Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Худалдан авах ажиллагааны зарчимд нэг зүйл зөрж байна. Эм эмнэлгийн хэрэгсэлд хамгийн бага үнэ гэдэг зарчмаар явахаар хамгийн чанаргүй нь орж ирдэг. Яг ижил нэртэй, ижилхэн үйлчилгээтэй. Хоёр өөр үнэтэй. Хавдрын эмнэлэгт хийдэг химийн нэг тариа 60 мянган төгрөгийн үнэтэй. Улсын төсвөөр худалдаж авч байна. Тэр тариаг 2-3 тариулахад бүх биений үс унана. Хордлогын шинжүүд илэрнэ. Гэтэл өөр улсад энэ тариаг аваад тарихад тийм их хэмжээний хордлого өгөхгүй.
Чанартай эм аваач гэхээр хамгийн бага үнийн зарчмаар орж ирж байна. Илүү чанартайг нь авъя гэхээр үнэ нь бага байтал өндөр үнэтэйг нь авчихлаа гээд гомдол гаргаад шүүх цагдаа болдог гэсэн. Энэ зүйл нь эмийн асуудалд үйлчлэхгүй гэдгийг эмийн хуулинд тусгаж өгөхгүй бол болохгүй нь" гэлээ.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Эмийн чанарыг асуудлыг сүүлийн 10 гаруй жил Монголд ярьж байна. Тендер шалгаруулалтаар шалгарсан эмнүүд Монгол хүний биед тохирдог тохирдоггүй асуудал маргаантай байдаг. Хямд үнэтэйг нь сонгодог. Энэ нь чанар муу байдаг. Тиймээс цаашид авахгүй байх асуудлыг ЭМЯ-ынхан бүгд ярьдаг. Нөгөө талдаа тендер шалгаруулалт нь тухайн салбарынхаа хууль тогтоомжийн дагуу зах зээлд зарагдаж байгаа эмнүүдээс шаардлага хангасан гэж оруулж ирсэнээс хямдыг нь сонгож байгаа асуудал. Түүнээс шууд хямд үнэтэйг нь сонгодог асуудал байхгүй. Бид ЭМЯ-нд удаа дараа хандсан. Эмэнд тавигдах стандарт, үйлдвэрлэлд олгодог стандартаа эргэж харахгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Энэ бол цэвэр ЭМЯ-ны асуудал" гэлээ.