Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “УИХ-ын гишүүдээс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүсийг шүүхийн зөвшөөрөлгүй 24 цагаар баривчилж байна гэдэг асуудлыг ярьсан. ШЕЗ, прокурорын байгууллагаас мэдээлэл цуглуулахад 2020-2023 онуудад жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан тохиолдол огт байхгүй байна. Бид баривчлах, саатуулах таслан сэргийлэх гэдэг асуудлаа ялгаж салгах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага 6 цаг хүртэлх хугацаагаар иргэнийг саатуулж хэн болох, ямар хаяг дээр амьдардаг, бичиг баримт хаана байгаа эсэхийг тодруулах процесс явуулдаг. Үүнийг баривчлах гэж хэлэхгүй.
Баривчлах гэдэг нь 24 цагаар баривчилж хэргийн нотлох баримтын устгуулахгүй байх, оргон зайлуулахгүй байх үйл ажиллагааг баривчлах гэж хэлнэ. Үүнээс илүү хугацаагаар бол заавал шүүх хурал болж цагдан хориг таслан сэргийлэх арга хэмжээг авна” гэв.