй байдаг. Нийслэлийн Кэмбриджийн хөтөлбөртэй гурван сургуулийг төгссөн сурагчид дэлхийн их, дээд сургуулиас тэтгэлэг авч байна. Тэгэхээр хувийн сургуулиудад л зөвхөн кембриджийн хөтөлбөр хэрэгждэг бус СХД-т ч мөн тэгш боломжийг олгох ёстой гэсэн зорилгоор 2016 оноос хойш миний бие тасралтгүй ажилласан. 2020 оноос хойш УИХ-ын гишүүн Э.Батшугартай хамтран улс, нийслэл, дүүргийн нэг ч төсөв шаардахгүйгээр өөрсдийн санхүүжилтээр нийт 20 багшийг бэлтгэж, олон улсын сертификаттай болгосон. Ингээд 3 жилийн хугацаанд Кэмбриджийн стандартад нийцүүлэхээр ажиллаж, нэг сарын өмнө эцсийн байдлаар Кембриджийн олон улсын төв 151-р сургуулийг хүлээн зөвшөөрлөө. Өнөөдөр тус сургууль албан ёсны Кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ авч байна. Одоо СХД-ийн Зүүнсалааны 151-р сургууль нь олон улсын хөтөлбөрөөр хичээллэж эхлэх боломжтой боллоо.
Мөн энэ ташрамд англи хэл бага ангиас нь эхлэн заахыг зөв, буруу гэхээс илүүтэй сонгогдсон тойргийнхоо нэг ч болов сургуулийг олон улсын хөтөлбөртэй болгоосой гэж улс төрчдөөсөө хүсэж байна" хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар,
Цаашид Монголын мянга, мянган хүүхдийг Кэмбриджийн хөтөлбөрөөр суралцуулахын тулд хичээж ажиллана
"Кэмбриджийн хөтөлбөртэй сургуулийг төгссөн сурагчдад олон улсад шууд элсэн суралцах боломж нээгдэнэ. Энэ бол боловсролын тэгш хүртээмжийг харуулж буй хэрэг. Цаашлаад монгол хүүхдүүдийг дэлхийн хүн болгох зам нээгдэнэ. Би өөрөө үүнийг мэдэрсэн. АНУ-д их сургуульд суралцсан. Эцсийн үр дүнд гэж хэлэхэд Монголчуудын баялаг газар доор байгаа алт, үнэт зүйл биш харин монгол хүүхдүүдийн, монгол хүний боловсрол юм. Хүүхдүүд бол монголын ирээдүй.
Түүнээс гадна энэхүү 151-р сургуулийг Кэмбриджийн хөтөлбөртэй болгоход Н.Учрал сайд бид хоёр өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. Цаашид монголын мянга, мянган хүүхдийг Кембриджийн хөтөлбөрөөр суралцах боломжийг бий болгохыг хүсэж байна. Үүний төлөө зуун хувь хичээж ажиллана" гэсэн юм.
151-р сургуулийн 20 багш хэдийнээ Кэмбриджийн хөтөлбөрийг хэрхэн явуулах талаар сургалтад хамрагдаж, эл өдөр сертификатаа гардан авав.
Нээлтийн ёслол ийнхүү үргэлжлэх зуур тус сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн номер үзүүлж, эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч, хүндэт зочиддоо бэлэг барилаа. Энэ үеэр бид тус сургуулийн 11б ангийн сурагч О.Чиндоржтой хэсэг хором ярилцсан юм.
Доод ангийн дүү нар маань олон улсын хөтөлбөрөөр суралцаж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргана гэж итгэж байна
"Сэтгэгдэл их өндөр байна. Бидний доод үеийн хүүхдүүд маань Кэмбриджийн хөтөлбөрөөр суралцаж, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд гаргах боломжийг нээж өгч байна гэж харж байна. Мөн дэлхийн хэмжээний мэдлэгтэй болж байгаад нь маш их баяртай байна. Түүнээс гадна эцэг эхчүүд маань ч үүнийг маш эерэгээр хүлээн авч байгаа" гэлээ.
Харин 11а ангийн сурагч Б.Нарангэрэл,
Кембриджийн хөтөлбөртэй болсноор маш олон давуу тал бий болно
"Кэмбриджийн хөтөлбөртэй болсноор маш олон давуу тал бий болно гэж ойлгож байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсан гэх утгаараа олон улсын сургуулиудад элсэн суралцах боломж нээгдэнэ. Хөтөлбөр ирэх хичээлийн жил буюу намраас эхэлнэ" гэв.
Мөн бид эцэг эхчүүдийн төлөөлөл тэр дундаа тус сургуулийн Эцэг эхийн зөвлөлийн дарга У.Сонжидмаагийн сэтгэгдлийг сонссон юм. Түүний хувьд,
"151-р сургуулийн шав тавихаас эхлээд хүүхдүүд маань суралцсан. Одоо Кэмбриджийн хөтөлбөртэй болж байгаад нь маш их баяртай байна. Мөн тусалж, дэмжсэн УИХ-ын гишүүд болон бусад хүмүүстээ маш их баярлалаа. Багш нарын маань ур чадвар, захирлын хүүхдүүдтэй харилцах харилцаа хандлага маш сайн. Тэр ч утгаараа эцэг эхчүүд ч хүүхдүүдээ дэмждэг.
Мөн сүүлийн үед хүүхдүүд цахим платформуудыг ашиглан англи хэл сайн сурч байна. Үүнтэй нь уялдуулж зургаадугаар ангиас нь эхлэн Кэмбриджийн хөтөлбөрөөр суралцуулах болсонд маш их баяртай байгаа. Түүнээс гадна хүүхдүүд маань ч их баярлаж байгаа" хэмээсэн юм.
Ийнхүү нээлтийн ёслол өндөрлөж, 151-р сургуулийн сурагчид өөрсдийн гараар бичсэн уран бичгийг УИХ-ын гишүүдэд гардуулан өглөө.
Улсын хэмжээнд 50 гаруй хувийн сургууль, гуравхан улсын сургууль Кэмбриджийн хөтөлбөртэй. Харин өчигдөр энэ тоо нэгээр нэмэгдэв.
Түүнээс гадна Монголын баялаг бол Монгол хүүхдүүдийн, монгол хүний боловсрол хэмээн УИХ-ын гишүүн Э.Батшугарын хэлсэн үнэн агаад шилдэг Монгол хүнийг төрүүлэхийн тулд олон улсын хөтөлбөрийг нэвтрүүлж, боловсролын тэгш хүртээмжид анхаарах нь зүйн хэрэг.
Тийм ч учир УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал УИХ-ын гишүүддээ тойргийнхоо сургуулиудыг олон улсын хөтөлбөртэй болгохыг уриалсан биз. Тиймээс цаашид хувийн, улсын гэх ялгааг арилгах тэгш хүртээмжтэй, тэгш боловсролтой монгол хүүхдийг бий болгоход бүхий л хүний оролцоо чухал юм.