Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 320 мянга гаруй эзэнгүй муур, нохой бий гэх тооцоо судалгаа гарчээ. Жил бүр "золбин" муур, нохойг устгах ажилд 1,8 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд нийт 100 мянган нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй байдаг аж.
Түүгээр ч зогсохгүй эзэнгүй нохой, муур график өсөлтөөр өсдөг бөгөөд энэ нь эзэнгүй муур, нохой өсөх үндсэн шалтгаан болдог байна. Гэтэл манай улсад өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж ирсэн ганц арга болох буудах аргыг ашиглан муур, нохой устгадаг. Үүнийг бид жирийн нэг үзэгдэл гэж хардаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Маш хэрцгий бас тийм ч үр дүнтэй арга биш. Тийм ч учраас жил бүр өсөн нэмэгдэж буй эзэнгүй муур, нохойн тоо толгойг хэрхэн багасгах боломжтой талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Хоёр нохой жилд 16, хоёр жилд 128, гурван жилд 512, дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг бол хоёр муур жилд 24, хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг аж. Ийм ч учраас улсын хэмжээнд муур, нохой устгахдаа галт зэвсэг буюу буу ашиглан эсвэл нялх балчрыг нь савж алах зэргээр онц хэрцгий аргаар хөнөөдөг.
Хүн бүр тэр дундаа хүүхэд бүр амьтанд хайртай. Гэвч намрын улиралд эзэнгүй муур, нохойн тоо эрс нэмэгддэг байна. Учир нь зуны гурван сар хүүхдүүдээ зугаацуулах гэж эцэг, эхчүүд нохой авдаг ч хичээл эхлэхтэй зэрэгцэн гудамжинд гарган хаях тохиолдол их байдаг аж. Түүнээс гадна нохой жил хоёр удаа хээлтэн намар, хаврын улиралд зулзагаладаг бол муур жил гурван удаа хээлтдэг байна.
Мөн зарим судалгааны үр дүнд манай улсын гэр хорооллын айл өрхүүдийн 50 хувь нь гэртээ муур, нохой тэжээдэг гэсэн байдгаас гадна гэр хорооллын айл өрхүүд нохой, муурандаа спей заслага хийлгэдэггүйгээс үүдэн муур, нохойн ороо орж, улмаар олон тооны зулзагыг төрүүлдэг. Гэвч нохдын эзэд бүгдийг нь тэжээх боломжгүйгээс үүдэн зулзагануудыг гудамжинд гаргадаг. Үүнээс үүдэн эзэнгүй муур, нохойн тоо толгой буурахгүй жилээс жилд нэмэгдсээр байдаг байна.
Бид энэ талаар "Азтай савар" ТББ-ын ерөнхий кординатор Э.Бүжинлхамаас тодруулахад,
Монголчууд эр малаа засдагтай адил нохой, муурандаа үржил хаах мэс ажилбар хийлгэвэл золбин нохой, муур нэмэгдэхгүй байх боломжтой
Тэрбээр, "Нохой, муурыг золбирохоос өмнө буюу гудамжинд гарахаас өмнө гудамжинд гаргахгүй байх нөхцөл бололцоо юу байна вэ гэдгийг түрүүлж харах ёстой болчихоод байна. Тэгвэл амьтан гудманд гарахаас сэргийлэх хамгийн зөв арга нь одоо амьтан тэжээж буй хүмүүс маань өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Нохой, муурын тоо нэмэгдээд байна гэдэг нь замбараагүй үржээд байгаагийн илрэл.
Тийм учраас замбараагүй үржлийг хаах, урьдчилан сэргийлэх ганц арга бол "Үржил хаах" мэс ажилбар хийх. Эрт дээр үеэс манай Монголчууд эр малаа засаад явдагтай адил аргачлалтай гэсэн үг. Тиймээс золбирсон хойно нь яах вэ гэдэгт асуудал байхгүй болно. Эзэнгүй амьтдыг бүгдийг нь хайрлаж хамгаалах боломжгүй учраас золбин амьтдын тоо толгойг нэмэгдэхээс урьдчилан сэргийлье гэдэг нь л чухал асуудал болоод буй юм" гэв.
Олон улсын жишигт эзэнгүй амьтдын тоо толгойг багасгахдаа унтуулах, хорт утаа ашиглах зэрэг хэд хэдэн аргыг ашигладаг. Харин ядуу буурай улс орнуудын хувьд буудах аргыг хэрэглэдэг аж.
Золбин нохой, муур устгахад жил бүр 1,8 сая төгрөг төсөвлөдөг. Өмнө нь нэг золбин муур, нохой устгахад 12 мянган төгрөг зарцуулдаг байсан бол өдгөө хоёр дахин нэмж 24 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Зардал энэ хэмжээгээр нэмэгдсэн ч золбин нохой, муурын тоо толгой нэмэгдсээр байвал үр дүн гарахгүй гэсэн үг. Тийм ч учраас золбин нохой, муурын устгалаас илүү дахин нэмэгдэхгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай юм.
Тэгвэл уг асуудлаар мэргэжлийн малын эмч ямар байр суурьтай байдаг талаар "Жонон" мал эмнэлгийн малын их эмч М.Баасансүрэнгээс тодруулахад,
Гэр хороололд нохой, муур тэжээдэг хүмүүс золбин муур, нохойг бий болгох нь элбэг
"Манай улс одооноос эхлэн амьтан тэжээж буй хүн хариуцлагатай байя гэдэг асуудлыг хөндөж эхэлж байна. Бусад хөгжингүй орнуудад бол аль хэдийнээ хэрэгжчихсэн асуудал. "Гэрийн тэжээмэл амьтны хууль"-иар дамжуулан амьтдын эзэнд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох гэж байна гэж харж байгаа.
Мэргэжлийн эмч нар яагаад нохой, мууранд спей заслага хийх нь зөв хэмээн яриад байдаг вэ гэхээр эзэнгүй муур, нохойн тоо толгойг л багасгахын тулд үүнийг яриад байгаа юм. Учир нь золбин нохой ихсэх тусам хүн амьтан хазах, байгльд буй зэрлэг ан амьтныг сүрэглэж барих зэрэг асуудал гардаг. Энэ бол нийгмийн талаас зайлшгүй анхаарах ёстой асуудал.
Хоёрдугаарт, Амьтны эрхийн асуудал яригдана. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ялангуяа гэр хорооллын айлууд нохойгоо зулзагалахаар байгальд гаргаад хаячихдаг. Гэтэл тэд нь цаашаа өсөж, үржээд явна. Хоол унд багатайн дээр халдварт өвчин ч тусах эрсдэлтэй. Мөн эзэнгүй ноход байгаль дээр халдварын эх, уурхайг бий болгож байдаг. Ерөнхийдөө гэр хороололд нохой, муур тэжээдэг хүмүүс золбин нохой, муурыг бий болгох нь элбэг байдаг. Энэ бол үнэн.
Тиймээс манай улсын хувьд эзэнгүй нохдыг багасгах хамгийн зөв шийдвэр болүржил хаах мэс ажилбар хийх. Хашаанд нохой тэжээх гэж байгаа бол үржлийг нь л хаалгачих хэрэгтэй" гэсэн юм.
2015 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл дарга 500 сая төгрөгийн өртгөөр нохой, муурыг шатаах зуух байгуулж байв. Тухайн үед нэг нохой, муурыг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр үнэлж, иргэдээс гал зууханд хийж шатаах амьтдыг авдаг байсан нь эцэстээ буруу шийдвэр байсан бөгөөд хүмүүс нохой, муурыг илүү ихээр үржүүлж, зууханд аваачиж тушаадаг болсон гэдэг. Түүнээс гадна зуухны ажиллах өртөг өндөр байсан тул өнөөдөр 500 сая төгрөгийн өртгөөр баригдсан тэрхүү зуух огт ажиллагаагүй байгаа талаар "Азтай савар" ТББ-ын ерөнхий кординатор Э.Бүжинлхам хэлсэн юм.
Биднийг "Жонон" мал эмнэлэгт байх үед хүмүүс өөрсдийн тэжээдэг амьтдаа эмчид үзүүлж, зөвлөгөө, тусламж авч байв. Энэ үеэр бид муур тэжээгч, иргэн Р.Төрөөтэй хэсэг хором ярилцахад,
Амьтан тэжээж буй хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй
"Муур маань манай гэрийн үүднээс олдсон. Өмнө нь амьтан тэжээж байгаагүй ч гадаа хаягдсан байсан муурыг үрчилж авсан. Түүнээс хойш олон сар өнгөрлөө. Энэ хугацаанд тус эмнэлэгт ирж байнгын шинжилгээ өгч, вакцинд нь хамруулсан.
Амьтан тэжээх нь хүн бүрийн хийдэг ажил биш байх. Мөн нийгэм ийм хэцүү үед амьтан тэжээх боломжтой хүн цөөн байх. Хэрэв амьтан тэжээхээр болбол бүгд хариуцлагатай байх хэрэгтэй. Миний хувьд муурандаа спей заслага хийлгэсэн. Тиймээс амьтан тэжээдэг хүн бүр хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Тэжээж буй амьтнаа ч гаргаад хаячихаж болохгүй байх" хэмээв.
Дээрх сурвалжилгаас бид юуг дүгнэх боломжтой вэ.
- Эзэнгүй муур нохойн тоо, толгойг хэрхэн бууруулахад санаа зовохоос илүүтэй хэрхэн нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэгт нэн тэргүүнд анхаарах,
- Малд заслага хийдэг шиг нохой, муурандаа ч заслага хийлгэх,
- Буудаж устгахаас илүүтэй, бусад орны туршлагыг судалж, боломжит хувилбарыг ашиглах,
- Сэтгэлийн хөөрлөөр нохой, муур үрчилж авахгүй байх, гудамжинд хаяхгүй хариуцлагатай байх
- Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашааны манаач гэж харахгүйгээр, эзний хувьд хариуцлагатай байж, эрүүл мэндэд нь онцгойлон анхаарах шаардлагатай.