Тавин сая төгрөгийн үнэ цэнийг хүн бүр янз бүрээр л тайбарлана. Ихэнх хүмүүсийн амьдралд бодитоор нөлөөлөх бол хөрөнгө мөнгөтэй хэсэгт нь халаасны л мөнгө. Тэгвэл төр энэ мөнгийг үе үеийн УИХ-д орон нутгаас сонгогдсон гишүүдэд нэг удаагийн дэмжлэг хэлбэрээр олгож иржээ. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар парламентын нэг удаагийн бүрэн эрхийн хугацаанд 6-10 УИХ-ын гишүүн энэхүү орон байрны дэмжлэгт хамрагддаг байна.
Мөн санхүүжилтийн зардлыг өмнөх жилийн төсөвт урьдчилж төлөвлөдөг бөгөөд ингэхдээ орон нутгийн тойргын мандатаар тооцоолдог байна.
УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болох хүртэл үндсэн хоёр баталгаагаар хангагддаг. Нэгдүгээрт халдашгүй байдлын баталгаа. Хоёрдугаарт авлига, ашиг сонирхолд автахгүйн тулд эдийн засгийн баталгаагаар хангагддаг байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн асуудал яригдах бүрд бүрэн эрхийн асуудал дагаад хөндөгддөг. Хуулийнхны ганц шүдний өвчин болж буй халдашгүй байдлын баталгаа нэг талаараа хэрэг хянан шалгах процесст онцгой саад учруулдаг гэдэг.
Гэвч эсрэгээрээ тэднийг авлигаас ангид байж, шударга зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлж ирсэн ч хэн ч үүнийг хөндөж ярьдаггүй.
Тэгвэл бид энэ удаад орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд улсын төсвөөс нэг удаад орон байрны дэмжлэг үзүүлдэг асуудлыг хөндөж байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн 61-р зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг зааж өгсөн байх бөгөөд 61.1.5-д орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх гэж заажээ.
Үүний дагуу төрөөс эхэндээ орон сууцны дэмжлэг үзүүлж, сүүлд тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас буюу 1992 оноос хойших нийт 8 удаагийн парламентын үед энэ дэмжлэгийг төсвөөс гаргаж үе үеийн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд олгож иржээ.
“Эхлээд байр, дараа нь 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болов”
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.Өлзийсайхан: Аль ч улс орны парламентад УИХ-ын гишүүн хүн халдашгүй байдлын болон, эдийн засгийн бүрэн эрхийн баталгааг эдэлдэг. Эдийн засгийн баталгааны хувьд УИХ-ын гишүүний авч буй цалин, урамшуулал багтах бөгөөд орон нутгаас төлөөлж сонгогдсон тохиолдолд нийслэлд амьдрах орон сууцны нэг удаагийн дэмжлэг өнгөрсөн хугацаанд олгож ирсэн байдаг. .Орон нутгаас сонгогдож дэмжлэг хүссэн УИХ-ын нэг гишүүнд 50 сая төгрөг олгох журамтай. Нэг парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд дунджаар 300-400 сая төгрөг зарцуулагддаг гэсэн үг.
УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар: 1992-1996 оны УИХ байгуулагдсан цагаас эхэлж орон байрны дэмжлэгийг олгож ирсэн. Тухайн үед Одоогийн Сансарын 12 давхар орон сууцнаас орон нутгийн гишүүдэд тус бүр нэг өрөө байр олгодог байсан юм билээ. Тэр үеийн гишүүд нэг дор байрладаг. Өглөө, оройд төрийн ордноос автобусаар авхуулж, хүргүүлдэг байсан гэж түүх болгож ярьцгаадаг. Тухайн цаг хугацаанд өмч хувьчлах хууль батлагдаагүй. Төрөөс иргэддээ орон сууц хуваарилж өгдөг байсан цаг. Түүнээс хойших түүхийг сайн мэдэхгүй юм.
Сүүлийн мэдээгээр авч үзвэл 2012 оноос хойш орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд 50 сая төгрөгийг орон байрны дэмжлэг хэлбэрээр олгож ирсэн байна. Нэг хэсэг байраар нь өгч байгаад сүүлдээ тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлдэг болсон гэдэг.
Ер нь бол дэлхийн аль ч улс оронд Парламентын гишүүнийг ажиллах нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангадаг жишиг бий. Энэ агуулгаараа Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжид туссан байдаг. Одоогийн 50 сая төгрөг орон сууцны зах зээлийн ханшаар тооцвол 50 хувьд ч хүрэхгүй.
“2016-2020 онд 8 УИХ-ын гишүүн, 2020 оноос хойш 6 УИХ-ын гишүүн төсвөөс 50 сая төгрөгийн байрны дэмжлэг авчээ”
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар орон нутгаас 52 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Тэдгээрээс нийслэл хотод өөрийн гэсэн орон гэргүй тул дэмжлэг хүссэн 6-8 гишүүн байгааг УИХ-ын Тамгын газраас хэлж буй.
Тодруулбал, саяхан прокурорын саналаар бүрэн эрх нь түдгэлзэх шахсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас авхуулаад УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар орон сууцны дэмжлэгт тус бүр 50 сая төгрөг авч байжээ. Харин 2016-2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон нийт найман УИХ-ын гишүүн орон сууцны дэмжлэгт төсвөөс 50 сая төгрөг авсан байна. Тэгвэл төсвөөс 50 сая төгрөгийн дэмжлэг авч орон гэртэй болсон гэх УИХ-ын гишүүдийн 2020 онд мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2020 онд 795 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууцтай байв
Түүний өөрийн орлого 22 сая төгрөг байсан бөгөөд УИХ-ын гишүүнээр ажилласнаас хойш жилийн дараа 132 сая төгрөг болж өсжээ. Харин гэр бүлийн орлого нь 40 сая төгрөг байна. Нийт дүнгээрээ 795 сая төгрөгийн хөрөнгө, орлоготой гэжээ.
Нийт дүнгээрээ 795 сая төгрөгөөр Амины орон сууцгүй. Нийтийн 3 орон сууцтай. Хашаа байшинтай. Үйлчилгээний зориулалтын хоёр орон сууцтай.
Мөн тэрбээр 240 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин, Toyota, Lexus маркийн автомашинтай байхаас гадна 80 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй.
41 сая төгрөгийн хадгаламжтай. Авлага 118 сая төгрөг. Зээл 234 сая төгрөг гэж тухайн үед мэдүүлж байжээ.
Харин тэрбээр Улсын төсвөөс олгодог нэг удаагийн дэмжлэгийг авснаа тайлбарлахдаа “Ер нь бол хөдөө орон нутгаас, Улаанбаатар хотод шилжин ирж байгаа УИХ-ын гишүүдэд нэг удаагийн дэмжлэг улсаас үзүүлдэг юм билээ. Би 50 сая төгрөг авсан. Улаанбаатар хотод орон гэргүй гишүүдэд шаардлагатай л зүйл гэж хардаг” гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2020 онд 542 сая төгрөгийн хоёр орон сууцтай байжээ
Түүний өөрийн орлого 32 сая төгрөг. Гэр бүлийн орлого 19 сая төгрөг бөгөөд нийт 542 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай, зуслангийн байшинтай. Хоёр ширхэг авто зогсоолтой гэжээ. Мөн 74 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг автомашин, Honda, Logo-1, Hyundai, Sonata V автомашинтай.
164 сая төгрөгийн үнэлгээ бүхий эзэмших гэрчилгээтэй 3 газар, өмчлөх гэрчилгээтэй нэг газартай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 82 сая төгрөгийн хадгаламжтай. Тухайн үед 38 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байжээ. Мөн Сэрсэн говь ХХК-ийн эцсийн өмчлөгч аж.
Түүний хувьд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаж прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д орж ирснээр өнгөрсөн долоо хоногт дуулиан тарьж үлдсэн гишүүн юм. Прокурорын байгууллагаас Н.Наранбаатарын 16 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн гэх боловч тэрбээр тухайн хөрөнгүүдээ үгүйсгэж огт байхгүй мэтээр мэлзэж хэвлэлийнхэнд тайлбар өгсөн байдаг.
Ингэхдээ тэрбээр "Маршал таун хотхонд 250 м2 тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлахдаа тодорхой хэмжээний хөрөнгийг УИХ-ын Тамгын газраас орон нутгийн гишүүдэд нэг удаа олгодог 50 сая төгрөгийн дэмжлэгээс бүрдүүлсэн" гэж ам алдсан юм.Тэрбээр худалдаж авсан орон сууцаа байдаг л нэг нийтийн орон сууц хэмээн ярьж байсан нь саяхан.
УИХ-ын гишүүн Б.Бейсен 2020 онд 838 сая төгрөгийн байруудтай байжээ
Түүний өөрийн орлого 103 сая төгрөг. Гэр бүлийн нийт орлого 18 сая төгрөг. 838 сая төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууц, нийтийн 2 орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг орон сууц, Монгол гэр 1, хоёр авто гражтай байжээ.
Үүнээс гадна 186 сая төгрөгийн Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 450- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай гэж мэдүүлжээ.
Мөн 33 сая төгрөгийн тус бүр 22 адуу, үхэртэй. 40 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай бөгөөд 141 сая төгрөгийн зээлтэй хэмээжээ. Тэрбээр Бейсчипа ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч юм байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсений хувьд Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ирэхдээ УИХ-ын Тамгын газарт орон байрны дэмжлэг үзүүлэх өргөдөл бичиж 50 сая төгрөг авч байсныг эх сурвалж мэдээлээд буй.
УИХ-ын гишүүн Г.Ганболд 2020 онд 263 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууцтай байв
Түүний өөрийн орлого 34 сая төгрөг. Гэр бүлийн орлогогүй бөгөөд 263 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 нийтийн орон сууцтай гэж мэдүүлж байжээ.
Харин 212 сая төгрөгийн суудлын жижиг машин,Toyota, Corolla runx- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 авто машинтай.
20 сая төгрөгийн эзэмшлийн газартай бөгөөд 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжгүй. 212 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байжээ.
Харин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаас хойш тухайн хүмүүсийн хөрөнгө орлого илт нэмэгдсэн нь АТГ-аас гаргасан 2021 оны ХОМ-ээс харагдаж байгаа юм.
“Төрийн дэмжлэгийг мэдээгүй, авахыг хүсээгүй..."
Тэгвэл Орон нутгаас сонгогдсон хэрнэ төсвөөс үзүүлэх нэг удаагийн дэмжлэг авч чадаагүй УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Тэдний зарим нь өөрийн хүсэлтээр татгалзсан гэх бол бусад нь огт мэдээгүй хэмээн хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Би хамгийн анх 2012 онд УИХ-д бие даагч гишүүнээр сонгогдож байлаа. Урьд нь орон нутгаас сонгогдсон гишүүдэд орон байрны дэмжлэг гэж олгодог байсан юм билээ. Одоо яаж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй. Би бол аваагүй. Ер нь УИХ-ын гишүүн болсноороо заавал төсвийн хөрөнгөнөөс гэр орноо бэлдүүлэх шаардлага байхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн: Би дэмжлэг авч байгаагүй. Энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Авах ч шаардлагагүй гэж боддог.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Сонсож байсан юм байна. Гэхдээ авч байгаагүй. Дэмжлэг үзүүлж байгаа мөнгөн дүн нь их хэмжээгээр биш бол болох л асуудал байх.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид сонгогдох гэж юу ярьдаг билээ дээ. Ард түмнийхээ төлөө үйлчилнэ гэж л гарч ирсэн. Гарч ирчхээд өөрсдийнхөө ахуй амьдралдаа дэм болох гэж зүтгэнэ гэдэг нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж болох цаг болсон.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Миний хувьд төрөөс ийм дэмжлэг үзүүлдэг гэдгийг мэдээгүй. Саяхан зарим гишүүд ярихаар нь мэдэж авсан. Ер нь авах ч шаардлагагүй гэж боддог.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: "Би энэ дэмжлэгийг аваагүй. Өөрөө татгалзсан. Тухайлбал, Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин гишүүн бид хэд татгалзсаныг санаж байна. Миний хувьд тариачин учраас өөрийн гэсэн бизнесийн орлогоороо боломжийн амьдарч байгаа. Заавал төрөөс татаас авч амьдралдаа зарцуулах шаардлага надад байхгүй гэж үзсэн" хэмээв.
Цаашид Улсын төсвөөс гарч буй үр ашиггүй зардлуудыг бууруулж, хувьд очдог дэмжлэгийг болиулах шаардлагатай байгааг хэлэх хүмүүс олон байна. Товчхондоо авлагаар эхэлсэн улс төр эцэстээ авлигаар дуусдаг жишгийг халах цаг болсныг сануулж буй.