Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганбат: Ачаа тээврийн жолооч нар ачаагаа 4 метрээс илүү ачиж, Улаанбаатар хот руу нэвтрэх нүхэн гарцанд механик гэмтэл үүсгэж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 27 секунд

Төв аймаг, Мандалговь, Даланзадгад, Чойр чиглэлийн автомашинууд Улаанбаатар хот руу орохдоо зайлшгүй Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн нүхэн гарцаар дайрч өнгөрдөг. Гэвч жолооч нар тэр дундаа том оврын ачааны автомашины жолооч нар ачааныхаа даац, хэмжээг хэтрүүлснээс үүдэн нүхэн гарцанд гацах, эвдэх мөн урд нь байрлуулсан өндрийн хязгаарлагчийг эвдэх тохиолдол гардаг байна.

Энэ нь цаашлаад өөрийн болон бусдын эд хөрөнгийг сүйтгэх улмаар амь насанд ч аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй бөгөөд нүхэн гарц, гүүрийн насжилтад ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд бид уг асуудлаар "ТӨВ АЗЗА" ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Ганбаттай ярилцлаа.

-Энэхүү нүхэн гарцны урд байрлах өндрийн хязгаарлагчийг ямар төрлийн автомашинууд эвдэх тохиолдол их гарч байна вэ. Үүний улмаас ямар, ямар эрсдэл үүсэж байна?

-Энэ зам нь Олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32,3 километрийн урттай, Монголын хамгийн анхны тууш зам байгаа юм. Уг зам нь хоёр цэгт буюу замын эхлэлээс 226 метр болон замын дунд хэсэг болох 7,6 дахь километр дээр нийслэлийн болон орон нутгийн зам давхцаж улмаар нүхэн гарц болон гүүрээр тээврийг хэрэгслүүдийг нэвтрүүлдэг.

Яг одоо энд тулгараад байгаа асуудал гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасны дагуу том оврын тээврийн хэрэгсэл ачаа ачаад явахдаа өндрийн хэмжээгээ стандарт түвшинд ачих ёстой байтал хэтрүүлж ачих тохиолдол их гаргаж байна. Үүнээс үүдэн нүхэн гарц болон гүүрэнд механик эвдрэл үүсэж байгаа юм.

Учир нь хэмжээ хэтэрсэн ачаа нүхэн гарцыг мөргөж аюулгүй байдал болон насжилтад нь маш сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Үүнээс сэргийлэх үүднээс нүхэн гарцны урд хэсэгт өндрийн хязгаарлагчийг байрлуулсан хэдий ч энэхүү өндрийн хязгаарлагчийг ч мөн эвдэж, сүйтгэх тохиолдол их байна. Ийм учраас тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд болон хувь хүмүүс стандартын хэмжээнд ачаагаа ачих шаардлагатай байна.

-Та сая хэллээ шүү дээ өндрийн хязгаарлагчийг ч мөн эвдэж, сүйтгэх тохиолдол гарсан гэж. Магадгүй энэ хязгаарлагч унах улмаар бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулах эрсдэлтэй юу?

-Мэдээж эрсдэлтэй. Хэтрүүлэн ачсан ачаа нь өндрийн хязгаарлагчийг эвдэж, нураагаад өөр дээрээ тэгнээд үлдэх эсхүл хажуугаар нь өнгөрч буй суудлын автомашинуудын дээрээс унах ч эрсдэлтэй. Энэ нь бусдын эд хөрөнгийг гэмтээх магадгүй аюулт осол үүсэх мөн зам тээврийн түгжрэлийг ч бий болгодог.

4,5 метрийн өндөртэй өндрийн хязгаарлагч

-Жолоочдын зүгээс өндрийн хязгаарлагчийг харахгүйгээр, анзаарахгүйгээр ийм алдаа гаргаад байна уу. Эсвэл?

-Жолооч нарын хувьд "Энэхүү нүхэн гарцаар багтана гэж боддог. Би маш холоос ачаа тээвэрлэж ирж байгаа" гэдэг тайлбарыг өгдөг л дөө. Угтаа энэхүү тэмдэг, тэмдэглэгээг анзаардаг гэсэн үг. Гэтэл энэхүү нүхэн гарц нь Улаанбаатар хот руу орох ганц гарц юм.

-Замын хөдөлгөөний дүрмэнд ачааны автомашин ачаагаа хэдэн метр хүртэл ачих ёстой байдаг юм бэ?

-Ачааны өндрийн хязгаарыг дөрвөн метр /4 м/-ээс хэтрэхгүй байхаар зааж өгсөн байдаг. Гэтэл жолооч нар заасан хэмжээг зөрчөөд байгаагаас ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм.

-Нүхэн гарцанд мөн өндрийн хязгаарлагчид гарсан эвдрэл гэмтлийг хаанаас хэн хариуцаж засдаг юм бол?

-Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн жолоочоор нөхөн төлүүлдэг. Гэхдээ жолооч нар шөнийн цагаар их нэвтэрдэг учраас зарим тохиолдолд мэдэгдэхгүй өнгөрөх, өндрийн хязгаарлагчийг эвдэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд манайхаас өөрсдөө засварладаг.

Хэрэв жолооч энэ төрлийн осол гаргаад баригдвал 102-т дуудлага өгч ХУД-ийн ТЦА-аас байцаагч ирж тухайн жолоочоор заварлуулдаг. Ингэхдээ манайхаас мөн технологий нь зааж, зөвлөдөг байгаа.

-Үүнээс өөр нүхэн гарц бий юу?

-Байлгүй яахав. Олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын 7,6 дахь киолметрт байрлах 74 метрийн урттай төмөр бетон гүүр байгаа. Уг гүүр нь мөн замын түвшнээс 5 метрт байрладаг. Урд нь мөн л 4,5 метрийн өндрийн хязгаарлагчийг байрлуулсан байгаа. Гэтэл жолооч нар өндрийн хязгаар буюу зорчих хэсгээрээ гарахгүй замаас гарч, шороон замаар буюу зориулалтын бус замаар зорчдог.

Гэтэл өмнө ярьсан 226 метр дахь нүхэн гарцыг очиж мөргөөд байгаа юм.

Үүнээс үүдэн жолооч нар "Өмнөх хоёр нүхэн гарцаар саадгүй давсан. Яагаад 226 метр дахь нүхэн гарцанаар гарах боломжгүй байгаа юм бэ" гэдэг асуултыг тавьдаг л даа. Тэр бол мэдээж зориулалтын замаар тэр дундаа өндрийн хязгаарлагчаар зорчих бус хажуу дахь шороон замаар нь гарснаас үүдэн ялгаатай нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тиймээс жолооч нарыгаа тэр дундаа ачаа, тээврийн жолооч нарыгаа ачаагаа хэтрүүлж ачихгүй, норм, стандартын дагуу буюу 4 метр хүртэлх хэмжээнд ачиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Гарди: Хуулийн байгууллагад шилжүүлж буйтай холбоотойгоор БЗС-гийн зээлээ төлөөгүй зарим иргэд холбогдож, эргэн төлөлтөө хийж эхэлсэн
Д.Гарди: Хуулийн байгууллагад шилжүүлж буйтай холбоотойгоор БЗС-гийн зээлээ төлөөгүй зарим иргэд холбогдож, эргэн төлөлтөө хийж эхэлсэн
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.