Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эцсийн цэг нь авлигатай тэмцэх улстөрчдийн хүсэл зориг руу тулж очоод байгаа юм“

Огноо
Унших
52 минут 27 секунд

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай хийсэн ярилцлага-

-Хоёулаа ярилцлагаа юунаас эхлэх вэ? Би асуултууд бэлтгээгүй. Хоёулаа шууд ярилцаад л явчихъя. АТГ анх байгуулагдсан цаг үеэс эхлэх үү? Ажлаа юунаас эхэлсэн бэ гэдэг асуултаар ч юм уу. Энэ ярилцлага нэлээд онцлогтой л доо. Яагаад гэхээр та бид хоёр АТГ-ын анхны ажилтнууд. Та мөрдөгч, би сэтгүүлч. Өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд дор бүрнээ хариуцсан чиг үүргээрээ тасралтгүй энэ байгууллагад ажиллаж байгаа. Юуны төлөө сэтгүүлч билээ дээ, авлигын гэмт хэргийг хамгийн олон жил тасралтгүй мөрдөн шалгаж байгаа Жаргалбаатар комиссартай ярилцах нь санамсаргүй хэрэг мэдээж биш. Гэхдээ энд тодорхой хэргийн талаар ярихгүй. Харин авлигатай тэмцэх тогтолцооны асуудлаар илүү төвлөрч яримаар байна. Одоо жишээ нь авлигын эсрэг хууль тогтоомж, эрх зүйн орчин ямар байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлж бас болох юм.

-Авлигатай тэмцэх хамгийн эхний алхам бол хийдэлгүй эрх зүйн орчин. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд хэрэгжүүлэх бололцоотой л байх ёстой. Гэтэл өнөөдөр мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан. Гэрчийг дуудан ирүүлэх ч эрхгүй болсон. Иргэд олон нийт АТГ ажлаа хий гээд шаардаж байгаа биз. Гэтэл мөрдөх байгууллагын эрхийг хязгаарлаад бие даан ажиллах боломжгүй болгож байгаа нь хууль тогтоогч нар авлигатай тэмцэх хүсэл сонирхол багатай байгаагийн илрэл гэж ойлгогддог.

2006 онд Авлигын эсрэг хууль батлагдаж, 12 дугаар сард нь АТГ-ын дарга томилогдсон. 2007 оны 2, 3 дугаар сараас албан хаагчид нь томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд АТГ үүсэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулах гэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд АТГ-ын мөрдөн шалгах харьяаллыг тогтоож өгөөгүй. Нийгэмд маш их хүлээлт үүссэн, иргэд хэргээ шалгаач ээ гэдэг шаардлага тавьж, гомдол мэдээлэл их хэмжээгээр ирүүлж байсан. Хууль батлагдаагүй байхад дур зоргоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байдаг, хууль батлагдаж хүчин төгөлдөр болох гэсээр 6 сарын хугацаа өнгөрсөн.

Судалгаагаар газрын харилцаа, мэргэжлийн хяналт, татвар, ашигт малтмал, хуулийн салбар дээр авлига их байна гэж тодорхойлсон. Улстөрчдийн хувьд манай улсад авлига байхгүй, олон улсын байгууллагын шахалт дарамтаас болоод цомхон байгууллага байгууллаа гэсэн тайлбар хийж байсан ч бодит нөхцөл байдал дээр авлигад өртөөгүй салбар байгаагүй нь судалгаагаар тодорхой болсон.

Авлига гэдэг зүйлийг хөгжүүлээд нүд чих дасчихсан, авлигаа байх ёстой зүйл гээд ойлгодог болчихсон байсан. Жишээ ярья. Эрүүл мэндийн салбар гэхэд авлигаа баярлалаа гээд нэрлэчихсэн. Аж ахуйн нэгж үйлдвэрийн газрууд, банкныхан нь 10 хувийг авлигад авах ёстой гээд ойлгочихсон, авдаг, энийгээ хувьдах гээд нэрлэчихсэн. Бөхчүүд нь спортын авлигаа найраа гээд нэрлээд хүлээн зөвшөөрчихсөн байсан. Энэ жишээнүүд хараад үзэхээр манай улсад авлигагүй салбар үлдээгүй байсан. Төрийн худалдан авах ажиллагаа нь эмх цэгцгүй, төрийн өмчийн хувьчлал нь илэрхий булхайтай.

Миний өмнө шалгаж байсан хэргүүдтэй харьцуулж үзэхээр хохирлын хэмжээ, оролцсон албан тушаалтнууд нь харьцуулшгүй том. Нэгэнт ийм эрсдэлтэй орон зайд ороод ирэхээр хүн хамгийн эхлээд өөрөө суралцах ёстой болсон. Тухайн үед манай мөрдөгчид ахисан түвшний хэд хэдэн сургалтад хамрагдсан, хамтдаа гадаад орчноо судалж харилцан туршлагаа хуваалцаж бие биеэсээ суралцаж сайн туршлага хуримтлуулж чадсан.

Гэвч хуулийн хийдлээс үүдэн “зөвхөн төрийн албан хаагч хахууль авах” ойлголт эрүүгийн хуульд хуульчлагдсан, банкны буюу хувийн хэвшлийн албан тушаалтнууд хахууль авах гэмт хэргийн субъект болохгүй, хээл хахууль авах гэмт хэргийн шинжийг бичихдээ “хийх ёсгүй үйлдлээ хийсэн байх” шинжийг тогтоосон. Хийх ёстой үйлдлээ хийж авсан хахууль нь “шан харамж” болно. Шан харамжийн тухай ойлголтыг тусгай зөвшөөрөлтэй холбоотой гээд хязгаарлачихна, хийх ёстой үйлдлээ хийгээд хахууль авсан бол гэмт хэрэгт тооцохгүй (эмчлэх үүргээ гүйцэтгээд өвчтөнөөс хахууль авсан, олгох ёстой зөвшөөрлийг олгоод хахууль авсан нь хийх ёстой үйлдлээ хийсэнд тооцдог байв), албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргийн үндсэн шинжид “үлэмж хэмжээний хохирол” учруулсан байх шаардлага тавьсан. 5,4 сая төгрөгөөс доош хэмжээтэй хохирол учруулсан бол гэмт хэргийн шинжийг хангахгүй, үлэмж буюу 5,4 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан хэргүүд хөнгөн гэмт хэрэгт хамаарч 6 сарын, их хэмжээний хохиролтой хэргүүд хүндэвтэр ангилалд хамаарч 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг гэдэг агуулгаараа төрийн албан хаагчид хамаарахгүй (хуульд төрийн албан тушаалтан гээд бичсэн байдаг, гэтэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа, энэ улсад хамгийн их мөнгөн гүйлгээний эргэлттэй “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ, ИНЕГ нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын албан тушаалтан нь төрийн албан тушаалтан биш. Энэ жишээн дээр субъектийн хийдэл гарч ирж байгаа юм, чанаргүй бараа нийлүүлсэн хүмүүсийн нийлүүлсэн барааг зах зээлийн үнээр үнэлүүлж зөрүү өртгөөр хохирол тооцох, зарим гэмт хэргийн шинжийг давхардуулж хийдэл үүсгэнэ. Жишээ нь Эрүүгийн хуулийн 150 буюу завших гэмт хэрэг нь Эрх мэдлээ урвуулах гэмт хэргийн олон шинжүүдтэй давхацдаг. Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд би завшсан юм аа гэсэн хүмүүс гарч ирээд хэргүүд өршөөгдөж байсан. Хуулийн хийдлээс үүдэн хариуцлага хүлээгээгүй ял завшиж чадсан олон хүн байгаа. Муу нэр нь Авлигатай тэмцэх газарт үлдэнэ. Хэрэг хуучирдаггүй гэсэн уламжлалт ойлголттой ард түмний хувьд шударга ёс, авлигатай тэмцэх байгууллагад итгэх итгэл буураад эхэлсэн.

Туршлагатай удирдлага, ур чадвартай мөрдөгч нар маань тухайн цаг үедээ томоохонд тооцогдох Монголбанкны ерөнхийлөгч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэж чадсан ч төрийн албаны улс төрөөс ангид байх баталгаа нь хангагдаагүйн улмаас шийдвэр гаргах түвшинд зарим хэргүүд нь цагаадсан, зарим албан тушаалтан өршөөл, уучлалд хамрагдсан. Энэ бол улстөрчид авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байгааг баталсан бас нэгэн баримт.

Дахиад жишээ ярья. Эрүүгийн хуулиас хахууль өгсөн хүн хэргээ илчлэх, мэдээлэх юм бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт хүчингүй болсон, Эрүүгийн хуулийн 272-т албан үүрэгтээ хайнга хандах зүйл яасан нь мэдэгдэхгүй, хүчингүй болоогүйгээр алга болчихсон, 2 жил тутамд Өршөөлийн хууль батлагдаж эхэлсэн. Албан тушаалтнууд илтэд хийдэлтэй хуулийн боловсронгуй болгох үүргээ биелүүлээгүй бөгөөд “ажил хийх хүнд арга нь олдоно” гэсэн буруу тайлбар нийгэмд түгээж эхэлсэн. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглээд дур зоргоор баривчлах, эрүүдэн шүүх зэргээр гажуудал үүсгэж хэлмэгдүүлэлт гарч байсан түүхэн сургамжаас улбаалан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдгийг мэддэггүй биш, бурууг өөрсдөөсөө зайлуулах улстөрчдийн хурган заль байсан.

Авлигын мөнгө нь зүй бус зүйлийг санхүүжүүлж байдаг учраас авлигын хэргийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцох шаардлагатай. Гэтэл манай улсад мөнгө угаах гэмт хэргийн талаар ойлголт байхгүй, ойлгохыг ч хүсээгүй. Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлж чадаагүй.

Хийдэлтэй эрх зүйн хэм хэмжээнүүдээ олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. 2012 оны реформ гэж нэрлээд байгаа эрх зүйн шинэчлэл нь олон улсын хэм хэмжээг даган дуурайх, хуулах хэлбэр лүү хэлбийсэн. Америкт “цагаан морь” гэж тодорхойлон ярьдаг бол Монголд “бор морь” гэсэн байх жишээтэй. Яг үүнтэй ижлээр өөрийн болгоогүй, Монгол хүний амьдрал аж ахуйд нийцээгүй хэлбэрээр хуульчилсан бөгөөд хийдэл өнөөдөр ч үргэлжлээд явна. Товчхондоо бол суурь судалгаагүй, хөрсийг нь бэлтгэхгүйгээр шууд орчуулж тавьсан хуулиуд нь хийдэлтэй болсон.

ХАЛДАШГҮЙ БАЙДАЛДАА ЭРДЭЭД АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙХ

-Энэ Өршөөлийн хууль нь 2009 онд батлагдсан хуулийг хэлж байна уу?

-2006, 2009, 2015 оны Өршөөлийн хууль. Энэ хуультай зэрэгцээд Татварын өршөөлийн хууль, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай гээд олон хууль батлагдсан. Энэ хуулиудын агуулга, зохицуулалт нь Монгол Улсыг ФАТФ-ын хар жагсаалтад оруулах үндэс болсон. Улстөрчдийн гаргаж байгаа үйлдлийг харахад сонгуулийн дөрвөн жилийн дараа хариуцлага хүлээнэ гэсэн эрсдэлээ тооцоод Өршөөлийн хууль батлаад байна уу гэсэн хардлага төрдөг.

2015 оны Өршөөлийн хуулийг нууц горимоор баталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах зохицуулалтыг шүүхэд өгсөн. Одоо хэрэгт холбогдсон нөхөд бүгд шахуу хил гараад зугтах боломжтой болжээ. Эргэж ирэхгүй шүү гээд байхад шүүгч нар зөвшөөрөл өгөөд явуулсан тохиолдол ч цөөнгүй байна. Шүүгч хариуцлага хүлээсэн үү гэвэл үгүй, шүүгч гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч гэх шиг. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим замхарсан. Гэрчээр мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, халдашгүй байдал тогтоолгож авсан субъектийн тоо олон болсон шүү.

Халдашгүй байдалдаа эрдээд авлигын гэмт хэрэг үйлддэг байх. Энгийн жишээ ярья. Баярын бичиг, сайдаас олгодог салбарын шагналуудыг 10 жилийн нөөцтэйгөөр өөрийн гарын үсгийн нэртэй хэвлүүлсэн байгаа юм. 10 жил гэхээр тэр хүн өөрийгөө сайд 10 жил тухайн салбарыг удирдана гэж тооцож байна уу, 10 жилд олгох ёстой шагналаар салбарын бүх алба хаагчдаа авлигадах гэсэн үү. Ямар ч байсан төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдаад байгаа. Магадгүй, тэр хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж болох ёстой юу, албан хаагчдын цалин урамшуулал болох ёстой юу, энэ мөнгө зүгээр л цаас болоод хэвлэгдэж байгаа юм. Энэ мөнгийг хэн хэвлэж байгаа вэ гэхээр сонгон шалгаруулалтын асуудал бас яригдана.

Хөөн хэлэлцэх хугацаа дээр шударга ёсны зарчим үйлчлэхгүй байгаа. Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг нийгмийн хор аюулаар нь, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан байвал тэр хүнд 10 жилийн хорих ял онооно. Гэтэл төсвөөс 50 сая төгрөг аваад завшсан даргад 5 жил л оноодог. Энэ хоёрын интервал яагаад ч шударга ёсны зарчимд нийцэхгүй. Ийм л зүй бус хандлага байсан, одоо ч байна.

Бид одоо аль түвшинд байна вэ, дараа нь ямар түвшинд очих вэ гэж төлөвлөөгүй, нэгдсэн бодлого алга. Сонгуульд ялсан намын лидерүүдийн бодлыг бодлого гэж андуурдаг. Эрх зүйн холимог тогтолцоог хөгжүүлнэ гэж баахан хууль боловсруулаад хөрөнгө зарна, Дараагийн засаг барьж байгаа хүмүүс нь үгүй ээ, уламжлалтаараа явна аа гээд өөрчлөлт хийнэ, урагшаа нэг алхаад, хойшоо нэг алхаад суурин дээрээ, хийдэлтэй зохицуулалт дээрээ эргэлдээд байгаа нь ерөөсөө л улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг байхгүй байгаагийн л илрэл.

-2017 оны Эрүүгийн хууль арай ахиц дэвшилттэй болж чадсан биз дээ?

-Шинэ эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. маш их хийдэлтэй хууль. Энэ бүх хийдлийг засъя, сайжруулъя гэхээр шинээр Эрүүгийн хууль боловсруулах шаардлага үүссэн. жилийн өмнөхөн баталсан хуулиа улстөрчид дахиад өөрчилж чадахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлого, гэмт хэргийн шинж гээд олон хийдэл байна. Дэвшил бас байгаа. Өнөөдөр хялбаршуулсан журам гэсэн дэвшлээс ямар ч тооцоо судалгаагүй ухарч байх жишээтэй.

Авлигатай амжилттай тэмцэж чадсан улс орнуудын туршлагыг харж байхад улс төрийн намын санхүүжилт, боловсон хүчний бодлогоо ил болгож чадсан, санхүүгийн систем нээлттэй байдаг. Тэгэхээр авлигатай тэмцэх ажлын гол хөшүүрэг нь улс төрийн хүсэл зориг. Энэ нь манайд урвуу хамааралтай яваад байгаа учраас сонгуулийн сурталчилгаанд явж байсан, төрд ажиллаж үзээгүй хүмүүс дарга болчихдог. Манай ардын зүйр үгэнд байдаг даа, элээсэн оймс гэж. Хийж үзээгүй ажлаа хийж үзнэ гэдэг бол төсөөллийн зүйл биш. Ороод сураад хийчихнэ гэж боддог шиг байгаа юм. Магадгүй хэн нэг улстөрч, эмч биш Эрүүл мэндийн сайд дээр очоод та надад судсаар тариа хийгээд өг, эсхүл мэс засал хийлгэе гэвэл, Барилгын салбар хариуцсан сайдаар барилга барилах гэвэл юу болох бол. Заавал мэргэжлийн байхыг шаардана. Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс нь бичих ёстой. Судлаачид, ажил гардан гүйцэтгэж байгаа төлөөлөлд суурилаад явах ёстой. Тухайн онол арга зүйг мэддэг хуульч сайд байхгүй бол эрүүгийн хууль ашиг сонирхол, хийдлээсээ салж чадахгүй.

Миний харж байгаагаар 2006 оныхоос авлигын нөхцөл байдал дээрдээгүй. Тэр үед гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байсан байж магадгүй. Одоо бол үлэмж их болсон. ЖДҮ, Хөгжлийн банк, одоо яригдаж байгаа Нүүрсний хэргийн хохирлыг харьцуулаад үзье л дээ. Маш ялгаатай. Нийгмийн хор аюул ихтэй хэргүүд үйлдэгдэж байна. Эд хөрөнгө хураах ялын үр нөлөөг ойлгохгүйдээ биш, эрсдэл гэж тооцоод албадлагын арга хэмжээ болгосон. Торгох ялын хэмжээ оновчтой тогтоож чадсангүй, энэ бүхэн чинь нийгэмд бухимдал үүсгээд байгаа байхгүй юу.

Эрүүгийн хуульд торгох ялыг оновчтой хэрэглэх ёстой. Улс орнууд янз бүрээр хэрэглэж байна. Япон улсад авлига, албан тушаалын гэмт хэрэгт торгуулийн ялыг хэрэглэдэг. Хятад улсад бүх эд хөрөнгийг нь хураагаад тэр хүнд тэгээс эхлэх боломжийг нь олгох жишээтэй.

Дараагийн асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг бусад хууль тогтоомжуудад давхар тусгаж өгсөн нь хийдэл үүсгээд байгаа. Хоёр хуулийн дундах зөрчилдөөн маргааныг бий болгоод хууль хэрэгжихгүй байх үндэс суурийг бүрдүүлж байна. Улстөрчид өөрсдийгөө үргэлж хамгаалж байх хүсэл сонирхолтой. Халдашгүй байдлыг олон хууль тогтоомжид тусгачихсан. Зарим хуульд халдашгүй байдал гэж, зарим хуульд эрх зүйн баталгаа гэж нэрлэсэн. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрх хэрэгжихгүй байна. АТГ-ын мөрдөгчид маш олон үйлдлийг тогтоож, нэг төгрөг, нэг цент бүрийн араас хөөцөлдөж байгаа. Энэ бүхнийг мөрдөн шалгаад гаргаад ирэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг.

Авлигын гэмт хэрэгт оногдуулж байгаа ял санкцын хэмжээ, аж ахуйн нэгжийн хөрөнгө завшсан албан тушаалтанд оногдуулж байгаа хэмжээ, иргэнд оногдуулж байгаа ялын хэмжээ 2002 оны хуулиас эхлэлтэй, одоо ч хэвээрээ байна. Үүнийг хүн бүхэн ярьж байгаа, маш олон тооны судалгааны үр дүнгээр ил болсон асуудал. Гэтэл хууль тогтоох байгууллага нь хуучнаар нь байлгаад байгаа нь нөгөө л авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна гэсэн үндэслэлээр тайлбарлагдана.

Бид одоо нийтийн албан тушаалтан гэдгээ ойлгож чадахгүй байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал хувьдаа хөрөнгө завшсан, бусдад давуу байдал олгосон байхад эрүүгийн хариуцлага оногдуулъя гээд шүүхэд шилжүүлэхээр шүүхээс энэ чинь нийтийн албан тушаалтан мөн юм уу биш юм уу, дүгнэлт гаргуулж ир гэдэг. Яасан гэхээр эрх зүйн реформын хүрээнд төрийн алба гэж байхгүй, барууны хэв загвараар нийтийн алба гэж үзнэ гээд Нийтийн албаны тухай хуулийн төсөл явж байсан. Түүндээ нийцүүлээд эрүүгийн хуульд нийтийн албан тушаалтан гээд баталчихсан. Төрийн албаны тухай хууль нь батлагдахдаа төрийн албан тушаалтан гээд батлагдчихсан. Ингээд нэр томъёоны хийдэл үүсээд энийг нь эрх мэдэлтэй, эрх зүйн өндөр мэдлэгтэй хүмүүс овжноор ашиглаад эрх зүйн хийдэл үүсгээд ял завшчихаж байгаа юм.

Энэ мэтчилэнгээр Эрүүгийн хуульд маш олон хийдлүүд байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж байхад нь үйлдэл дээр нь бариагүйгээс болоод тусгай эрх эдэлж байгаа хүмүүс байна. Барих боломжгүй. Одоо УИХ-ын гишүүдээс эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэдэн хүн байгаа вэ? Яагаад энэ хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй байна? Яагаад гэвэл тэд халдашгүй байна.

Яагаад улстөрчдөд ашигтай, улс орон ард иргэдэд хохиролтой хууль батлагдаад байдаг вэ гэхээр одоо энэ тогтолцоотой л холбоотой. Сонгуульд нэр дэвших гэж байгаа, карьераа өргөжүүлэх гэж байгаа, төрийн эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр өөрийн сурталчилгааны багтай, хууль зүйн багтай, маш том хүчийг өөртөө бүрдүүлсэн байдаг. Ингээд багаа бүрдүүлээд ирэхээр тэр хүмүүсийг цалинжуулах, ажлын байраар хангах үүргийг өөртөө давхар авчихдаг. Тэр хүмүүсээ яаж санхүүжүүлэх вэ? өөрөөсөө санхүүжүүлэх ямар ч боломжгүй, тэгээд тендер, бага хүүтэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад оролцоод эхэлдэг. Хууль бус үйлдлээ нуух зорилгоор нууцад хамруулдаг юм болов уу даа.

Бас хариуцлагад татагдах эрсдэлээ тооцоод хуулийг хийдэлтэй баталдаг юм болов уу даа. жишээ нь манай УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг хийгдэж байхад дураараа хууль засаж байгаа бичлэг ил болоод байна шүү дээ. Хоёрдугаарт, хууль санаачлагч нар тухайн хуулийг бичих боловсон хүчнээ өөрчлөхгүй байна. Тэдэндээ тааруулж чиглэл өгөөд, ерөөсөө өөрсөддөө ашигтай хууль бичүүлдэг.

-Тийм байна л даа. Зориудаар гэсэн үг.

-Тийм, зориудаар.

НЭГЭНТ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОХГҮЙ БАЙХ ЁСТОЙ

-Хууль эрх зүйн орчин ийм байна гээд бид хэлээд байдаг. Нөгөө талд олон нийт АТГ ажиллахгүй байна гэдэг. АТГ бүгдийг зохицуулж байх ёстой, нөгөө бүх юмны дарга гэдэг шиг нийгэм биднийг хараад байгаа. Энэ дээр бид даацтайхан тайлбар өгмөөр байгаа юм л даа. АТГ яг ямар үүрэг оролцоотой байх ёстой юм, хууль нь энэ хүрээд үүнээс цаашаа зогсоно гэдгийг маш тодорхой хэлж өгмөөр байгаа юм.

-Нийгэмд байгаа бусармаг, хууль бус үйлдлийг илрүүлээд, олон нийтэд ил болгох нь бидний ажил. Мөрдөн байцаалтын хэргүүд нууц байх ёстой, шүүх л гэм буруу тогтоох ёстой гэж. Үүнээс хамаараад нээлттэй байдал дутагдаад байдаг. Холимог тогтолцоотой бусад улс орны жишгээс харахад, шалгаж байгаа хэргийг нийтэд мэдээлдэг. Нийтэд мэдээлчихсэн учраас олон нийтийн хяналт бий болдог. Прокурор, шүүхийн шийдвэр ойлгомжтой ил байг л дээ. Гэтэл өнөөдөр шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн хүмүүс юу хэлж, ярьж байгааг бид харж байна. Намайг шударга бусын хонгилоор чирлээ, улстөржүүллээ гэж өөрийгөө өрөвдүүлэх, дахин улс төрд орох гэсэн санаа зорилго явж байдаг. Манай улс төрд нөлөө бүхий этгээд хахуулийн мөнгөтэйгээ баригдчихаад намайг улс төрийн зорилгоор гэж ярьдаг байх аа.

Бид эрх зүйн онол, олон улсын чиг хандлагыг харах ёстой. Өнөөдөр нэг хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлээд албан тушаалтанд хөнгөн ял оногдуулж, иргэнд хүнд ял оногдуулж байна гээд хялбаршуулсан журмыг шүүмжилдэг. Тэгэнгүүт улстөрчид тэгвэл хялбаршуулсан журмыг байхгүй болгоё гээд бусдад таалагдах үйлдэл хийх гэж оролддог. Зүй нь бол иргэн ч бай, албан тушаалтан ч бай хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломжтой байх ёстой. Хялбаршуулах чинь өөрөө маш олон давуу талтай.

Дэлхийн улс орнуудын 70-80 хувь нь хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа. Эдийн засгийн хувьд ашигтай. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирлоо нөхөн төлнө. Дээрээс нь хувийн хөрөнгийг хурааж авдаг. Тэгээд торгож байгаа. Япон, Америк, Хятад, Орос гээд бидний судалдаг улс орнууд хэрэглэж байна. Энэрэнгүй ёсны зарчимтай нийцсэн олон улсын чиг хандлага.

Онолын хувьд гэмт үйлдэл нь гарцаагүй нотлогдсон байх ёстой, хариуцлага нь гарцаагүй байх ёстой. Хариуцлага нь үр нөлөөтэй байх ёстой. Өнөөдөр нэг гэмт хэрэгтнийг хорьё гэж бодъё. Нэг өдөрт тэр хоригдлыг хэчнээн харгалзагч харгалзах вэ, харгалзагчийн цалин, ямар байранд байрлуулах вэ, байрны зардал ашиглалтын зардал, тэр хүний хувцас, хэрэглээний зардал, хоол хүнс гээд хорих ангид хоригдох зардлуудыг тооцоод, улсын төсвөөс гаргана. Нэг хүнийг 5 жил хорьсон нь дээр үү, эсвэл хохирлыг нь төлүүлж торгууль оноож эд хөрөнгийг нь нь хурааж авах нь зөв үү? Ялын үр нөлөөтэй байдлыг зайлшгүй бодож үзэх ёстой. Нэгэнт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол төрийн албанд томилохгүй байх ёстой. Арай гэж төрийн албаны тухай хуульд энэ заалтыг оруулангуут аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал болоод суучихаж байна. Ийм зүй бус үзэгдэл нь өөрөө авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ахиц гаргахгүй байна, бусад хүмүүст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ дарга авлигын гэмт хэрэгт шийтгүүлчихээд өнөөдөр том байгууллагын дарга хийж байна, болох л юм байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргыг хэн томилдог билээ. Улстөрчдийн хүсэл зориггүй байдлын л илрэл.

-Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудлыг тусдаа асууя гэж бодож байлаа. Та түрүүлээд ярьчихлаа. Энэ нь өөрөө ял наймаалцах гэж яалт ч үгүй олон улсын хэллэгээрээ ингээд тогтчихсон. Энэ нэр томъёоны хувьд нь иргэд эгдүүцээд байдаг шиг байгаа юм. Цаадуул чинь наймаалцаад байна гэж ойлгоод байдаг шиг байна.

-Гэм буруугаа хүлээж учруулсан хохирлоо төлөх нь нэг асуудал. Зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, баримт гаргаж өгөөд бага ял шийтгэл хүсэх тухай ойлголтын нийлбэр.

-Аан за. Авлигын хэрэг дээр ял наймаалцах гэсэн ойлголт үгүй юм байна.

-Бид гэхдээ аль болох дэвшилтэт хандлага, боломжийг судлах эх орондоо нутагшуулж байх ёстой. Заавал хүний яваад бүтэлгүйтсэн замаар яваад яах юм бэ. Бусад улс орноо харъя л даа. Өмнөд Солонгос улс 25 жилийн дотор ардчиллын суурь зарчмуудыг бэхжүүлсэн байна. Харин Энэтхэгт 75 жилийн туршид чадаагүй л байж байна. Тэгэхээр энэ нь нөгөө л улстөрчдийн хүсэл зоригтой шууд холбоотой.

Авлига багатай гэж үнэлэгдсэн улс орнуудыг судлаад үзэхээр ДНБ нь өндөр байж байдаг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр бол авлига буурдаг. Манай улс энэ жишгээр жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх сан, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн банк, үндэсний баялаг борлуулах үйлдвэрийн газрууд байгуулсан. Даанч улстөрчдийн аминчхан байдлаас болоод зорилгоосоо хазайж ард иргэд ядуурсан.

АВЛИГЫН ИНДЕКС НЬ УЛС ОРНУУДЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УРАЛДААН БИШ

-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 20 жилийн ой энэ онд болно. Манай улс энэ конвенцид нэгдээд 18 жил болж байгаа. АТГ нь 16 нас хүрч байгаа. Монгол Улс авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болсноор авлигатай тэмцэх олон улсын үйл хэрэгт өөрийн гэсэн оролцоотой, дуу хоолойтой болсон, чамлахааргүй байр суурь эзлээд байгаа. Тэгэхээр эндээс би юу олж хардаг вэ гэхээр авлигатай тэмцэх ажил нь хэн нэг албан тушаалтныг авлигын гэмт хэрэг үйлдсэний дараа мөрдөн шалгах биш, харин авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажил гэдгийг бид өөрсдөө олон нийтэд ойлгуулах ёстой байгаа юм л даа. Намайг анх АТГ-т орж байхад нэг ухаантай хүн хэлж байсан. “Авлигатай тэмцэнэ гэдэг бол хүнтэй хийх тэмцэл биш, тогтолцоотой хийх тэмцэл шүү” гэж. Манай байгууллага авлигатай хийх тэмцлийн тогтолцоо бүрдүүлэх буюу авлигаас урьдчилан сэргийлэх ажлаа ямар түвшинд хийж байгаа вэ гэж би танаас асуумаар байна л даа.

-Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхийн тулд тодорхой арга аргачлалтай, технологитой байх ёстой. Зарим улс оронд амжилттай хэрэгжүүлж чадсан туршлагыг бид турших, нутагшуулах ёстой. Миний харж байгаагаар бид энэ тал дээр тийм ч сайн туршлагатай биш. Авлигын гэмт хэргийн хохирогч нь та байдаг юм шүү, тийм учраас болзошгүй нөхцөл байдал дээр та шүглээ үлээж байгаарай гэх зэргээр бид ойлгуулж байх ёстой. Зам эвдэрхий байвал таны машин эвдэрнэ гэдгийг ойлгуулмаар байна. Дарханы зам барих домогт ажил олон хүнд авлигын хохирогч хэн бэ гэдгийг ойлгуулсан гэж боддог. Бид харагдах байдалд анхаарал хандуулаад мөн чанар луу нь харж чадахгүй байгаа юм болов уу даа.

Сая олон улсын байгууллагаас манай улсыг дур зоргоор баривчлах нь их байна, шүүхийн тогтоолгүйгээр баривчилж байна гэдэг асуудлыг хэлсэн. Үүнийг ямар хүмүүс өлгөж авч байна гэхээр дандаа улстөрчид. АТГ-ыг муухай харагдуулахын тулд. Гэтэл өнөөдөр шүүх 24 цагаар ажилладаг байсан бол шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэдэг ойлголт байх уу. Гэмт хэрэг хэзээ гардаг вэ. Хүнгүй, орой үдшийн цагаар, амралтын өдрөөр.

Хагас бүтэн сайн өдөр гэмт хэрэг үйлдсэн хүнийг барьж саатуулахгүй байх уу. Бүтэн сайн өдөр нь хил гараад явчихвал яах вэ. Хохирогч хохироод л үлдэнэ. Энэ нөхцөл байдлыг ашиглах гэж их оролдож байх шиг. Авлигын гэмт хэрэг жил бүр өсөөд, илрүүлэлт нэмэгдээд, шүүхээр жилд 200-300 хүний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд байхад авлигын нөхцөл байдал яагаад улам дордоод байгаа юм бэ. Энэ ерөөсөө л улстөрчдийн эр зориг, би баригдахгүй ээ, би хариуцлага хүлээгүй ээ гэсэн бардамналтай холбоотой.

-Явж явж улстөрчдийн хүсэл зориг, улс төрийн намын санхүүжилт гэдэг хананд тулж очоод байгаа л даа. Мөн үү?

-Тийм. Одоо жишээ нь манай улсын Үндсэн хуульд өрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн эрхийг хуульчилсан. Эх сурвалж буюу Мирандагийн зарчим бол мэдүүлэг өгөхгүй байх эрх. Энэ ойлголтыг хэт өргөжүүлэх нь хэнд ашигтай бэ. Мэдүүлэг өгч байгаа бол үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй. Гэтэл манайд болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэр бүл төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Сумын Засаг даргын үйлдсэн хэргийг шалгахаар суманд очихоор бараг сумаараа төрөл төрөгсөд болно.

Үндсэн хуульд өөрчлөлт хэд хэдэн удаа орлоо. Цаазаар авах ялыг халлаа л гээд дэлхийд зарласан. Гэтэл Үндсэн хуульдаа халаагүй. Тэгэхээр бидний эрх зүйн төлөвшил ямар байна, хууль баталж байгаа хүмүүс ямар түвшний мэдлэгтэй байна, бодлого боловсруулж байгаа хүмүүсийн чадвар чансаа ямархуу вэ гэдэг нь харагдаж байгаа.

-Түрүүн эрүү шүүлтийн талаар та ярилаа. Та яг одоо энэ чиглэл дээр ажиллаж байгаа. Танай албаар сонин сайхан юутай байна? Сүүлийн үеийн сонин хачнаас хуваалцаач хө.

-2022 онд 8 хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Өмнө нь 7 жилийн турш 5 хэрэг шийдэгдэж байсан. бид хуулиа буруу ойлгоод байна уу, яагаад байна гээд бодох асуудал. Өнөө хуулийн хийдэл бас байж л байна. Эрүү шүүлт тулгах гэж юу вэ гэдгийг олон улсын конвенци дээр заагаад өгчихсөн. Сэтгэл санааг шаналган зовоох гэдгийг Эрүүгийн хууль дээр зүгээр л биччихсэн. Гэтэл үүнд тодорхой шалгуур байх ёстой. Энэ хүнийг баривчлаад явахад ар гэрийн сэтгэл санаа шаналан зовж байгаа. Хуулийн дагуу явж байгаа процессийн үйл ажиллагаанаас сэтгэл санаа шаналан зовж байгаа бол энэ нь эрүү шүүлтэд хамаарахгүй. Хуулийн дагуу явж байгаа процесс учраас. Гэтэл энэ мэт шалгуурыг хуульдаа тусгаагүй, шууд л конвенцийн үгийг хуулаад биччихсэн. Түрүүн ярьсан даа, бор морь гээд. Бид хэзээ ч цагаан морь гэж ярьдаггүй. Тиймээс Эрүүгийн хуулийг маш сайн судалгаатай, гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Судалгааны том төв ажиллах ёстой.

-Авлигын индексийн талаар мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг ярьдаг болжээ. Жил бүр байр ухарлаа, оноо буурлаа гэж мэдээлэгдэж байна. АТГ муу ажиллаж байна гээд чичилж өгдөг л дөө. Яг үнэндээ авлигын индекс тухайн улс орны бүхэл бүтэн системд нь өгч байгаа үнэлгээ гэдгийг ойлгодоггүй. 2022 онд манай улс 116-д орлоо гэж байна.

-Авлигын индекс чинь улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын уралдаан биш байхгүй юу. Тухайн улс орны улстөрчдийнх нь хүсэл зоригийг хэмждэг. Манай улсын эрх зүйн орчин ийм хийдэл ихтэй байгаа цагт авлигын индексийн үзүүлэлт сайжрахгүй. ДНБ ямар байсан, одоо ямар байгаа вэ. Хамгийн гол үзүүлэлт бол ерөөсөө л энэ. Магадгүй, манай улстөрчид үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлж, цалин орлого өсөж, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ тэгш хүртээмжтэй болж ирсэн цагт авлигын индексээр манайх байр ахина.

АВЛИГЫН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ НЬ ХҮНИЙ ХҮЧЭЭР ХИЙДЭГ АЖИЛ

-Улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагууд гэснээс манай улсын АТГ-ын загвар хамгийн дажгүй хувилбар нь гэгддэг юм байна лээ. Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын гурван тулгуурт загвараар байгуулсан гэж анх хуулийн төслийг парламент хэлэлцэж байх үед ярьж байсан. Бусад орны ижил төстэй байгууллагуудтай харьцуулбал манай АТГ ямар түвшинд байгаа гэж боддог вэ? Одоо байгаа нөөцийнхөө хүрээнд, хуулийн хэмжээндээ хэр зэрэг ажиллаж байна вэ? Чадамж бололцоо нь ер нь ямархуу вэ?

-АТГ байгуулагдсан цагаасаа эхлээд шударга ёсыг тогтооё, буруутныг илрүүлье, хариуцлага хүлээлгэе гэж зорьж ажиллаж байгаа. Гэхдээ хүссэн үр дүн гарахгүй байна. Эрх зүйн хийдлээс болоод ял завшиж байна. Нөгөө ял завшсан хүмүүс нь олны өмнө гарч ирээд сөрөг пи ар хийдэг, АТГ-ыг муухай харагдуулах гэж маш их хичээдэг. Улстөрчид эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлээд улсаа хөгжүүлбэл авлига аяндаа буурна.

Нөгөө талд АТГ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Авлигын хэргийг мөрдөн шалгах нь хүний хүчээр хийдэг ажил. Энд ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхижуулах ёстой. Шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр аль ч улс оронд мэдүүлэг авч байгаа мөрдөгч бичээчийн ажил хийгээд суудаггүй. Харилцан яриаг технологи ашиглан бичгийн хэлбэрт буулгадаг, 1000 хуудастай дансны хуулгыг скайнер тусгай программ ашиглан анализ хийдэг, гэтэл одоо манай мөрдөгчид гүйлгээ бүрийг хараад зураад сууж байгаа. Хонконг 1975 онд 3.5 сая хүн амтай байхдаа авлигатай тэмцэх байгууллага нь 980 мөрдөгчтэй байсан. Одоо 6 сая хүн амтай, 1500 мөрдөгчтэй. Хүн амынхаа өсөлттэй уялдаад мөрдөгчийн тоо нэмэгдээд байдаг. Гэтэл манайд энэ нь урвуугаар байгаа.

-АТГ-ыг орон нутагт салбартай болгох ёстой гэсэн санал нэлээд гардаг л даа. Гэхдээ энэ нь хэр зэрэг дэмжигдэх юм бол. Магадгүй, авлига орон нутагт илүү байдаг ч байх. Гэтэл манай АТГ-ын үйл ажиллагаа орон нутагт тэр болгон хүрч чадахгүй байгаа. Энэ дээр ямар бодолтой явдаг вэ?

-Дэвшил гарсан гэж хардаг. Өнөөдөр 9 аймагт манай мөрдөгч нар ажиллаж байгаа. Бид түүхэндээ 12 мөрдөгч ажилладаг байлаа, тэр үед 14 хоног аймагт, 14 хоног Улаанбаатарт ажилладаг байсан. Өдөр шөнөгүй явдаг байсан үеийг бодвол бүсчлээд ч болов мөрдөгч нар ажиллаж байгаа нь дэвшил.

-Олон жилийн өмнө хавтаст хэргээ тэврээд хот хоорондын зорчигч тээвэрт суугаад л явдаг байлаа шүү дээ.

-Тийм. Ер нь бол цаашдаа аймагт бүрт мөрдөгч нар ажилладаг болбол ахиц дэвшил гарна. Яагаад өнөөдөр аймгуудад 100 сая төгрөгийн үнэтэй машинуудыг 1 сая төгрөгөөр зарагдаад байгаа юм. Тэнд хүрч чадахгүй байгаа байдлыг далимдуулж байгаа хэрэг. Аймгуудад гэмт хэрэг гарахгүй байгаа биш, илрүүлж чадахгүй байна. Илрээгүй гэмт хэрэг гэж тусдаа ойлголт. Хулгай хийчихсэн, гэхдээ баригдаагүй бол хулгайч биш гэсэн ойлголт яваад байдаг. Тэгэхээр нэг аймагт илрүүлэх чиглэлээр 2-3 мөрдөгч ажиллах шаардлагатай. Ингэж байж бодитой тэмцэнэ, тодорхой ахиц гарна.

ХЭН ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН БЭ ГЭХЭЭР НӨГӨӨ Л ХУУЛЬ БАТАЛСАН ХҮМҮҮС

-Манай байгууллагын бас нэг чиг үүрэг нь хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах ажил. Энэ бол бас нэг том тогтолцоо бүрдсэн. АТГ байгуулагдахаас өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг авах ажил гэж ямар худлаа, хэлбэр төдий байсан бэ гэдгийг би бол сайн мэднэ. Парламентын сурвалжлагч байсан болохоор нүдээрээ харж байсан. АТГ байгуулагдсанаар энэ чиглэлийн ажил жинхэнэ утгаараа хийгдэж байна уу даа гэж би хардаг.

-ХОМ бүртгэсэн орлого хөрөнгийн мэдээллүүд үнэн зөв үү гэдэг асуудал байна. өөрийнхөө хөрөнгийг бусдын нэр дээр байршуулдаг мэдүүлэгтээ тусгадаггүй тохиолдлууд бас бий. Бусдын хууль бус хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж өмчийн эзнээс цалинжин амьдардаг хүмүүс хүртэл бий болсон тул Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн субъектийг өргөжүүлэх шаардлагатай.

Алт хилээр гаргах хориотой. Хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад байдаг. Гэтэл мөнгө зэсийн баяжмал хэлбэрээр хилээр гаргаж хилийн цаана боловсруулдаг. баяжмал нь ямар агуулгатай байсан, хэчнээн тонн алт, зэс, мөнгө болоод бусад элмент гарч байгааг тооцоолох боломжгүй. Үйлдвэрээ бариад алтаа Монголбанканд тушааж бусад элементийг цэвэр хэлбэрээр гаргах. Эрдэнэтийн жишгээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах төвүүд, ажилтан албан хаагч, гэр бүлээрээ амьдрах хот, дулаан цахилгаан эх үүсвэр баригдсан даруйд олборлолт явуулах зөвшөөрлийг олговол ач холбогдол өснө, баялгийн үнэ цэн нэмэгдэнэ. Яагаад ийм шаардлага тавьж болохгүй гэж. Өнөөдөр яагаад энэ том том гэрээнүүд нууц байгаа юм бэ. Ингэхээр нөгөө бөөсний онигоо гэдэг шиг эргээд л эхлэлийн цэг нь авлигатай тэмцэх улстөрчдийн хүсэл зориг руу л тулж очоод байгаа юм.

-Яах ч аргагүй, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг гэдэг хананд л тулж очоод байна даа. Гэхдээ үүнээс үл хамааран АТГ ажилласаар л байна. Манай бас нэг амжилттай явж байгаа ажил бол гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө буцаах. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний тухайд бас л дутуу гачуу зүйл байдаг. Гэсэн ч АТГ-ын мөрдөгчид хилийн чанад руу хулгайлагдсан хөрөнгийг олж илрүүлээд, буцаагаад улсдаа аваад л ирдэг.

-Хамтын ажиллагааны хувьд туршлага их чухал. албан бус эх сурвалжаар мэдээллийг олж авах, албан даалгавар илгээх, хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гээд олон арга аргачлал ашиглагдаж байна. Даяарчлал, авлигатай тэмцэх эрмэлзэл дээр олон улс орон санал нэгдэж байгаа учраас цаашид хууль бус орлого, мөнгө улс дамжих, угаагдах боломж улам бүр хязгаарлагдмал болно.

Дэлхийн улс орнууд авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлээд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй ч гэсэн албан бус хүсэлтээр мэдээллээ, нотлох баримтаа гаргаж өгдөг. Ингээд гаргаад өгсөн олон хэрэг манай дээр шийдвэрлэгдэж байна. Улс орнууд суургүй мөнгө угаалт гэх ойлголтыг гэмт хэргийн тухай хуульдаа тодорхойлж эхэлсэн. Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг тухайн улс мөнгө угаах гэмт хэрэг гэж тогтоогоод өөрийн улсын өмчлөлд авах боломжтой. Ойлгомжтой байдлаар тайлбарлана гэвэл Монгол Улсаас гэмт хэргийн орлогоо авч яваад гадаад улс оронд байршуулсан хөрөнгийн эх үүсвэрийг тогтоогоод улсын орлого болгоно гэсэн үг.

Хууль тогтоогчид ойлгомжгүй, хийдэлтэй хууль баталснаас үүдэлтэйгээр олон хэрэг цагаадаж, зарим хүн би гэм буруугүй боллоо гэж мэдээлэл хийдэг. Үүний цаана тэр хэргийг шалгасан мөрдөгч, хянасан прокурорт муу нэр нь очиж байдаг. Хэн ийм байдалд хүргэсэн бэ гэхээр нөгөө л хууль баталсан хүмүүс.

-Түрүүн таны ярианд дурдагдсан, мэдээлэл нээлттэй байх гээд. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдал бол өөр асуудал. Мөрдөн шалгах ажиллагааны боломжит мэдээллийг нээлттэй байлгах тухай хэлсэн байх. Би энд ялгааг нь мэдэж авахыг хүсэж байна. Үндсэн хуульд заасан, шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гээд. Тэгэхээр бид энэ зарчмыг зөрчихгүйгээр одоогоор шалгагдаж байгаа хэргийг олон нийтэд мэдээлэх боломжтой юу?

-Шүүхийн шийдвэр нийтэд ил болж эхэлсэн, саяхан 75 хувь нь ил болж байгаа судалгааны тайлан гарсан байсан. Ямар шүүгч ямар хэргийг хэрхэн шийдэв гэдгийг судлах, иргэд хянах боломж бүрдээд эхэллээ. Энэ бол ололт. Гэхдээ зарим хэргийг оруулахгүй байна, ил болгохгүй байна. 25 хувь нь ямар хүмүүсийн хэргийн шийдвэр вэ. Энгийн иргэдэд хамаатай шийдвэр бол бараг нууцлахгүй дээ. Прокурор дээр хэрэгсэхгүй болж байгаа хэргүүд бас ил мэдээлэгдэж байх ёстой. Ингэх юм бол хардлага арилна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор зөвшөөрсөн хэмжээнд хэргийн талаар мэдээлэх боломж байгаа шүү.

-Прокурорын байгууллага гэсэн үг тийм ээ?

-Тийм. Шалгаж байна, шалгалаа, тогтоогдоогүй бол ингээд хэрэгсэхгүй болсон юм аа, тогтоосон бол ийм учраас хэрэг байсан юм, ийм болохоор шүүх рүү шилжүүллээ гэдэг мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжтой.

-Тэгвэл прокурор зөвшөөрөл өгсөн байсан ч АТГ өөрсдөө мэдээлэл өгөх нь зөв үү?

-Иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх нь буруу биш. Гэхдээ мөрдөх байгууллага бол баримт цуглуулдаг болохоос дүгнэлт хийдэг, дүгнэлтээ танилцуулдаг газар биш.

АВЛИГЧДЫГ БАРЬЖ ШИЙТГЭЭД АВЛИГА ҮГҮЙ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭЭС ОЙЛГОСОН

-Түрүүн хэлсэн дээ, одоо бид 2006 оны түвшиндээ л байна гэж. Одоо энэ ярилцлагаа хоёул өндөрлөх гээд байна. Ярилцлагаа өөдрөг гэгээлэг төгсгөе гэж бодож байна л даа. Таван жилийн дараахыг яаж харж байна вэ, Жаргалбаатар аа? Магадгүй, таван жилийн дараа хууль эрх зүйн орчин сайжирчихсан, сая бидний ярьсан хуулийн хийдлүүд арилчихсан байх ч юм бил үү.

-Би 21 жилийн өмнө яг л ийм төсөөлөлтэй байсан. 5 жилийн дараа сайхан болно доо гэж. 2017 онд гол хуулиудад нэмэлт өөрчлөлт ороод шинэчлэн батлагдаад мөрдөж эхэлсэн. 2018 оноос зэс нь цухуйгаад эхэлсэн. Тэрнээс хойш өнөөдөр 5 дахь жилдээ явж байна. Сайхан болсон юм алга байна. Косметик засвар хийгдээд байхаас даацтай засвар хийгдэхгүй байна. Жил ирэх тусам мөн чанар муудаж байна. Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах үед үүссэн хийдлийг засах оролдлого хийсэн. 3 заалт байхад 1-ийг нь өөрчлөөд 2 заалтыг хэвээр үлдээхээр маргаан үүсгэхээс бус үр дүн гарахгүй шүү дээ.

-Төгсгөлийн ганц асуулт. АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарын эрхэлж байгаа ажил албан тушаалтай нь холбоотой байр суурь, үзэл бодол, нийгмийн тухай эмзэглэлийн талаар хөөрөлдлөө. Тэгвэл Жаргалбаатар гэж ямар хувь хүн бэ? Хувь хүнийхээ хувьд өөрийгөө яаж хардаг вэ?

-Ажилчин аав, ээжтэй, малчин өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд. Өөрийн сонирхолд хөтлөгдөн эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай. Асуудлын мөн чанарт анхаарч, ул суурьтай хандахыг хичээдэг.

Эх оронд минь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцолсон, ард иргэд нь жаргалтай улс байгаасаа гэж хүсдэг. Ардчилалын номер нэг дайсан болсон авлигыг устгах ёстой. Авлигчдыг барьж шийтгээд авлига үгүй болохгүй юм байна гэдгийг сүүлийн 30 жилийн түүхээс ойлгосон. Иймээс иргэд төрд хяналт тавих боломжийг бүрдүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа ил тод байх, халдашгүй байдал гэх дабл стандарт үүсгээд байгаа хэмж хэмжээнээс ангижрах, гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох, үр нөлөөтэй ял шийтгэлийг хуульчлах шаардлагатай болоод байгааг хэлж ярих, ойлгуулахыг эрмэлздэг дээ.

Ярилцсан Т.Мөнхтунгалаг

Г.Гэрэлтуяа: Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгсөн байж болзошгүй хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа
Г.Гэрэлтуяа: Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгсөн байж болзошгүй хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.