Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬЧ Б.Бат-Ерөөлт: Шүүхээр үйлчлүүлэхэд иргэд, өмгөөлөгч, прокурор бидэнд ч хүндрэлтэй байна. Суугаад хэргийнхээ материалтай танилцах ч нөхцөл боломж ч алга

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
13 минут 1 секунд

UBN.mn сайтын сурвалжлах баг өмнө нь ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэгэн сурвалжилгыг бэлтгэж байсан. Магадгүй уншигч та санаж байвал шүүгчдийн ачаалал хийгээд нарийн бичгийн дарга нар болон шүүгчийн туслахууд хэрхэн ачаалалтай ажилладаг мөн ажлын байрны орчин нөхцөл ямар байдаг талаар сурвалжлан хүргэж байсан.

Тэгвэл энэ удаа БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд ажиллах орчин нөхцөлийн талаар удаах сурвалжилгыг бэлтгэлээ.

Баянзүрх дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн байр нь 1968 онд анх ашиглалтад орсон бөгөөд тус байранд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүх үйл ажиллагаа явуулдаг.

1968 оноос хойш өдгөө 55 жилийн нүүрийг үзэж буй энэхүү барилга нь аль хэдийн хуучирч мууджээ. Гурван давхар томоохон хэмжээний барилга мэт харагдах ч үнэн хэрэгтээ тийм биш аж. Учир нь гурван дүүргийн шүүх нэг дор үйл ажиллагаа явуулдаг учир хүний хөдөлгөөн их. Түүгээр ч зогсохгүй энэхүү шүүхэд шүүн таслах ажлын хувьд онцлогтой дүүргүүд байдаг. Тийм ч учраас хөл хөдөлгөөн ихтэйн дээр хангамж муутай байв.

Биднийг тус байрны хоёр давхарт гарахад хоёр хүн арай хийн зөрөх коридор угтав. Өөд, өөдөөсөө харсан хаалгуудыг нээлттэй орхивол хүн багтаж зөрөх талаар ч бодох хэрэггүй. Түүгээр ч үл барам дотор ажиллах боловсон хүчнүүд өрөөнийхөө хаалгыг ч болгоомжлон нээнэ. Учир нь хажуугаар зөрж өнгөрөх хэн нэгнийг гэмтээх аюултай юм. Орчин нөхцөл маш муу гэдгийг батлах хамгийн энгийн жишээ энэ. Гэвч энэ бол дан ганц асуудал биш.

Гурван дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг дор хэр нь "НАЙМХАН" хуралдааны заалтай. Гэтэл нэг дүүрэгт өдөрт дунджаар 20 орчим шүүх хуралдаан товлогддог байна. Энэ нь нийт 60 орчим шүүх хурал энэхүү байранд явагддаг гэсэн үг юм.

Үүнээс үүдэн шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүй тул шүүгчдийн туслахууд шүүх танхим хайх асуудал тулгардаг гэнэ. Бид энэ талаар Шүүгчийн туслах С.Энх-Амартай ярилцахад,

Шүүх танхим хангалтгүйгээс үүдэн зарим хэрэг дээр танхим олдохгүй байх тохиолдол гардаг

Тэрбээр "БЗД-ийн хувьд хүн ам ихтэй дүүргүүдийн нэг. Тийм учраас хэргийн гаралт их байдаг. Миний хувьд БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаад найман сар болж байна. Энэ хугацаанд өдөрт дунджаар 10-20 гаруй хэргийг зохион байгуулдаг. Прокурор болон өмгөөлөгч, шүүгдэгч, яллагдагч нартай харьцах ажиллагаа байнга явагддаг. Тэгэхээр өдөрт дунджаар 100 гаруй хүнтэй харьцаг гэсэн үг юм.

Ачаалал маш их. Түүнээс гадна шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа учраас эрх зүйн актуудыг гаргана, шийдэх тогтоолоо хугацаандаа гаргана, шүүгчийн өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлнэ. Олон оролцогчтой, шийдэхэд төвөгтэй хэргүүд их ирдэг. Тиймээс энэ мэт хэргүүдэд эртнээс бэлдэж, шүүх хурлын танхимын хүрэлцээ, багтаамж зэргийг ч мөн эртнээс тооцоолж төлөвлөдөг.

Энэхүү байранд БЗД, СБД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай БЗД-ийн хувьд нийт 3 зааланд хуваарилагддаг. Гэтэл зарим тохиолдолд заалны хүрэлцээ муугаас үүдэн заал олдохгүй тохиолдол гардаг. Энэ нь маш хүндрэлтэй. Үүнээс үүдэн шүүхээр үйлчлүүлж буй иргэд их гомдол гаргадаг" гэв.

БЗД, СБД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 33 шүүгчтэй. Тодруулбал,

  • БЗД-ЭХАШШ-14 шүүгчтэй,
  • СБД-ЭХАШШ-10 шүүгчтэй
  • ЧД-ЭХАШШ-9 шүүгчтэй

Тус шүүхүүд нь шүүн таслах ажлын хувьд онцлогтой дүүргүүд байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 25 хувийг дангаар эзэлдэг. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд төрийн захиргааны байгууллагууд олон байдагтай холбоотой Авлига, албан тушаалын хэргүүдийг олноор нь шийдвэрлэдэг байна. Энэ талаар БЗД, СБД, ЧД-ийн ЭХАШШ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр

Энэхүү шүүхийн байр нь зориулалтын бус, холбогдох стандартад нийцээгүй

"БЗД-ийн ЭХАШШ-ийн байранд БЗД, СБД, ЧД гэсэн гурван дүүргийн эрүүгийн шүүх үйл ажиллагаа явуулдаг. Шүүхэд товлогдсон шүүх хурлуудаас гадна яаралтай орох шаардлагатай зөрчлийн хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээнүүдийн саналыг хүлээн авч шийдвэрлэдэг. Маш их ачаалалтай, завсар зайгүй шүүх хуралдаан болдог.

Гурван дүүргийн шүүх жилд Эрүүгийн 4529 хэрэг маргаан, Зөрчлийн 6791 хэрэг, 2550 гаруй таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэдэг. Зарим хурлууд дунджаар 2-3 өдөр хуралддаг. Шүүхийн байр нь зориулалтын бус, холбогдох стандартад нийцээгүй мөн шүүхүүдийн онцлог, ажлын ачаалал, шүүх хуралдааны заал танхимын хүрэлцээ муу зэрэг тулгамдаж буй нөхцөл байдлаас шалтгаалж, шүүх хуралдаан товлосон цагтаа орохгүй, удаашрах зэрэг хүндрэл нь хэргийн оролцогч нарын уур бухимдлыг төрүүлэх үндсэн шалтгаан болдог төдийгүй шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.

Мөн хэргийн оролцогч олонтой, маргаан ихтэй, ээдрээтэй хэргээс үүдэн хурал удаашрах тохиолдол гардаг. Гэтэл үүнээс үүдэн дараа дараагийн хурлууд нь хойшлох тохиолдол бий болдог гэсэн үг юм. Цаашлаад шүүхийн орчин нөхцөлөөс ч шалтгаалан шүүхийн нэр хүнд унах үндсэн суурь нөхцөл бий болдог гэж хэлж болно" хэмээв.

Түүнчлэн "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 250 гаруй оролцогчтой, 400 гаруй хавтаст хэрэг бүхий хэрэг СБД-ийн шүүхэд хуваарилагдсан. Гэтэл тус шүүхийн хамгийн том танхим болох А танхим нь 50-60 хүний багтаамжтай буюу хамгийн ихдээ энэ тооны оролцогч л багтах хэмжээтэй танхим юм. Гэвч танхим жижиг мөн олон оролцогч багтаах боломжгүй учраас Хөгжлийн банкны хэргийг тус шүүхийн байранд хийх боломжгүй. Тиймээс ШЕЗ-өөс батлагдсан журмын дагуу "Улаанбаатар чуулга"-т хурлыг товлон хийж буй юм.

Тус шүүхийн байрны хамгийн том шүүх танхим нь 50-60 хүний багтаамжтай бол хамгийн жижиг танхим нь ердөө 5-6 хүний багтаамжтай юм.

Хамгийн жижиг шүүх танхим

Гэхдээ шүүх танхимаас гадна хэд хэдэн асуудал бий. Жишээлбэл, нэг жижиг өрөөнд 8-10 шүүгчийн туслах болон нарийн бичгүүд шахдалцан суудаг. Архивын өрөөний хүртээмж, багтаамж муу. Ажилчид аль болох боломжит байдлаар ширээгээ хуваарилан тавьж, нөхцөл байдалдаа тохируулан ажиллацгаана.

Нэг өрөөнд 8-10 хүн чихдэлцэн ажилладаг.

Архивын өрөө
Архивын өрөө

Өмнө нь бидний сурвалжилсан ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нөхцөл байдал ч мөн л тааруу байсан. Гэтэл тус шүүх ч мөн адил орчин нөхцөлөөс эхлээд ачаалал ч өндөртэй байдаг байна. Энэ талаар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис дараах зүйлийг ярьсан юм.

Өглөөнөөс орой хүртэл хуралд суудаг тул ажлын цаг дууссаны дараа эсвэл ажил дээрээ хонож тэмдэглэлээ хөтөлдөг

Тодруулбал "Ажлын цаг өглөө 08:30 цагаас 17:30 хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд хуралдаандаа суухаас гадна хурлаасаа гарч ирээд хурлынхаа тэмдэглэлийг хөтөлдөг. Ажлынхаа цагаар бүтэн хуралдаа сууж байгаа учраас тэмдэглэлээ бичих боломж байдаггүй. Тиймээс ажил тарсны дараа нөхөж бичдэг. Зарим тохиолдолд ажил дээрээ хонох ч тохиолдол гардаг. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо тогтоосон хэмжээнээсээ бага байгаа учраас ачаалал ихтэй ажилладаг. Гурван дүүргийн дунд найман заал байдаг учраас заал дээр л хамгийн их асуудал үүсдэг" гэлээ.

Шүүх байрны асуудал бол дан ганц дотор нь ажиллаж буй хүмүүсийн өмнө тулгамддаг асуудал биш. Харин шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн мөн хуульч, өмгөөлөгчдөд ч маш их хүндрэлтэй асуудал болдог байна.

Бид тус шүүхийн нөхцөл байдлын талаар Хуульч Б.Бат-Ерөөлтөөс тодруулахад,

Хуучин зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан уг байрыг шинэчлэх шаардлагатай

"БЗД, СБД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулахад тун хүндрэлтэй шүүхүүдийн нэг. Орчин нөхцөлөөс эхлээд хүндрэлтэй талууд их бий. Жишээлбэл, олон оролцогчтой шүүх хурал болоход заал танхим хүрэлцээгүй мөн хуралдаан удаашрах тохиолдолд дараа, дараагийн шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэхгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг.

Мөн эрүүл ахуйн нөхцөл байдал маш хүнд. Тиймээс энэ шүүхийн орчин нөхцөлийг зайлшгүй засаж, сайжруулах анхаарах шаардлагатай. Хамгийн наад захын жишээ гэхэд дундаа ганцхан бие засах газартай. Миний мэдэхээр энэ байр нь 1990-ээд оноос өмнө Монгол Улсад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн зориулалттай байр. Одоо гурван дүүргийн шүүх нэг дор байрлаж байгаа учраас маш их хүндрэл бий болж байна.

Гэхдээ үүнд шүүхийг буруутгах үндэслэл байхгүй. Шийдвэр гаргах түвшний хүмүүс анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай. Энд шүүн таслах үйл ажиллагаа явагдаж байна. Төрийн алба үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна иргэд үйлчлүүлж байна. Өмгөөлөгч, прокурор гээд бидэнд ч хүндрэлтэй. Суугаад хэргийнхээ материалтай танилцах ч нөхцөл боломж байдаггүй. Энэ бол дан ганц миний бодол биш. Энд үйлчлүүлж буй, ажиллаж буй хүн бүрд орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэсэн бодол төрдөг байх" хэмээсэн юм.

Өдгөөгөөс 55 жилийн өмнө баригдсан энэхүү барилгын орчин нөхцөл тун тааруу. Иргэнээ боддог төр гэх авч төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлдэг тэр тусмаа иргэдэд хуулийн үйлчилгээ үзүүлдэг гурван шүүхийн өнөөгийн нөхцөл байдал нэг ийм.

Магадгүй энэхүү шүүхээр үйлчлүүлсэн иргэд муу үнэлгээ тавих биз. Учир нь гурвын гурван шүүх нэг дор байрласнаас үүдэн маш олон асуудлыг бий болгожээ. Энэ бол төр ямар байгааг илтгэх ганцхан жишээ. Тус, тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой шүүхүүд өнөөдөр нэг дор бөөгнөрөн ажиллаж байна. Энэ бол шийдвэр гаргах түвшний хийгээд холбогдох бүхий л хүмүүсийн анхааралдаа нэн тэргүүнд зайлшгүй анхаарах асуудлуудын нэг. Шударга шүүхтэй мөн иргэд ч шүүхэд итгэдэг байхын тулд хамгийн эхэнд орчин нөхцөл, хоёрдугаарт хүний нөөцийн асуудал байх. Тиймээс шүүхийн байрны хүртээмжид анхаарах цаг хэдийнээ иржээ.

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт явагдана
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт явагдана
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.