Өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвээр Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг нийтэд ил болгосон явдлыг нэрлэж болно. БШУ-ны сайдын зүгээс мэдээллийг ил болгохын сацуу зээлээ төлөөгүй 230 хүний асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдсэн. Тэгвэл Боловсролын зээлийн сан тойрсон асуудлуудын талаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гардитай цөөн хором ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт зээлийн сангийн мэдээллийг нийтэд ил болгосон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд зээлийн сан дотооддоо хяналттай байсан уу гэх асуудал ч яригдлаа?
-Боловсролын зээлийн сан 1993 оноос хойш зээл тэтгэлэг олгож эхэлсэн. Гадаад болон дотоодын их, дээд сургуулийн суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт зээл авсан иргэдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй гаргалаа. Би өнгөрсөн жил томилогдож байсан. Үүнээс хойш БШУ-ны сайд болон яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сүүлийн 30 жилийн зээлийн мэдээлэлд хяналт тавьж, шалгалт оруулж цэгцэлж байгаа юм. Өмнөх 29 жил гэж ярьвал манай Боловсролын зээлийн сан хяналтаа алдчихсан байсан. Тодруулбал, зээлээр суралцсан суралцагч нарын зээлийн эргэн төлөлт, чөлөөлөгдөх, үүргээ биелүүлсэн эсэх тал дээр асуудлууд байсан.
-Танайхаас гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Бидний зарласан хүмүүсийн дунд 230 хүний нэр асуудалтай хэмээн цохогдож байгаа. Тухайн хүмүүсийн бүртгэл, эргэн төлөлт, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэх мэдээлэл манайд байхгүй. Эдгээрийг хянан шалгаж эргэн төлөлтийг нь хийлгэхийн тулд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг нь хангаж байгаа.
-Бүртгэл байхгүй гэдгийг тодруулбал?
-Тухайн суралцагч манайхаас зээл авсан гэдэг бүртгэл нь байгаа. Авсан нь үнэн. Харин төгссөнийхөө дараа их, дээд сургуулиа амжилттай төгссөнөө нотолж дипломоо бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл тухайн мэдээлэл нь манайд байхгүй, эргэх харилцаа байхгүй болчихсон гэсэн үг. Тиймээс тухайн зээл авсан суралцагч маань төгссөн үү, төгсөөд тухайн улсдаа үлдсэн үү, эх орондоо ирсэн үү зэргийг шалгаж, тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг болж таарч байгаа юм.
-Гадаадад суралцагчдын зээл олголтоос гадна чөлөөлөлтөд тавигдах шаардлагын тухайд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Гадаад улсад зээлийн сангийн тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын хувьд, зээл тэтгэлгийн хосолсон хөтөлбөр гэж явдаг. Учир нь, Боловсролын зээлийн сан Засгийн газрын бодлогын хүрээнд Монгол Улсад хэрэгцээтэй хүний нөөц, боловсон хүчинд анхаарах ёстой байгууллага. Мэдээж тухайн дэлхийн шилдэг сургуулийн сургалтын төлбөр маш өндөр. Дотоодын ид, дээд сургуультай харьцуулахад хамгийн багадаа 10 дахин их зөрүүтэй байдаг. Дунджаар 20-25 дахин зөрүүтэй байдаг юм. Урилгаа авчихсан, сонгон шалгаруулалтад давсан, БШУЯ-наас тушаал нь гарчихсан хүүхдүүдтэй гэрээ байгуулахын өмнө бид барьцаалбар хийдэг. Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбар хийдэг. Учир нь тухайн иргэн гадаадад очоод хаан суралцах, төгсөөд ирэх тал дээр хариуцлагажуулж буй үйлдэл болж буй юм. Түүнийхээ дагуу амжилтай төгсөөд, Монголдоо ирж эзэмшсэн мэргэжлээрээ таван жил ажилласан бол зээлээс чөлөөлнө. Энэ бол шинэ тогтоолд тусгагдсан зүйл. Харин хуучин тогтоолоор төрийн албанд таван жил ажилласан, орон нутагт гурван жил ажилласан бол зээлээс чөлөөлнө гэх заалттай байсан. Үүний хүрээнд гадаадад суралцагчдад олгож буй төлбөр нь зээл гэсэнд хамаатаж байгаа юм.
Харин тэтгэлэг гэдэгт нь, сурсан мэдлэгээ Монгол Улсдаа тухайн байгууллагад ажиллаад 5 жилээ гүйцээсэн бол хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, суралцсан өндөр хөгжилтэй орны боловсролыг эх орондоо нутагшуулж, хөрөнгө оруулалт хийснээр Монголын хөгжилд дэвшилд оруулж буй хувь нэмэр гэж үзэж хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулж байна гэсэн үг юм.
-2022 онд гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг үндэслэлээр намайг зээлээс чөлөөлсөн. Өөрөө өөрийгөө зээлээс чөлөөлнө гэх ойлголт байхгүй-
-Өнгөрсөн долоо хоногт зарлагдсан нэрсээс хэчнээн нь зээл чөлөөлөлтөд хамрагдсан бэ?
-Гадаад зээлийн мэдээлэлд бакалаврын түвшинд 421, магистр докторын түвшинд 1950 хүний нэрийг зарласан. Үүнээс 900 гаруй хүн чөлөөлөгдсөн.
-Өөртэй тань холбоотой асуудал ч олон нийтийн анхаарлыг татаж байна. Таны хувьд зээлийн сангаас зээл авч ОХУ-д суралцсан юм билээ. Гэтэл та БЗС-гийн даргаар томилогдож ирсэнийхээ дараахан өөрийгөө зээлээс чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Би Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2014 онд тодорхой шалгууруудыг давж, ОХУ-ын дипломат академид суралцсан. Олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшээд 2016 онд эх орондоо буцаж ирээд, зээлийн санд мэдээллээ бүртгүүлсэн. Ингэхдээ боловсролын салбарт гадаад харилцааны чиглэлээр ажилласан. Ажиллах хугацаандаа 60-аад сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа тал дээр ажилласан байдаг. Түүнээс гадна жил бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийн тоо нэмэгдэж байгаа. Тэр бүр би болон манай хамтарч ажиллаж байсан хүмүүсийн ажлын үр дүн байсан. Би энд томилогдож ирэхээсээ ч өмнө ажилгүй байхдаа буюу 2021 оны 11 дүгээр сард хүсэлтээ өгчихсөн байсан. Үүний хүрээнд яаман дээр шалгалт процесс нь явж байгаад 2022 онд гэрээний үүргээ биелүүлсэн гэдгээр сайдын чөлөөлөх тушаал гарсан байдаг. Түүнээс биш би өөрөө өөрийгөө зээлээс чөлөөлнө гэх ойлголт байхгүй.
-230 хүний асуудал тойроод 10 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ байдал нь эргээгээд дараа дараагийн зээлдэгч нарт хүндрэл үүсгэж байгаа байх?
-2022 онд томилогдож ирсэнээс хойш хяналтын чиглэл нь алдагдчихсан байсан. Хууль хяналтын байгууллагуудтай мэдээллээ нягт солилцож ажиллаж байгаа. Учир нь энд бид төрийн мөнгөөр сайн боловсон хүчин бэлдэхээр ажиллаж байгаа. Харин гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй хүмүүст бид эргэн төлөлтийг нь шаардах ёстой. Энэ нь дараа дараагийн хүүхдүүдийн боломжийг хааж буй хэрэг. Тиймээс Боловсролын зээлийн сан шийдвэрээрээ эргэн төлөлтөө хий гэдэг биш хуулийн байгууллагатай хамтарч л энэ асуудлыг шийдэж чадна.
Манай улс өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд бий. Энэ утгаараа төрийн байгууллага учраас төсөв буурах магадлал өндөр. Манай байгуулага маш буянтай байгууллага. Дотоод болон гадаадын их дээд сургуульд суралцах олон иргэдэд дэмжлэг үзүүлж байгаа. Тиймээс хяналтын чиглэлээ улам сайжруулах ёстой.
-БЗС-аас авсан зээлээ төлөөгүй 230 хүний мэдээллийг энэ долоо хоногийн сүүлээр нийтэд зарлахаар төлөвлөж байна-
-Гадаадын их, дээд сургуульд суралцахаар зээл авсан оюутнуудын хувьд ямар шалгуур хангасан бэ гэх асуулт олон нийтийн дунд ч байна?
-Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд маш өндөр шалгуурыг давсан суралцагчид элсдэг. Бүх улсын хүүхдүүд түүнд элсэхийн тулд маш олноороо өрсөлддөг юм. Стэнфордын их сургуулийн нэг хөтөлбөрт л гэхэд 20-150 мянган хүүхэд өрсөлддөг. Тэндээс Монгол Улсын нэг хүүхэд үндсэн ангид суралцах урилга авна гэдэг бол өөрөө хамгийн эхний шалгуур. Дараагаар яамнаас тавигддаг сонгон шалгаруулалтад орж байгаа. Урилга авсан хүүхэд бүрт зээл олгож чадахгүй учраас сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулж байгаа хэрэг. Тэгэхээр сонгон шалгаруулалтын дагуу ажлын хэсэг ажиллаж, дүгнэлтээ гаргаж тэнцсэн тэнцээгүйн дагуу сайдын тушаал гарч, манайхаас санхүүжилтийг олгодог гэсэн үг.
-Зээл авсан нийт иргэдийн мэдээллийг ил болгосон. Хуулийн байгууллагад шилжүүлж байгаа 230 хүний мэдээллийг өнөөдрийг хүртэл яагаад нийтэд мэдээлэхгүй байгаа юм бэ?
-Бидний хамгийн чухал зүйл бол эргэн төлөлт. Хуулийн байгууллагад шилжүүлж буй 230 хүний дунд 1997, 2005 онд ч, 2010 онд ч зээл авсан хүн байгаа. Зээл авсан огноогоор мөнгөн дүн дээр ханшийн зөрүү гарч ирнэ. Энэ бүгдийг бид алдахгүйн тулд санхүүгийн тооцооллоо нягт гаргаж, бүх баримтуудаа шалгаж байгаа.
-Хэзээ зарлах вэ?
-Энэ долоо хоногийн сүүлээр зарлахаар төлөвлөж байна.
-Хууль хяналтын байгууллагад шилжүүлж буйтай холбоотойгоор зарим иргэд холбогдож, эргэн төлөлтөө хийж эхэлсэн-
-Зээлийн эргэн төлөлтөд ахиц гаргахад Боловсролын зээлийн сан цаашид ямар алхам хийх вэ?
-Эргэн төлөлт тал дээр хамгийн том цочроо өгөх алхам бол хууль хяналтын байгууллага руу шилжүүлж буй явдал. Өмнө зээл авсан иргэд рүү холбогдож мэдэгддэг байсан. Дотоодын зээлийг Монголбанкны зээлийн санд оруулдаг болсон. Одоо тогтоол дээрээ нэмэлт заалт байдлаар тусгаж өгсөний үндсэн дээр гадаадын зээлийг Монголбанкны гадаадын зээлийн санд оруулдаг болох гэж байна. Ямар ч хүн зээлийн эргэн төлөлтөө хийх хугацаа хэтэрсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд очно. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагад мэдээлэл нь хүргэгдэнэ гэсэн үг.
-Гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч нарын мэдээллийг зарласны дараагаар тэдгээр иргэдээс танайх руу хандаж, зээлээ төлөх тохиолдол гарсан уу?
-Тодорхой хэмжээнд мэдээллийг нь ил тод болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлж буйтай холбоотойгоор зөрчил гаргасан гэдгээ мэдэж байгаа иргэд зарим нь холбогдож, эргэн төлөлтөө хийж байгаа. Эргэн төлөлтийн мэдээллийг 7-14 хоногийн дараа нийтэд мэдээлнэ.
-Ярилцсанд баярлалаа.