Капитал банкны дампуурал гэх айхтар нэр зүүхэд хамгийн өндөр буюу 99.97 хувийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь “Надад “Капитал” банкны ямар ч хувьцаа байхгүй" хэмээгээд уснаас хуурай гарахыг оролдож байсан ч хохироосон дүнгээсээ хэд дахин багаар буюу 40 сая төгрөгөөр торгуулж байв. Асуудал үүгээр дуусахгүй түүний нөхөр болох "Капитал" банкны захирал А.Ариунболд болон хэд хэдэн удирдлагууд тэнсэн харгалзах ял төдийнхөөр "мултарсан". Бодит байдал дээр Капитал банкны "эзэд" болох Б.Ундармаа, А.Ариунболд нарын "гар дүрээгүй газар" байхгүй болохыг нээлттэй болсон мэдээлэл бидэнд батлан харуулж орхив.
-Дампуурсан “Капитал” банканд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байв-
Өмнөтгөл болгож "Капитал"-ын дампуурлын хохирлыг эргэн сануулья. 2019 онд Монголбанкнаас “Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банканд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй. Түүнчлэн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй” хэмээн үзэж улмаар татан буулгасан байдаг.
Тухайн үед Капитал банкны харилцагч 30 гаруй мянган иргэн 260 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд хохирогчдын 90 хувь нь хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй Капитал банканд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус тус энэ банканд байршиж байв.
-Хөгжлийн банкнаас 59 тэрбум төгрөгийн зээлийг шууд болон дамжуулан зээлээр авсан-
Хөгжлийн банкыг тойрохыг хүсээгүй бололтой. Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Б.Ундармаагийн хамаарал бүхий "Бишрэлт" группийн хамаарал бүхий зээлүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулсан бөгөөд нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг авсан байгаа юм.
Шууд зээлээр:
- "Монгол Мах экспо" ХХК 31.8 тэрбум төгрөг,
- "Монгол эм импекс концерн" ХХК 7.2 тэрбум төгрөг авсан
Арилжааны банкуудаар дамжуулан авсан зээлээр:
- "Юнико" ХХК 7.2 тэрбум төгрөг,
- "Мөнххаан трейд" ХХК 5 тэрбум төгрөг,
- "Нью Даниста Рөү энд Констракшн" ХХК 3.7 тэрбум төгрөг,
- "Каракум" ХХК 2 тэрбум төгрөг,
- "Ялгуун Интернэшнл" ХХК 1.9 тэрбум төгрөг авсан байна.
-МӨНХХААН 5 ТЭРБУМ: Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд банкаараа дамжуулан өөрийн компанид ХБ-наас зээл авч, зээлийн хувийн хэргийг устгасан уу-
Мэдээллийг тодруулья. Сонсголоор Капитал авсан зээлийнхээ баримтын хүртэл устгасан байж болзошгүй талаарх мэдээлэл ч ил болсон юм. Тодруулбал, Ноолуур төслийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь Гүйцэтгэх захирал А.Ариунболдынхоо хамаарал бүхий "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Капитал банкнаас Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй юм. Харин Хөгжлийн банк дахь тайлангаас шалгахад гүйлгээ хийсэн гэж гарч ирсэн аж. Өөрөөр хэлбэл, банкны хууль тогтоомжийг зөрчиж бичиг баримт устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал.
-ЮНИКО 7.2 ТЭРБУМ: Капитал банкаар дамжуулан ХБ-наас зээл авч, 1.8 тэрбумаар зээл төлж, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр гарган авсан-
УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарын хувьцаа эзэмшигчээр нь бүртгэлтэй байсан "Юнико" ХХК нь полипропилен хоолой үйлдвэрлэлийн төслийн хүрээнд Капитал банкаар дамжуулан 7.2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Ингэхдээ нийт санхүүжилтээс 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагдажээ. 3.6 тэрбум төгрөгийг дотоодын компаниудад шилжүүлж, зээл төлөлтөд 1.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна
-МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН 7.2 ТЭРБУМ: ХБ-наас авсан зээлийн 2.3 тэрбумаар Капитал банк дахь зээлээ хаасан-
"Монгол эм импекс концерн" ХХК хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх зорилго бүхий 7.2 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээлийн гэрээг Хөгжлийн банктай байгуулжээ. 2022 оны УИХ-ын ажлын хэсэг очиж шалгахад төсөлд дурдагдсан үйлдвэр баригдаагүй гэдгийг тогтоосон байдаг. Харин Хөгжлийн банкнаас авсан 7.2 тэрбум төгрөгөөс 4 орчим тэрбум төгрөгийг бусад барилгын санхүүжилтэд зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдсон аж. Түүнчлэн 2.3 тэрбум төгрөгөөр "Монгол эм импекс концерн" ХХК болон бусад хамаарал бүхий компанийн Капитал болон Хаан банк дахь зээлийг хаажээ.
Ташрамд дурьдахад, тус компанийн 90 хувийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Бишрэлт Групп" ХХК, иргэн Б.Болормаа 10 хувийг эзэмшдэг.
-ЯЛГУУН ИНТЕРНЭЙШНЛ 1.9 ТЭРБУМ: -874 сая төгрөгийн балансын өртэй дансаараа дамжуулж 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан-
Б.Ундармаагийн хамаарал бүхий Бишрэлт холдинг ХХК-ийн охин компани болох Барилгын материал үйлдвэрлэлийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ялгуун интернэшнл" ХХК 1.9 тэрбум төгрөгийн зээл Капитал банкаар дамжуулж авсан байдаг. Ингэхдээ тухайн компани -874 сая төгрөгийн балансын өртэй данс дээрээ зээлээ гаргуулж авсан байна. Тэгвэл "Ялгуун интернэшнл" ХХК дээрх 1.9 тэрбум төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай авсан бөгөөд "муу зээл"-ийн ангилалд орсон байдаг байна.
-ХААДС 7.5 САЯ ТӨГРӨГ: Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол мах экспо“ ХХК ХААДС-аас авсан зээлээ төлөөгүй-
Капиталаас эхэлж Хөгжлийн банкаар үргэлжлэв. Харин одоо ХААДС-аар үргэлжилнэ. Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөгдөөгүй зээлийн жагсаалтад УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Монгол мах экспо" ХХК 7.5 сая төгрөгийн зээл багтжээ.
Үүнээс харахад "Капитал" банкны гар хүрээгүй зээл, асуудал гэж алга байна. Хэдэн зуун тэрбумаас авахуулаад хэдэн сая төгрөгийг ч гололгүй зээлсэн байгаа юм. Харамсалтай нь зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа тул иргэд Капиталын эздийг зээлээ төлөхийг цахим орчинд шаардсаар байна.