Нар нь хурцдаад, овоо мэхийж бөхийж сурч явсан би нов ногоон модны дор барьсан жижигхээн монгол цагаан гэрийг хараад харц дээшлэв. Гэрийн эргэн тойронд үндэснийхээ хувцсаар ижилсэн гоёсон монгол залуус бужигналдан, гэрийн хатавчинд сууцгаах нь нутагтаа байгаа мэт. Гэрийн баруун хаяанаас эхлэн хатгасан асар майхны ширээ бүрт нутгийн идээнээс дээжлэн тавьсан нь хараа булаам. Ойрд нутгийн идээгээ хараагүй удсаных уу бүгд л сэтгэл татам сайхан харагдах.
Тайзны голд Чингис хааны хөргийг хүндэтгэн залж, монгол идээгээ өрж тавьсан нь Их Хааны тахилгад зориулсан арга хэмжээ болохыг илтгэнэ. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд Кансай дахь Монголчууд зүг бүрээс ирж, нэгэн дээвэр дор цуглаад буй нь энэ. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Япон улсад байгаа Эзэн Чингис хааны тахилгын эрхлэгч, “Хөх туг” нийгэмлэгийн тэргүүн У.Өргөн ажиллаж байна. Тэрбээр багш мэргэжилтэй, боловсролын удирдлагын доктор ( Pn.D), японд олон жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд энэ хугацаандаа Монгол Улсаа гадаад улсад сурталчлан таниулах, соёлын өв сан, соёлын арга хэмжээг нутагшин үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм аж . Тиймээс энэ удаагийн тахилгын наадмыг монгол наадам хэлбэрээр зохион байгуулахыг зорьж, монголын брэнд болсон ноолуур, ноосон бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, малгай, цагаан идээний дээжээс сорчлон тавьжээ.
Наадмын хамгийн сайхан зоог гүнцэгийг У.Өргөн захиралтай “ Ази Европ” ресторан бэлтгэсэн бол, хамгийн амттай хуушуурыг Г.Заяасайхан захиралтай “Cafe Mongolia” рестароных хийсэн байв. Мөн Осака хотод амьдарч, ажиллаж байгаа иргэдийн дунд бөхийн барилдаан зохион байгуулснаар наадамд Завхан аймгийн харьяат Аймгийн арслан н.Батмөнх түрүүлэв. Энэ удаагийн наадамд Осака дахь япон багш нар үндэсний бүжгээрээ оролцож, мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэд монгол гэрт сэрүүцэж суунга монгол ахуй амьдралыг ихэд сонирхож байгаа харагдсан.
“Энэ гэрээ бариад хаа сайгүй нүүж болдог гэсэн үү”, “тал нутагт ганц хоёрхон гэртэй амьдардаг”, “өвөл их хүйтэн гэсэн”, “усаа хаанаас авдаг юм бэ”. Яг одоо энэ гэрт амьдардаг олон хүн байдаг уу гэхчлэн олон сонирхолтой асуултаар биднийг булж байлаа. Тэдний ойлгож байгаагаар Монголчуудыг яг одоо гэрээ бариад, орон сууцанд амьдардаг хүн ховор гэж бодоод байгаа шиг санагдсан.
Нүүдэлчдийн удам хаа сайгүй хэрэн хэсэвч, үндэсний өв соёлоо ийнхүү өвөртлөн, гадаадад таниулж, сурталчилж байгаа нь үндэсний бахархлыг багагүй огшоож Монголоороо гоёж чадлаа.
Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа
2023. 04.16