Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Ч.Лодойсамбууг сонгуульд Лу.Гантөмөр даргатай АН-аас Хан-Уулд нэр дэвшүүлэх асуудал яригджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 38 секунд

УИХ-аар сонгуулийн хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж эхэлж байна. Ирэх сонгуулийг холимог системээр зохион байгуулах ерөнхий агуулгатай хуулийн төслөө Н.Энхболд нарын гишүүд өргөн бариад буй нь энэ юм. Үүнээс гадна ирэх сарын эхээр гишүүдийн тоог нэмэх ерөнхий концепцтэй ҮХНӨ-ийн асуудал ч яригдах төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхийдөө сонгуулийн уур амьсгал орж, намууд дотооддоо дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод удлаа. Ялангуяа МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд хоёр ч социологийн судалгаа авч, намынхаа болон гишүүдийнхээ тойрог дахь рейтингийг тандсан.

Тэгвэл дараагийн сонгуулийг зохион байгуулах “дүрэм”-ээ намууд УИХ дээр ярихтай зэрэгцэж өөр нэг анхаарал татахуйц мэдээлэл байгаа нь “Улаан бал” нэвтрүүлгийн продюсер, сэтгүүлч Ч.Лодойсамбууг ирэх сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх тухай асуудал АН-ынхны дунд яригдаад эхэлжээ. Тодруулбал, сэтгүүлч Ч.Лодойсамбууг Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэх асуудлыг Лу.Гантөмөрийн зүгээс хүчтэй яриад эхэлсэн гэх мэдээлэл байна. Л.Гантөмөр даргатай АН-ынхны хувьд хэдийгээр сонгуулийн хууль батлагдаагүй байгаа ч өнгөрсөн гурван жилийг хэрүүл тэмцлээсээ болж хий алдсан учраас цаг алдалгүй сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон. Улмаар тойргууд дээрээ рейтингийн ерөнхий судалгааг эхлүүлээд байгаа аж. Энэ хүрээндээ Ч.Лодойсамбууг Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэхээр төлөвлөж буй гэнэ.

Ч.Лодойсамбуугийн хувьд 2012-2016 онд Лу.Гантөмөрийг БСШУ-ны сайд байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Түүнтэй тун ойрхон харилцаатай нэгэн бөгөөд өөрөө ч АН-ын дарга Лу.Гантөмөрийг улстөрчийнх нь хувьд хүлээн зөвшөөрч, хүндэлдэг талаараа багагүй дурсаж ярьсан байдаг. Мөн ардчилал, хүний эрхийн талаар байр сууриа өнгөрсөн хугацаанд хүчтэй илэрхийлж байсан сэтгүүлч билээ.

АН-ын шинэ дарга Л.Гантөмөрийн хувьд намын дарга нь Дээд шүүх дээр баталгаажиж, хэдхэн хоногийн өмнө гэрчилгээний асуудлаа нэг талдаа гаргасан. Одоо ганцхан С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүдтэйгээ ойлголцох ажил л дутуу байгаа юм. Тиймээс яаравчлан сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бололтой.

Г.Тэмүүлэн: Төсвийн хуульд гар дүрж хулгай хийдэг тогтолцоог халж, хариуцлагыг чангатгана
Г.Тэмүүлэн: Төсвийн хуульд гар дүрж хулгай хийдэг тогтолцоог халж, хариуцлагыг чангатгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.