Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Гурван гишүүний бүрэн эрхийг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хорооны ТАВАН гишүүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээ яриулж буй гурван гишүүний асуудлыг УИХ энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэнэ. Өнгөрсөн баасан гарагт УЕП-оос Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнээс хойш хуулийн дагуу ажлын тав хоногийн хугацаа тоологдож эхэлсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гишүүд үлдэхээр дор бүрнээ “хөдөлж” эхэлсэн бөгөөд эрх баригч намын дарга нар гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг явуулах байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин АН-ынхан өөрийн гишүүнээ хамгаална гэдэг улс төрийн шийдвэр гаргаж, үүнийгээ өчигдөр ил тодоор олон нийтэд зарлав.

Тэгвэл маргаашаас уг асуудлыг хэлэлцэх бөгөөд хамгийн эхний улс төрийн ньюанстай шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргана. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан материалууд болон прокуророос оруулж ирсэн дэлгэрэнгүй танилцуулгатай хаалттай байдлаар танилцана. Тус дэд хорооноос гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар гаргасан шийдвэрийг үндэслэж ХЗБХ, ТББХ зэрэг байнгын хороод санал дүгнэлтээ гаргана.

Тиймээс дэд хорооны гишүүдэд авлига, хээл хахуультай тэмцэх нэн чухал үүрэг хариуцлага оногдох учиртай. Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Б.Жаргалсайхан прокурор оруулж ирсэн хэдий ч тус дэд хорооны гишүүд “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэх дүгнэлт гаргасан. Шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ тэд “Хэргийн материал хангалтгүй, гишүүд зохих журмын дагуу тайлбар мэдээллээ хуулийн байгууллагад өгч байгаа тул заавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж тайлбарласан түүхтэй.

Уг санал дүгнэлт яван явсаар байнгын хороод, УИХ-ын чуулганаар баталгаажиж Хөгжлийн банктай нэр холбогдсон дөрвөн гишүүн бүрэн эрхтэйгээ үлдсэн билээ.

Тэгвэл энэ удаад нүүрсний хулгай гэх дуулиант хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхэн дунд ихээхэн анхаарал татсан хэвээр байна. Тус дэд хорооны дарга Н.Энхболд өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж дэвшиж, оронд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд даргын албан тушаал нь шилжсэн юм.

Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, шударга ёсны талд зогсох уу, үгүй юу гэдгийг Ц.Мөнх-Оргил даргатай тус байнгын хороо түүчээлэн эхлүүлнэ. Хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, туршлагатай гишүүдээс бүрддэг юм. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байгаа.

Тиймээс шударга ёсны төлөөх тэмцэлд эдгээр гишүүд чухам яаж хандахыг хамтдаа маргааш харцгаая.

ӨНӨӨДӨР: Нийслэлийн гурван дүүргийн 11 хороонд эрчим хүчний хязгаарлалт хийнэ
ӨНӨӨДӨР: Нийслэлийн гурван дүүргийн 11 хороонд эрчим хүчний хязгаарлалт хийнэ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.