УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулиар тус салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхээх эрх зүйн шинэчлэлийг хийж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, төр, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгаж байна. Үүнд, Нэгдүгээрт, Ерөнхий төлөвлөгөөг гаргадаг болно. Хэдэн сая жуулчныг татахтай уялдуулаад орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, магистрал шугамуудыг бий болгох, замын амрах цэгүүдийг бий болгох, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороогоор батлуулдаг байхаар өөрчлөлт орж байна. Ерөнхий төлөвлөгөөг батлахдаа гурван төрлийн санхүүжилт байх боломжтой гэж үзэж байна.
Үүнд, нэгдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх буюу төр хувийн түншлэл.
Хоёрдугаарт, улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт.
Гуравдугаарт, Аялал жуулчлалын сангаар санхүүжих боломжтой гэж үзсэн. Хоёрдугаарт, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж Аялал жуулчлалын сангийн асуудал орж ирж байна. Санхүүжилт нь навигацийн орлогын 20 хувиар төсөлд туссан. Дээрх санхүүжилтээр татаас өгөх замаар гадаадын жуулчин авч ирэх авиа компаниудыг гадаадын аялал жуулчлалын компаниудтай гэрээ хэлцэл хийх боломжийг бий болгоно.
Мөн гадаадад Монгол Улсыг сурталчлах ажлыг Аялал жуулчлалын сангаас хийнэ. Гуравдугаарт, жилийн дөрвөн улиралд Аялал жуулчлалыг татах зорилгоор эвентүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын аль бүсэд эвентүүд зохион байгуулах уу гэдгийг тухайн жилдээ батлуулаад явна. Мөн татвартай холбоотой гурван өөрчлөлт хийхээр ярьж байна. Тодруулбал, нэгдүгээрт гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжийг хуулиар бүрдүүлнэ. Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг хуульд тусгаж оруулж ирж байна. Гуравдугаарт, дотоодын нислэгт зарцуулагдаж буй түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг зохицуулснаар дотоодын нислэгийн зардал буурах боломжтой гэж харж байна. Мөн жуулчдын аюулгүй байдлыг хуулиар хамгаалах асуудал Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд түлхүү тусгагдаж байна” гэв.