"Байртай юу, хайртай юу" гэх хөнгөхөн маазрал бидний дунд бий. Сайхан амьдрах зорилго тээсэн залуусын тэргүүн зорилтод орох орон байр, хөл дүүжлэх унаатай болох бодол багтана. Гэвч яаж ч зүтгээд өнөөдрийн үнийн өсөлт дунд гар дээр авч буй хэдэн бор төгрөгөөрөө орон сууцтай болчихоно гэвэл бараг л худлаа хэлсэн болно. Тэр байтугай зарим нь харь орныг зорихдоо "Байрны мөнгө хийгээд ирье" гэх нь ч бий. Тэгвэл орон сууцны үнэ ханш ямар байгаа талаар болон өнгөрсөн хугацаанд хэрхэн өсөлттэй явж ирсэн талаар бид сурвалжиллаа.
-Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая, хуучин орон сууцных 3.3 сая төгрөг-
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг зургаан дүүргээр харуулбал,
Тэгвэл хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байгаа юм.
-ШИНЭ БАЙР: 3 саяас 3.5 сая төгрөг болж нэмэгдэв-
Шинэ орон сууцны мкв үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 430 мянган төгрөгөөр нэмэгдэж, 3.5 саяд хүрээд байна. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойшхи өсөлтийн байдлыг ажиглавал дараах дүр зураг харагдаж байна.
-ХУУЧИН БАЙР: 2.9 саяас 3.3 сая төгрөгт хүрчээ-
Харин хуучин орон сууцны мкв үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 300 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж, 3.3 саяд хүрээд байна. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойшхи өсөлтийн байдлыг ажиглавал дараах дүр зураг харагдаж байна.
Тэгвэл залуус энэ тал дээр ямар байр суурийг илэрхийлэв?
-ИРГЭН: Арайхийн мөнгө олж байраа худалдаж аваад буцаан олголт авах гэтэл орлогоо нотло гэсэн. Иргэдэд байр авах хэмжээний хөрөнгө байх ёсгүй учраас нотлох ёстой гэж боддог бололтой-
Иргэн Х: Хүн бүр өндөр байгаа гэдэгтэй санал нийлэх байх. Мэдээж залуу хүн бүрт орох орон гэртэй болох хүсэл бий. Гэтэл бодит байдал дээр бидний бодож байгаа бодол биеллээ олох нь тийм ч дардан биш. Жишээлбэл, саяхан би орон сууцаа сонгосон. Орон сууцны урьдчилгаа хийхэд аав ээж болон өөрт байсан мөнгөө хуримтлуулаад босгосон. Гэтэл 71 сая төгрөгөөр мкв жижигтэй байр худалдан авч байна шүү дээ. Гэтэл энэ байрыг авахын тулд аав, ээж маань цалингийн зээл авч, өөрт байгаа мөнгөө шавхсан. Дараагаар нь орон сууцны буцаан олголт авах гээд хөөцөлдсөн. 7-8 сая төгрөгийн буцаан олголт авах боломжтой гэж бодсон. Гэтэл байр худалдаж авсан орлогын эх үүсвэрээ нотло гэсэн. Цалингийн зээл болон дансаар авсан гүйлгээг нотлох боломжтой. Харин хүнээс зээлсэн болон малаа зараад авсан мөнгө маань ямар ч нотлох баримтгүй болчихож байгаа юм. Нэг өрөө байр авах хэмжээнд мөнгөгүй байх ёстой гэдэг үндэслэлээр хөрөнгөө нотло гэдэг бололтой. Энэ асуудал надад маш сонин санагдсан. Найзын маань аав ээж өнгөрсөн жил л орон сууцны зээлээ төлж дууссан гэхийг сонссон. Насаараа төлөөд саяхан л байртай болсондоо баярлаж байна. Мөн чанартаа ийм зүйлд баярлаж байна гэдэг өнөөгийн нийгэм, эдийн засаг ард иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг харуулчихаж байгаа юм.
-Сард авч буй цалингаасаа хуримтлуулья гэхэд ойрын хэдэн жилдээ орон сууцны урьдчилгаа ч хийж чадахгүй бололтой-
Иргэн Б: Ялангуяа залуус бидний хувьд орон сууц, хөл дүүжлэх унаатай болохын тулд ажлын байран дээр хүч хөдөлмөрөө шавхан ажиллаж байгаа. Би л гэхэд их сургуулиа төгссөнөөсөө хойш 5-6 удаа нүүсэн. Түрээсийн орон сууц дамжсаны эцэст орон сууцтай болж, өөрийн байрны зээлэнд мөнгөө төлөөд явах нь зөв юм байна гэх бодолтой болсон. Гэтэл орон сууцны үнэ судалж эхэлсэн. Бодит байдал дээр сард авч буй цалингаа сарын зээлдээ төлөөд явья гэхэд хэцүү. Бараг л хоолгүй хэрнээ байрны зээлээ л төлөх хэмжээний юм байна гэж харсан. Ийм байхад залуус нь байр авахын төлөө хүртэл зорилго тавиад гадагш ажиллахаар явж буй нь аргагүй шүү дээ. Орон сууцны мкв үнэ улам л нэмэгдэж байна. Гэтэл бидний гар дээрээ авч буй цалин ямар билээ. Энэ байдлаараа өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй больё гэх зорилгодоо улам л итгэл алдарч байна. Ялангуяа өнөөгийн нийгэмд. Тиймээс магадгүй гадагш явж ажиллахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ орон сууцны үнийн өсөлт чиглэлд төрөөс тодорхой зохицуулалттай болгож, залуустаа дэмжлэг үзүүлээсэй гэж боддог.
-Г.Батзориг: Улс төрчдийн популист амлалт хүртэл орон сууцны үнэд нөлөөлдөг нь харамсалтай-
Эдийн засагч, судлаач Г.Батзоригтой орон сууцны үнийн өсөлтийн талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Зарим эдийн засагчдын зүгээс зах зээлийн зарчмаараа өсөж буй хэмээн тайлбарлах нь бий. Таны хувьд орон сууцны үнийн өсөлт түүний цаад шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Эрэлт, нийлүүлэлттэй холбон тайлбарлах нь бий. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрэлт тал дээр нэлээн их хэмжээний бэлэн мөнгө зах зээл дээр нэмэгдээд ирэхэд түүнийг хааш нь хийх вэ гэх асуудал гарч ирсэн. Нөгөө талдаа гадаад улсуудад ажиллаж амьдарч байсан иргэд Монголд орон сууц авч оршин суусан зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч богино хугацаанд байрны үнэ нэмэгдсэн. Мөн ковидтой холбоотой нийлүүлэлт талдаа өртгийг нэлээн нэмчихлээ шүү дээ. Богино хугацаанд бараг л 60-70 орчим хувиар өсчихлөө шүү дээ. Энэ үнэ цаашид буух уу гэдэг асуудал бидний өмнө гарч ирнэ.
Эрэлт, нийлүүлэлт талдаа барилгын өртөг буурч байна уу гэдгийг харж таарна. Барилгын өртөг буурвал орон сууцны үнэ ч дагаад буурах боломжтой.
-Барилгын өртөгт нөлөөлж буй хүчин зүйлс гэвэл?
-Нэгдүгээрт, барилгын салбарын ажилчид Хөдөлмөрийн шинэ хууль батлагдсанаас хойш уул уурхайн салбар руу шилжин ажиллах болсон. Энэ нь барилга дээр ажиллах хүн хүчний асуудал гарч ирж, улмаар цалингийн зардлыг нэмэгдүүлж буй хэрэг. Хоёрдугаарт, вальютын ханш сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй чангарч байна. Тэгэхээр энэ нь эргээгээд барилгын зардал тал дээр дахиад нэмэгдлийг бий болгоно. Гуравдугаарт, ложистикийн үнэ 10 дахин өссөн гэж байсан. Одоо буураад тээврийн зардал хэвэндээ орж байна.
Нэг талдаа барилгын өртгийг бууруулах хүчин зүйл байхгүй байгаагаас одоо байгаа үнэ дээрээ тогтохоос өөр сонголтгүй болж буй юм. Өөрөөр хэлбэл, шинэ баригдаж буй барилгууд өртөг өндөртэй баригдахаас өөр аргагүй гэсэн үг. Тэгэхээр шинэ орон сууцны хувьд үнэ буурна гэсэн ойлголт байхгүй болчихоод байна.
-Тэгвэл хуучин орон сууцны үнэ ханш, цаашдын төлөв чиглэлд?
-Хуучин орон сууцны хоёрдох зах зээл дээрх үнэ аажмаар буурах төлөвтэй байгаа. Энэ нь хэд хэдэн зүйлстэй холбоотой. Эдийн засаг хүнд, ашиг орлого бага байгаа энэ цаг үед үл хөдлөх хөрөнгийг худалдан авах боломжийг бууруулж байна. Эрэлт төдийлөн нэмэгдэхгүй. Энэ хэрээрээ хуучин орон сууцны борлуулалт тал дээр үнэ төдийлөн нэмэгдэхгүй, хөөсөрсөн үнэ хагарах төлөвтэй байгаа юм. Шинэ орон сууцны үнэ буухааргүй, хуучин орон сууцны тухайд аажмаар буурах төлөвтэй байгаа гэсэн үг.
Үнийг өдөөдөг хүчин зүйл бол сонгуультай холбоотойгоор төрөөс явуулж буй ипотекийн зээлийн хөтөлбөрүүд. Хөтөлбөр нь тогтвортой явна гэхээс илүүтэй сонгуулийн өмнөх жилүүдэд хөтөлбөрийн мөнгийг нь их тавьж, гол амлалтаа орон сууц чиглэлд өгдөг. Энэ нь эргээгээд орон сууцны үнэ буурахгүй байх хүлээлтийг барилгын компаниудад өгчихдөг.
Барилгын компаниуд нь сонгуулийн өмнө моргажийн эх үүсвэр гаргаж өгнө гэдэг байдлаар хандаад үнээ бууруулдаггүй. Энэ нөхцөл байдлыг харахад, гэнэтийн хүчин зүйлс орж ирэхийг үгүйсгэхгүй. Ороод ирвэл дахиад л хуучин орон сууцны үнэ хүртэл буурахаа больчихоно шүү дээ.
-Тэгвэл таны харж буйгаар орон сууцны үнэд улс төрчдийн популист амлалт хүртэл нөлөөлөөд байна гэж үү?
-Улаанбаатарын тухайд дэлхийн бусад хотуудтай харьцуулахад орон сууцны үнэ ярих нь нэг талаараа утгагүй болчихлоо л доо. Дэд бүтэц байхгүй, газар байхгүй нөхцөлд жил бүр баригдах ёстой барилгууд нь баригдахгүй байхаар байгаа хэдэн барилга дээрээ иргэд нь алалцаад байна шүү дээ. Эрэлт нийлүүлэлт ингэнэ гэж ярихаас илүүтэйгээр газар, дэд бүтэц, төрийн популист амлалт зэргээс шалтгаалж үнэ тогтоод байгаа нь харамсалтай.
-Улсын хэмжээнд жилд дунджаар 2 мянга орчим барилга шинээр ашиглалтад орж байна-
Улсын хэмжээнд жилд дунджаар 2 мянга орчим барилга ашиглалтад ордог байна. Энэ нь нийгэмд нийлүүлэлт өндөр байгааг илтгэнэ. Харин иргэдийн тухайд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас шалтгаалан байр худалдан авахаас илүүтэйгээр аль хямд басхүү төлбөрийн нөхцөл боломжийн түрээсийн байр хайх нь элбэг болжээ. Иймд зарим эдийн засагчдын зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулах, бүр үгүй хийх шаардлагатай гэдгийг хэлж буй бол заримынх нь зүгээс барилгын өртөг чиглэлд тухайлсан арга хэмжээ авч, үнийн өсөлттэй суурь асуудлаас нь эхэлж тэмцэх ёстой гэх байр суурийг илэрхийлж буй юм.