Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Социалист нийгмийн зардалтай, хүнд системийг ардчилсан цаг үед тээгээд яваа нь намуудыг авилгын үүр болоход хүргэж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
13 минут 2 секунд

Өнгөрөгч долоо хонгт Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тэгвэл тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн зүгээс улс төрийн намуудтай удаа дараа уулзалт хийж, санал авсан гэж байсан. Танай намын тухайд хууль боловсруулалтад ямар санал өгсөн бэ. Намын зүгээс өгсөн санал хуулийн төсөлд хэр тусгагдаж орж ирэв?

-Хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Хуулийн ажлын хэсэг Хүн нам дээр ирж, танилцуулгаа хийсэн. Бүх намуудаас албан ёсоор санал авсан. Хүн намын хувьд дөрвөн хуудас саналуудаа хүлээлгэн өгснөөс зарим нь туссан гэж харсан. Зарим саналыг нь УИХ дээр байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс оруулаад явах боломжтой гэх хариу авсан. Бидний зүгээс хэд хэдэн саналуудыг өгсөн. Нэгдүгээрт, хатуу гишүүнчлэлийн асуудал. Монгол Улс цөөн хүн амтай, том газар нутагтай. Тэгсэн хэрнээ бүх л аймаг, сум, дүүрэг, хорооны үүр бүхэн хаягтай. Хөдөө явж байхдаа ажиглавал, аль ч аймаг, сумдын төвд АН, МАН хоёр намынх нь байр өөд өөдөөсөө харж байрласан байх жишээтэй. Энэ нь өөрөө намын хатуу гишүүнчлэлийн асуудлыг бий болгоод байгаа юм. Монгол Улсад нэг ширхэг ч яам, төрийн байгууллага нь 330 сумд салбаргүй байхгүй юу. Хувийн компани ч энэ хэмжээний салбаргүй. Гэтэл энэ нь эргээгээд үр ашиггүй зардалтай. Намууд нь салбартай байна гэдэг нь өөрөө яагаад ийм үр ашиггүй системийг санхүүжүүлээд байна вэ гэх асуудлыг хөндөхөд хүргэж буй юм. Тиймээс энэ асуудлыг болих хэрэгтэй. Тухайлбал, намын хатуу гишүүнчлэлийн больё гэж лоозогночихоод бодит нөхцөл байдал дээр үүнийгээ үргэлжлүүлээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэнд байшин байвал хүмүүс цуглаад л өнөөх л хатуу гишүүнчлэл чинь яваад байна гэсэн үг шүү дээ.

-Хатуу гишүүнчлэлийн сөрөг тал нь?

-Хатуу гишүүнчлэл чинь өөрөө төр рүү ороод төрөө эвдээд байна. Хоёрдугаарт, хатуу гишүүнчлэлийг санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй болчихож байгаа юм. Гэтэл түүнийг нь санхүүжүүлэх мөнгийг нөгөө "Эрдэнэс Тавантолгой" ХК аль эсвэл нүүрс, Хөгжлийн банк гэх мэтээр төрийн өмчит компаниудасаа авилга, албан тушаалын байдлаараа мөнгө авдаг. Дараагаар нь тухайн мөнгөө улс төрийн сонгуулиа санхүүжүүлдэг ийм байдал харагдаж байна. Үүний суурь нөхцөл нь улс төрийн намын систем. Улс төрийн намуудыг буруутгаж байгаа зүйл биш. Гэхдээ социалист нийгэмд ашиглаж байсан зардалтай хүнд системийг ардчилсан нийгэмд тээгээд яваа нь өөрөө авилгын үүр болоход хүргэж байна. Нөгөө талдаа нам ил тод, шилэн байх ёстой. Бодлогын нам байх ёстой гэдэг зүйлийг бид маш их ярьдаг. Өөрсдөө ч үлгэрлэдэг. 2015 оноос Хүн нам бодлогын институц, үзэл санаан дээрээ нэгдэж байж үүсэж байсан. Манай намын гол цөм нь бодлогын нам байх явдал. Тиймээс бодлогоороо өрсөлддөг намууд байх хэрэгтэй.

-Танай намын тухайд гишүүнчлэлийн тал дээр ямар зохицуулалттай явдаг юм бэ?

-Дэмжигчдийн тухайд жинхэнэ болон дэмжигч гишүүн гэж ангилж байгаа. Хүн бүр өнөөдөр манай намын хатуу гишүүн байх шаардлагагүй. Татвараа төлдөг Хүн намын 1200 гишүүн байгаа. Эдгээр нь улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг. Бусад нь дэмжигч гишүүнээр 50-60 мянган хүн онлайнаар бүртгэлтэй, дэмжээд явдаг. Сүүлийн сонгуулиар Хүн намын тухайд 250 орчим мянган хүний санал авчихаад нийт иргэдийнхээ 20 хувиас санал авах байдлаар тэлээд л яваа. Гэхдээ бид улаан, цэнхэр гэдгээр хуваахгүй. Иргэд маань үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байг. Харин бид бодлогын сонголтыг нь өгдөг байя, бусад намуудтай бодлогоороо өрсөлддөг байя. Үүний тулд улс төрийн намын тухай хуульд саналаа өгсөн. Энэ маань хуульд тусаад явж байгаа. Мөн түүнчлэн эмэгтэйчүүд болон залуусын гэх мэт нийгмийн бүхий л төлөөлөл ордог байх улс төрийн институцууд хэрэгтэй. Үүгээрээ бид парламентийн засаглалаа бэхжүүлэх боломжтой. Засаглал бэхжсэнээр бидний ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол хангагдана.

-Одоогийн хуулиар улс төрийн нам байгуулах процесст нэлээн өндөр шаардлага тавьж бүртгэдэг хэрнээ цаашдын үйл ажиллагаа тал дээр хяналт тавилгүй орхидог гэх шүүмжлэлийг улс төрчид илэрхийлдэг шүү дээ. Энэ асуудалд таны хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Бүртгэлийн асуудал бүх л намуудын зовлон байдаг. Яагаад гэвэл шүүх нь хараат байдлаар ажилладагаас болж улс төрийн намын бүртгэлийг хойшлуулдаг, бүртгэдэггүй гээд олон асуудлууд гардаг. Хүн намын тухайд сүүлийн 4-5 жилийн хугацаанд мөн адил намын даргаа бүртгүүлэх хүсэлтээ өгөхөд 3-4 удаа буцаагдаж байсан. Дүрмээ батлуулахад бас хүндрэлтэй байдал байдаг. Яг үнэндээ бүртгэл болохоос ямар нэгэн шийдвэр биш шүү дээ. Тэгэхээр улс төрийн намын тухай хуульд бүртгэлийн асуудлыг УДШ шийддэг байя, харин түүнд хяналт тавих асуудал нь ҮХЦ дээр байдаг байя, ҮХЦ өөрөө улс төрөөс хамааралгүйгээр байя зэрэг саналуудыг оруулж өгч байгаа. ҮХНӨ-ийн хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцээд явах байх. АНУ-д цэцийн гишүүд нь бүх насаараа сонгогддог. Монгол Улсын ҮХЦ-ийн гишүүн зөвхөн нэг удаа сонгогддог, гэхдээ аль болох урт хугацаагаар сонгогддог байх саналыг бид тавьж байгаа. Тухайлбал, ардчилал, шударга ёс яагаад АНУ-д байна вэ гэхээр тэнд шүүгч нар нь насаараа сонгогддог. Хараат бус. Улсынхаа Ерөнхийлөгчийг урдаа авч ирж байгаад олон нийтийн өмнө асуудлыг нь ярьдаг байхгүй юу. Монгол Улсад ч ийм шаардлага байгаа. Тиймээс Үндсэн хуулийн цэц болон Дээд шүүхийн хараат бус байдлыг хангах замаар бүртгэлийг асуудлыг шийдвэрлэж болно. Харин улс төрийн намуудын соён гэгээрүүлэх , улс төрийн намын үйл ажиллагаагаа явуулах ажлыг СЕХ хийх хэрэгтэй. Ийм байдлаар саналаа өгчихсөн явж байгаа.

-Сонгогчдийн хоёр хувийн санал авсан намд төрөөс санхүүжилт авах зохицуулалт орж ирсэн байна лээ?

-2012-2016 оны сонгуульд 28 мандатад пропроционал системээр явсан байдаг. Одоо бид 50 хувийг нь пропроционал элементээр явуулах зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульдаа оруулаад явж байна. Ингэсэн тохиолдолд босгын асуудал гарч ирнэ. Өмнө бид таван хувийн босго тавьж ажиллаж байсан. Олон нийтийн таван хувийн санал авсан улс төрийн нам нь парламентийн нам байж болно гэж байсан. Одоо үүнийгээ хоёр хувь болгож байгаа юм. Учир нь улс төрийн намууд парламентад орж ирэх боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Хамгийн гол нь иргэдийн дунд улс төрийн намуудын нэр хүнд муу байгаа. Яагаад гэвэл нэг хүний ч нам байна. Зарим нь татан буулгая гэхээр гишүүд нь татгалзаад татан буулгадаггүй нам ч байна. 30 жил энэ байдлаар явсан цаасны намууд байна. Зарим улс төрийн намууд нь өөр хоорондоо учраа олохгүй, хоёр гурван даргатай болоод намаа булаацалдаад явдаг байдал ч байна шүү дээ. Тиймээс цаашид улс төрийн намыг төлөвшүүлэх, иргэд хүлээн зөвшөөрөх, иргэд өөрсдийнхөө үзэл бодол, хүсэл сонирхлоо элссэн улс төрийн намаараа дамжуулан төрөө барьдаг ардчилсан системийг бэхжүүлэхийн тулд улс төрийн намын төлөвшилд хоёр хувийн босго маш чухал.

-Таны хэлсэнчлэн улс төрийн намуудын төлөвшил чиглэлд тодорхой зохицуулалт чухал байна. Тэгвэл улс төрийн намууд гишүүд сонгогчдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын тухайд хэрхэн хариуцлагажих шаардлагатай гэж та харж байна вэ?

-Яалтчгүй пропорционал тогтолцооны өөрчлөлт мөн улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн үр дүнд маш том өөрчлөлт гарч байгаа. Гарна. Тэр нь юу вэ гэвэл намууд бодлогоороо өрсөлддөг болно. Намууд нь илүү оролцоог хангасан нэр дэвшигчдийг иргэдэд санал болгоно. Өмнө хамгийн их мөнгөтэй хүн нь намд ордог, гишүүн болдог байв. Цаашилбал улс төрд нөлөөтэй хүний хүүхэд хөл тавьж, шийдвэр гаргах түвшинд ажилладаг ийм л системээр 30 жил явж ирлээ шүү дээ. Гэтэл улс төрийн нам гэдэг чинь өөрөө тухайн бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлдэг, олуулаа шийдвэр гаргаж, түүнийгээ нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ийм ардчилсан нийгмийг бий болгоод явахад улс төрийн намуудын үүрэг оролцоо маш чухал. Онцгой чухал. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг хамгаалж буй бүтэц. Парламент өөрөө улс төрийн институциудын бодлогын мэтгэлцээний талбар. Түүнээс биш хувь хүний аль эсвэл популист улс төрчдийн ярьдаг хашгирдаг талбар биш. Тэгэхээр иргэд ганцаараа улс төр хийх үү аль эсвэл бие биенийгээ хүлээн зөвшөөрч хэсэг бүлгээрээ өөрсдийн сонирхлыг нэгтгээд дүрмээ тогтоогоод улс төр хийх үү гэдэг хоёр ялгаатай. Дүрмээ тогтоогоод, бие биенээ хүлээн зөвшөөрөөд багийн тоглолтоор ажилладаг энэ систем бол улс төр юм.

Эсрэгээрээ тэнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, олон нийтийн дүрэм журмыг дагаж чадахгүй, зөвхөн би л дарга болно гэдэг популист улс төрчид байгаа тохиолдолд доошоо л уруудсан замналтай байдаг. Улс төрийн нам ийм муу түүхээс өөрсдийгөө хязгаарладаг, дарангуйлагчийг төрүүлэхгүй байх, намын дотоод ардчиллаа хангасан байх тохиолдолд сэлгээ явж байдаг. Үр дүнд нь зөв бодлоготой, Засгийн газар нь намын дарга нь бодлогоо зарлаад чадахгүй бол ажлаа өгөөд явдаг. Тиймээс улс төрийн намын төлөвшил гэдэг бол маш чухал. Өнөөдөр зөв бодлого байхгүй учраас иргэдэд мөнгө, халамж амлаад байгаа юм. Одоо харин залуучууддаа, ирээдүйдээ илүү боломж олгож, улс төрийн институцуудээ илүү бэхжсэн байдлаар явуулах нь бидний өмнө байгаа шаардлага.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.