Он гарснаас хойш Говь-Алтай аймагт хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Есөнбулаг сумаас гурав, Дэлгэр сумаас нэг хүн хачигт халдвараар өвчилсөн байна. Энэ жил хачигт халдварын шинжилгээ хийгдэж байгаа голомтот сум бол Баян-Уул, Хөхморьт сумд багтаж байгаа бол өмнөх онд Дэлгэр, Есөнбулаг, Тайшир сумдад шинжилгээ судалгаа хийж, хачигт халдварын голомттой гэдэг нь батлагджээ.
Хачигт халдварын идэвхжил ихсэж буйтай холбогдуулан иргэдийг хачигт халдвараас сэргийлж онцын шаардлагагүй бол идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх, халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөх, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Montsame