Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чулуунбаатар: Монгол наадгай оюуны чадамж төдийгүй бие бялдарт нөлөөлдөг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 0 секунд

Уламжлалт наадгай цуглуулж, өөрөө урладаг, төмрийн дархан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатартай монгол наадгайн ач тусын талаар ярилцлаа. Та бүхэн түүний ярианаас монгол наадгайнууд оюуны чадамжид төдийгүй бие бялдрын хөгжилд хүртэл нөлөөлдөгийг олж мэдэх болно.


-Та хэзээнээс үндэсний наадгай цуглуулж эхэлсэн бэ?

-Хоёр ойтоогоосоо эхлэн өдий хүртэл тоглож өссөн хүн. Сүүлийн 30 жилд уламжлалт наадгай мартагдаж орчин үеийн утас, компьютер ихээр ашиглах болсон. Зуу гаруй төрөл  цуглуулагт маань багтаж байна. Дал гаран хөлөгт тоглоомын нэр усыг  олж тогтоосон. Монгол наадгай оюуны чадамжийг нэмэгдүүлээд зогсохгүй хүний бие бялдарт хэрхэн нөлөөлж буйг судалж өөрийнхөө тоглож өссөн арван хэдэн наадгайг улам өргөжүүлж, мартагдсан өв соёлыг сэргээхийг эрмэлзэж байна.

-Та сая бие бялдарт яаж нөлөөлдгийг судалж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Эрт үеэс 15 төрлийн наадгайг тухайн хүний бие бялдар, ажил төрлийн онцлогт тааруулж тоглодог байсан. Зуны цагт шагайгаар тоглодоггүй. Зун намрын цагт ажил төрөл ихтэй түүнчлэн цагаан идээ түлхүү хэрэглэдэг учраас хөдөлгөөнтэй наадгай тоглодог байсан.

Өвөл, хаврын цагт хүнд хоол иддэг учир хүний гарын алганд байгаа 150 мэдрэхүйгээр дамжуулан дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулахын тулд шагай, хөлөгт тоглоомоор тоглодог уламжлалтай байсан. Хөлөгт тоглоомыг заавал чулуугаар тоглоно. Энэ нь ямар ач тустай вэ гэхээр нэгдүгээрт, гарын жижиг булчингуудыг сайн хөгжүүлж өгдөг. Хоёрдугаарт, хэдэн зуун жилийн нарны энерги шингэсэн байдаг болохоор гарын өндөг үеэр дамжуулан биедээ шингээж авахын тулд тоглодог байсан.

Наадгай бүр өөр өөрийн эрүүл мэндийн онцлогтой  одоогийн тоглоомтой харьцуулашгүй.  Сонирхуулаад нэг юм хэлэхэд, Чөлөөт бөхийн дэлхийн аварга Энхжаргалын багшаас би асуусан. Та яагаад бие жижигтэй Энхжаргалыг тахиж шүтээд байдаг юм. Энэ олон том биетэй хүүхдүүд байсаар байхад гэж асуухад чулуугаар тоглож мал сааж өссөн хүүхэд учир бага зэргийн тактик хийхэд татах хүч, атгах хүч хурдацтай хөгжиж өгдөг юм.

Хотын төвд өссөн чулуу шидэж үзээгүй хүүхдүүдийн булчин шөрмөсийг чангалах бэлтгэл хийсээр байтал нас нь яваад жингээсээ гараад явчихдаг юм гэж хэлсэн. Үүнээс үзэхэд л наадгай хүний бие организмыг сэргээж өгдөг нь илт байгаа биз.

Мөн шагайгаар морь уралдуулаад түрүүлсэн морийг цоллуулдагийн ач тус юу гэхээр хоолойн цар хүрээг тэлж өгдөг.

Хүний биед суулт маш чухал гэдгийг судалгааны явцад ойлгосон.  Биднийг жаахан байхад сандал ашиглах ховор аливаа үйл хэрэг, үндэстний наадгай тоглохдоо замилж, хөлөө нугалж суудаг байсан нь нурууны суулт, эмэгтэйчүүдийн савны гажилт зэрэг олон сөрөг нөлөөллөөс биеийг хамгаалж ирсэн. Энэ мэтчилэн монгол наадгайн эрүүл мэндэд нөлөөлөх ач тус асар их. Би цөөн хэдийг нь л дурьдлаа.

-Гэр бүлийн хүрээн дэх ач холбодол нь юу вэ?

-Ач зээ нартаа нэг тоглоомоор дамжуулан асар их зүйлийг сургадаг байсан. Үндэстэн ястан бүрийн наадгай амьдрал ахуйн онцлогийг тусгасан байдаг учир тоглоомоор дамжуулж хүүхдэдээ өв уламжлалаа зааж сургаж, хоорондын харилцаагаа илүү бэхжүүлдэг. Түүнчлэн хүүхдийг эх төлөвшүүлж өгдөг. Одоо үед гэрийнхээ булан бүрт өөр өөрсдийн утсаа бариад суудаг болсон.

“Олон санаа” гэдэг гурван хүний тоглоомыг тоглохын тулд 40 минут зарцуулдаг. Энэ хугацаанд гэр бүлийн гишүүд бие биеэ анзаарч дулаан уур амьсгал бий болж, биеийн эд эсийг сэргээж өгч байдаг. Ганцхан тоглоомоор тоглоход 3-4 янзын ач холбогдлыг хүний биед ойлгуулаад өгч байгаа биз. Ингээд бодохоор бид Монгол наадгайгаас хөндийрөх аргагүй. Дахин сэргээхийн тулд ах нь сургууль, цэцэрлэг багш, сумуудын соёлын төв, захиргаа  нартай хамтран үнэгүй сурталд хичээлүүд явуулж байна.

-Залуучууд хэр сонирхож байна вэ?

-Коронавирус гараагүй байхад гэртээ 30-40 хүүхэдтэй сууж байдаг байлаа. Амралтын өдрүүдэд сумуудаас хүүхдүүд тоглож, хонохоор ирдэг. Заавал 1-2 тоглоом нэмж сурна гэж зүтгэнэ шүү дээ. Тоглож дууссаных нь дараа хүүхдүүдээр тоглоомыг нь магтуулахаар хичнээн хөөрхөн гээч. Нэг нэгнээ дагалдаад магтаалаа хэлнэ. Явахдаа их л дурамжхан явдаг даа. Энэ хэдэн хүүдүүдээсээ юм дуулчих байх л гэж бодоод байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 4,000 гаруй хүнд заасан байна. Эргэн холбоотой байгаа 90 гаран хүн байдаг.

Сүүлийн үед хүүхэд ч гэлтгүй томчууд хүртэл хамрагддаг болсон. Сургалтад гэр бүлээрээ хамрагдах нь нэмэгдсэн.

Олон эрдэмтдийн хэлж буйгаар бол хөлөгт тоглоомоор тоглож байх явцдаа олон янзын дүрсийг харж тогтоосоноор хүүхэд шугам зураг сайн саргаж сурсан байдаг. Монгол тоглоом зүгээрч нэг эсгийгээр хийсэн энгийн эд биш. Хүүхдийн тархины хөгжил, бие бялдардыг гайхалтай хөгжүүлдэг онцлогтой юм даа.

-Аймаг сумдад зохиогдсон тэмцээн уралдаанаасаа сонирхуулаач?

-Хувийн журмаар 9 удаа тэмцээн зохиосон байдаг. Аймгийн дарга нарыг хамруулсан тэмцээн уралдаан, Ховд Их Сургуулийн багш оюутнуудын дунд гэх мэтчилэн зохоин байгуулж байсан. Өдгөө 60 нас хүрч байна. Энэ хугацаанд  Монголын наадгай өв тээгч болж түгээж дэлгэрүүлэхийн тулд хэр чадахаараа л зүтгэж байна. Аливаа юмны цаад учир зүй их агуу гэдгийг хүүхдүүд минь ухаарч ойлгож уламжлалт тоглоомоо түгээн дэлгэрүүлж яваарай.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан: Б.Болормаа

Галын автомашиныг усаар хангах далд усны цэгийн хяналт шалгалтыг хийлээ
Галын автомашиныг усаар хангах далд усны цэгийн хяналт шалгалтыг хийлээ
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.