Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнхцэцэг: Улс төрийг мөнгөний бус бодлогын өрсөлдөөн болгоход Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль чиглэх ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 49 секунд

Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш оролцоог хангах асуудлаар улс төрч эмэгтэйчүүд болон гаднын экспертүүд хоёр өдөр чууллаа. Энэ чиглэлд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-"Шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум хоёр өдөр зохион байгуулагдлаа. Форумаар улс төрд жендерийн тэгш байдал хангагдах ёстой гэх асуудлыг экспертүүдийн зүгээс илэрхийлж байна шүү дээ?

-Олон улсын форумаар парламент болон улс төрийн бүхий л үйл ажиллагаанд төлөөлөл тэгш байх нь улс орны хөгжлийн гол үзүүлэлт гэдгийг онцоллоо. Тухайлбал, энд ирсэн Британийн төлөөллийн зүгээс Монгол Улсын ардчиллын гол үзүүлэлт маш амжилттай явж байгаа, тогтвортой орсон дэглэм гэдгээрээ пост коммунист орнууд дундаа манлайлж байгаа. Гэсэн хэдий ч жендерийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ сүүл мушгиж байна гэдгийг хэлж байна. Улс төр болон эдийн засгийн асуудалд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь доогуур байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь Монголын ардчиллын гол зорилт байх ёстой гэдгийг онцлон хэлсэн.

Улс төрийн намууд, олон улсын байгууллагын төлөөллүүдийн зүгээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо дутмаг байгааг илэрхийлэхийн сацуу энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн механизм тогтолцоог Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуульд хуульчилж өгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байна.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд багтсан үндсэн гол агуулгуудын нэг нь эмэгтэй гишүүдийн квоттой холбоотой асуудал. Таны хувьд Сонгуулийн тухай хууль болон эмэгтэй квотыг нэмэгдүүлж байгаа заалт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуулийг УИХ-д суудалтай улс төрийн намууд өргөн барьсан. Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн зардлыг бууруулах, сонгууль дахь жендерийн төлөөллийг 30 хувьд хүргэж нэмэгдүүлэх заалтыг тусгасан байна. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ манай улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа.

Шийдвэр гаргах түвшин дэх оролцоо доогуур байгаа учраас 30 хувь хангалттай квот биш. Хуралд яригдсанаас үзэхэд, 40-50 хувь руу зорьж байж хүн бүрийн оролцоог тэгш хангасан парламентийг бүрдүүлнэ гэдэг байр суурьтай байна.

-Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх үндсэн шийдэл нь квот мөн үү. Хуульчилж өгөхөөс бусдаар жендерийн эрх тэгш оролцоог хангахад ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна вэ, судлаачийн хувьд?

-Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тусгай арга хэмжээнүүдийг илүү өргөн хүрээтэй зааж өгөх шаардлагатай. Судлаачдын зүгээс харахад, квот бол дэвшилттэй шийдэл. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд төлөөлөл цөөнх байгаа нөхдүүдийг дэмжих хангалттай үндэс болж чадахгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн заалтуудыг хуульчилж өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, намуудад олгож байгаа төсвийн санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүд рүү зарцуулах, улс төрд сурган бэлтгэх, тэдгээрийн эрх ашгийг парламентад хүргэх хэрэгтэй гэх үүрэг даалгаврыг өгч байгаа.

Хамгийн гол зорилт бол улс төрийн нам дотооддоо нэр дэвших бүхий л үйл ажиллагаа болон зарчим нь жендерийн эрх тэгш байдалтай, ардчилсан зарчмаар нэр дэвшигчээ тодруулдаг, нэр дэвшигч нараас ямарваа нэгэн байдлаар хөрөнгө мөнгө дэнчин нэхдэггүй зэрэг санхүүгийн болон дотоод ардчиллын сайн механизм байх нь чухал. Үүнийг улс төрийн намын тухай хуулиар зохицуулж өгч байгаа.

-Хуульд тусгасан квоттой холбоотой заалтыг сонгуулийн үр дүнтэй хэрхэн уяж өгөх шаардлагатай гэж харж байна?

-Улс төрийн намууд нэр дэвшигч тодруулах, нийгмийн болон улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол институт учраас маш хариуцлагатай байх ёстой. Жишээлбэл, тухайн нам дотроо дотоод ардчилалгүй, Их хурлаа анх үүсгэн байгуулагдах үедээ хийснээс хойш 20 жил хийгээгүй гэх намууд ч байна. Тиймээс дотоод шийдвэр гаргах түвшин дэх жендерийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хангах, залуус ахмадын дуу хоолойг сонсох эргээгээд нам нь ардчиллыг хангасан тэгш эрхийнхээ төлөө тодорхой үүрэг хүлээдэг бахй ёстой.

Хэрвээ тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн намд тодорхой хэмжээний шийтгэл, сахилгын болон санхүүгийн торгууль ногдуулдаг систем рүү орох нь зөв. Үүнийг ч улс төрийн намын тухай хуульд тусгасан байгаа. Олон улсын чиг хандлага ч үүнд төвлөрч байна.

-Форумаар сонгогчийн боловсролтой холбоотой асуудлыг сайн хөндөж чадаагүй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд дурдсан. Сонгогчийн боловсрол чиглэлд улс төрийн намууд ямар үүрэг хүлээх ёстой юм бэ?

-Сонгогчдыг боловсрол асар чухал асуудал. Ялангуяа шинэхэн ардчилалтай гэж тооцогддог манай улсын хувьд иргэдээ соён гэгээрүүлэх, ардчилалд сургах тэр дундаа сонгуульд юу чухал вэ, иргэн төрийн удирдах түвшинд төлөөллөө сонгох нь ирээдүйд ямар нөлөөллийг дагуулах вэ гэдгийг ойлгуулах шаардлагатай. Тиймээс улс төрийн намууд гишүүд болон олон нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах үүргийг хүлээлгэж байгаа.

ХБНГУ Европын орнуудын улс төрийн намуудын гол гүйцэтгэх үүрэг нь иргэд олон нийтийг улс төрийн боловсролд ардчиллын үнэт зүйл, хүний эрх, жендерийн чиглэлээр сургадаг. Үүний тулд төсвийн санхүүжилтийг тодорхой хэсгийг иргэдийн улс төрийн боловсролын чиглэлд зарцуулдаг. Энэ чиглэлээр өмнө манайд хууль эрх зүйн орчин байгаагүй. Тэгвэл улс төрийн намын тухай хуулийн шинэ төслөөр улс төрийн намууд нийгмийн бүлгүүд рүү чиглэсэн ардчиллын үнэт зүйлсийг сурган түгээх үүргийг хүлээлгэж байгаа.

-Манай улс ардчиллын бусад үзүүлэлтээрээ амжилттай явж байгаа ч жендерийн тэгш байдлаар сүүл мушгисан хэвээр байна-

-Та форумын үеэр сонгуулийн зардлыг бууруулах тал дээр байр сууриа илэрхийлнэ лээ?

-Монголын ардчиллын хамгийн чухал асуудлын нэг нь улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөө өндөр байгаа явдал юм. Мөн улс төрийн нам болон нэр дэвшигчдийн сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилт хаалттай байгаа. Хэдийгээр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс МАН намын санхүүжилтийг ил тод болгосон боловч бусад 35 намын санхүүжилт хаалттай байна.

Улс төрийн намын тухай хуулиар бүх нам жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа олон нийтэд ил болгож Сонгуулийн хороонд хүргүүлнэ. Хүргүүлээгүй болон санаатай, санамсаргүй байдлаар алдаа гаргасан бол засах боломж олгож байгаа. Хэрэв тэрхүү алдаа нь эрүүгийн шинж чанартай байвал Эрүүгийн тухай хуулиар хариуцлага тооцохоор тусгаж буй.

Мөн тухайн нам төсөвт санхүүжилт авдаг бол санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байвал төсвийн санхүүжилтийг зогсоох хүртэл хариуцлагын механизмыг уяж байгаа. Ингэж байж улс төрийн намуудын ил тод болгоно. Ялангуяа санхүүжилтийг. Сая л гэхэд Хөгжлийн банкны сонсгол, нүүрсний хулгайн асуудлаас олж харлаа шүү дээ. Маш олон компани улс төрд нөлөө бүхий этгээдүүд зээл авчихсан, зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүйн дээр түүний тодорхой хувь нь улс төрийн намын аль эсвэл улс төрчийн сонгуулийн болон бусад хандив руу орсон байх магадлалтай. Иймээс бид улс төрийг мөнгөний бус бодлогын өрсөлдөөн болгох чиглэл рүү Сонгуулийн тухай хуулийг ч, улс төрийн намын тухай хуулийг шинэчилж хийх шаардлагатай.

-Форумд оролцсон гаднын экспертүүд манай улсын УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо чиглэлд ямар "дүгнэлт" өгч байх юм?

-Маш чамлалттай байр суурийг илэрхийлж байна. Монгол Улсын парламентад эмэгтэй гишүүдийн төлөөлөл 17 хувийг эзэлж байна. Дэлхийн дундаж 21-25 хувь, Азийн дундаж 21 хувь байдаг. Манай улс ардчиллын бусад үзүүлэлтээрээ амжилттай явж байгаа ч жендерийн тэгш байдлын хувьд сүүл мушгисан хэвээр байна. Тиймээс олон улсын форумд оролцохоор ирсэн гаднын экпертүүд, олон улсын байгууллагууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь зөв, тогтвортой хөгжлийн гол зорилтын нэн чухал асуудал гэдэгт санал нэгдсэн байна.

-Ярилцсанд баярлалаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-ийн хугацааг 6 сараар “сунгана“
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-ийн хугацааг 6 сараар “сунгана“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.