УИХ-ын 54 дүгээр тогтоолын дагуу Засгийн газраас ҮХНӨ оруулах тухай хуулийн төслийг бэлтгэснээ өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх болон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа 50:50 гэсэн харьцааг баримтална гэж тусгаад буй. Дээрх агуулгад улс төрийн намууд эсрэг байр суурьтай хандаж байгаа юм. Тэгвэл бид энэ удаад улс төрийн сөрөг хүчин АН-ын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
"Ардчилсан нам зарчмаасаа ухраагүй. Сонгуулийн холимог системд 60:40 гэсэн харьцааг баримтлах хэвээрээ"
-ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барьчихлаа. АН-аас хоёр хоногийн өмнө хүний эрх, шүүхийн хараат бус байдал зэрэг үндсэн таван багц сэдвийн хүрээнд 18 санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байсан шүү дээ. Намуудын саналыг ҮХНӨ-ийн төсөлд тусгах боломжгүй гэдгийг Засгийн газраас мэдээлж байна. Танай нам үүнд ямар байр суурьтай хандах вэ?
-Яг өргөн баригдсан хуулийн төслийг бид хараагүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад энэ удаад тоо, тогтолцооны асуудлаа ярилц гэдэг чиглэл гарсан гэдэг мэдээлэл авсан.
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа 60:40 гэсэн харьцаагаар явуулах ёстой гэдэгт АН хатуу байр суурьтай зогсоно гэж илэрхийлж байсан. Энэ хэвээрээ юу. Сая өргөн барьсан хуулийн төсөлд 50:50 гэсэн харьцааг хэвээр нь хадгалж байна шүү дээ?
-Ардчилсан нам байр суурь дээрээ хатуу зогсоно. Бид ҮХНӨ-ийг баталлаа гэхэд холимог системд 60:40 харьцаатай байхаар байр сууриа илэрхийлсэн хэвээр байгаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тоог 152 байхуу, эсвэл 120-126 байх уу гэдэг асуудлыг эргэж хөндөнө. Манай намаас гаргаж байгаа санал бол одоогийн 76 тойргийг эвдэхгүйгээр суурь хэвээр нь байлгаж, түүнийгээ 60 хувьд гэж тооцвол үлдсэн 40 хувьд намын жагсаалтаар гэж үзвэл 50 орчим суудал оногдох байдлаар авч үзэх ёстой. Аль болох тойргийн нөлөөлөл нь олон байх тусам асуудал шийдэхэд илүү эерэг болох юм. Ялангуяа Засгийн газар байгуулагдахад хуваагдал их бага гэсэн байр суурийг л илэрхийлээд байгаа юм. Намуудын санал гээгдэхгүй байхын тулд 40 хувьд пропорционалийг нэмээд оруулах санал, байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан хуулийн хүрээнд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цаашид явах байх гэж бодож байна. Хэрэв УИХ-аас өргөн барьсан бол УИХ-ын түвшинд саналаа гаргаад явах байсан. Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг өргөн барьж байгаа агуулгыг ҮАБЗ-ийн саналыг хүндэтгээд өргөн барьсан гэж ойлгож байгаа. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд бид тооны наймаа хийгээгүй. Зарчмын хувьд саналаа хэлж байгаа гэсэн үг.
-Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд боловсруулж байгаа учраас улс төрийн намуудын хүргүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах боломжгүй байсан гэж тайлбарласан. Хэлэлцүүлгийн явцад тодорхой өөрчлөлтүүд оруулах боломжтой гэж харж байгаа юу?
-УИХ-ын 54 дүгээр тогтоолд тусгасан агуулга, чиглэлийн хүрээнд Засгийн газар хуулийн төслийг боловсруулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид саналаа дэмжүүлж байж л саналаа өгнө.
"УИХ 120-126 гишүүнтэй байх агуулгыг илэрхийлж, 152 байх саналыг дэмжихгүй"
-Эрх баригч нам олонхоороо ҮХНӨ-ийн төслийг Засгийн газраас оруулж ирснээр нь дэмжээд баталчихвал танай намаас илэрхийлж байгаа гишүүдийн тоог 152-оос бага байлгах санал талаар болох эрсдэлтэй шүү дээ. Хэрвээ гишүүдийн тоог 152 гэдгээр нь баталчихвал ямар эрсдэлүүд байна гэж харж байгаа вэ?
-Шуудхан хэлэхэд Засгийн газар байгуулахад хүндрэл үүснэ. Засгийн газар байгуулахад мажоритар, пропорциональ хоёр нь тэнцүү байвал маш хүнд нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа. Дэлхийн олон улс оронд энэ зүйл давтагдаж байгаа учраас мажоритар нь өөрөө хэн нь засаг байгуулахыг шийдэх юм. Пропорционалиар орж ирж байгаа хэсгийг сонгогчдын санал гээгдэхгүй байх агуулга л гэж харж байгаа. Үндэсний хэмжээнд сөрөг хүчин том байя гэсэн агуулга шүү дээ. Хэтэрхий цөөхөн байгаад нэг намын тогтолцоо руу шилжихээр ямар хэцүү байдаг гэдгийг зөндөө харлаа. Тиймээс асуудлаа шийдэх нь зөв. Гэхдээ хэтрүүлж шийдээд засаглах чадваргүй болох вий гэдэг нь л эмзэг асуудал. Харин парламент бол сайхан л бүрдэх байх.
Үүнээс гадна намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх үү. Хэнийх нь саналыг тэр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ нь өөрөө маш хүнд асуудал.
-Тэгэхээр УИХ болон Засгийн газрын хяналт тэнцлийг алдагдуулахгүй байхад тойргийн систем хамгийн чухал гэж үзэж байна уу?
-Засгийн газар УИХ-аас бүрдэх учраас бид 76 суурь дээр 40 хувийн пропорционалийг оруулах юм бол ямар ч байсан УИХ Засгийн газартаа хянагддаг хяналт байхгүй болно. Тиймээс үүнийг дэмжиж байгаа. Бид ямарч байсан холимог тогтолцоог дэмжинэ. Хэрвээ мажоритарын сууриа эвдэхгүй гэж байгаа бол пропорционалийнхаа тоо хэмжээг бууруулах ёстой. Ингэж байж олонхийн дэмжлэг авсан улс төрийн хүчин болох юм.
Хоёрдугаарт, өөрийн тань хэлсэн шиг Засгийн газрын УИХ-д үзүүлж байгаа нөлөө алга болох юм. Мөн мөнгөний сонгууль тодорхой хэмжээгээр саармагжих юм байна. Эцэст нь популистууд оршин тогтноход хүндрэлтэй болно. Тиймээс бид 76 тойргийг байнга шүтэх юм бол 76 хөтөлбөр хэрэгжүүлэх гэж Засгийн газар, УИХ эдийн засгийг туйлдуулж, өрөнд оруулаад дуусна шүү дээ. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар пропорциональ нь бага. Мажоритар нь илүү байвал олон зүйл шийдэгдэнэ. Хамгийн том шийдэл нь Монгол Улс өрнөөс гарах ёстой. Ирэх 4-8 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өр алга болох хэрэгтэй байна. Бид энэ цагаас хойш сунаж удаан хугацаанд өртэй амьдарч болохгүй гэдгийг л сануулж хэлмээр байна.
"Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг сонгуулиар дэмжиж гаргахгүй"
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулбал Ардчилсан нам пропорциональ хэлбэрээр сонгогдох нэр дэвшигчдээ ямар шалгуураар жагсаах вэ?
-Хэдэн зүйлээс бид холдмоор байгаа юм. Мөнгөний сонгуулиас холдмоор байна. Хулгай луйвраас салмаар байна. Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг нам дэмжиж гаргадаг байдлыг болиулмаар байна. Мөн УИХ-ын гишүүд 152 байх гэсэн тоо буурах ёстой. Яг үүгээр батлагдана гэвэл манай нам санал өгөхгүй. Ардчилсан нам заавал гишүүдийн тоог бууруулах шаардлага тавина.
-Та бүлгийн хурлынхаа үеэр ирэх намар сонгууль хийнэ гэсэн яриа байгаа учраас Ардчилсан нам болгоомжилж, хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргаж байна гэж хэлсэн. Гэтэл Ерөнхий сайд өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр сонгуулийг хугацаанд нь хийнэ гэж албан ёсоор хэлсэн байсан. АН яагаад үүнд болгоомжлох болов. Сургаар улс төрийн зарчмаасаа ухарсан гэж бодохгүй байна?
-Би хүмүүсийн болгоомжлолын тухай л ярьсан. Манай намын зарчмын байр суурь бол парламентын давжаа байдлыг засахын төлөө ҮХНӨ-ийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ хэтрүүлж болохгүй гэдэг байр сууриндаа л бат зогсож байгаа.
Ярилцсанд баярлалаа