Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж биедээ хүнд гэмтэл авсан гурван настай хүү ГССҮТ-д 16 дахь өдрөө эмчлүүлж буй. Хүүг гадаад улсад эмчлүүлэхээр хандивын аян эхлүүлж буй талаараа ар гэрээс нь мэдээлэл хийсэн. Тэгвэл эл хэргийн эргэн тойронд хөвөрч буй асуудлуудын хүрээнд хүүгийн аав М.Цогтбаатартай ярилцаж, бодит нөхцөл байдлыг тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй сая төгрөг цугласан
-Хүүгийн биеийн байдал ямар байна вэ?
-Анх ирснээ бодвол дээрдсэн. Амьсгалын аппаратнаасаа гарсан. Амин үзүүлэлтүүд нь нэмэгдсэн. Анх эмнэлгийн байгууллагаас найдваргүй гэсэн хариу сонсож байснаа бодвол дээрдэж байна. ГССҮТ-ийн эмч нар чадах бүхнээ хийсэн. Ачтай буянтай хүмүүс. Өдий зэрэгтэй болгоод дараа дараагийн арга хэмжээ авах боломжтой болгохоос өөр яах билээ. Гэхдээ бүрэн гүйцэд ухаан ороогүй л байна. Одоо хамгийн гол нь мэдрэл тархины л асуудал байгаа. Түүнээсээ шалтгаалаад хүү маань тахир дутуу болох, хараагүй болох ч магадлалтай байна шүү дээ.
-БНТУ руу явах талаар эмч нартайгаа ярилцсан уу. Эмчилгээнд 120-150 сая төгрөг шаардлагатай гэж сонссон. Өнөөдрийн /2023.03.23/ байдлаар хэдэн төгрөг цугларч байна?
-Монголдоо эмчилж болох ч 60 хувийн л боломжтой гэсэн юм. Өнөөдрийн байдлаар /2023.03.23/ 50 гаруй сая төгрөг цугларсан байна. Тал тал тийшээ явахаар судалж үзсэн ч хамгийн нааштай хариу өгсөн нь БНТУ. Тархинд нь хийх тариа нь ч гэсэн тус улсад арай олдоцтой байх юм билээ. Мэдээж эмч нартайгаа ярилцаад шийдсэн. Шууд дурандаа явна гээд дайрсан зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Та хүүгээ хэд дэх хоногтоо сахиж байна?
-Хүүгээ гуравдугаар сарын 08-ны өдрөөс эхлээд л өдөр шөнөгүй сахиж байна. Өдөр нь эм тариандаа гарч орох юм.
"Нэг удаа бол хоёр хүүхдээ өнчрүүлээд яах вэ гээд л тэссэн. Элэг бүтэн дөрвүүлээ хамт байя гээд буцаж нийлж ч байсан удаа бий"
-Өнгөрсөн лхагва гарагт тантай хамт мэдэгдэл хийсэн нагац ах тань өдөр болгон хүүхдийг тань хамт сахиж байгаа юу?
-Манай нагац ах БНТУ-д 20 гаруй жил ажиллаж амьдарсан хүн. Түүгээрээ л тус дэм болъё гэж байгаа юм. Хэлтэй устай хүн учраас очиход тус болно гэж бодож байна. Цусан төрлийн гэсэндээ тус дэм болох гээд л гүйгээд байгаа нь тэр шүү дээ.
Цахим орчинд биднийг хэлэх хэлэхгүйгээр хэлэх юм. Тэглээ гээд яалтай билээ. Хамгийн гол нь хүүхэд маань л эрүүл саруул болоосой гэж хүсэж байгаа учраас би юуг ч тэсэж чадна. Сүүлдээ намайг аав нь юу хийж байсан юм гэх мэтчилэн харааж байна билээ. Бид хоёр түрүү жилийн найман сард салсан юм шүү дээ.
-Салснаасаа хойш хүүхдүүдээ эргэж тойроогүй юм уу?
-Би том хүүгээ өөр дээрээ авчихсан байсан юм аа. Манай бага жаахан байсан учраас ээжээсээ холдож болохгүй гээд ээж дээрээ үлдсэн юм. Салахдаа бид хоёр хоёулаа том хүүгээсээ аавтайгаа байх уу, ээжтэйгээ байх уу гэж асуусан. Тэр үед том хүү маань аавтайгаа байна гээд дүү нь үлдсэн юм. Тэрнээс бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй шүү дээ. Би хоёр хүүгээ хоёуланг нь өөр дээрээ авмаар байна ч гэж хэлж байлаа. Тэгсэн чинь шүүхээр явахаар бол хоёр хүүхэд маань ээж дээрээ л байх журам заалттай юм билээ. Хоёуланг нь өгч зүрхлээгүй болохоор ядаж томыгоо өөр дээрээ авъя даа гэж бодсон юм.
Сая цагаан сарын өмнөхөн л манай том хүү “Аав би ээж дүү хоёроо санаад байна. Хамт байчихаад ирье” гэхээр нь үлдээчихээд хөдөө ажилдаа явчихсан байсан юм. Багатайгаа уулзъя гэхээр уулзуулдаггүй байсан. “Дараагийн амьдралаа зохиож байна. Одоо байгаа хүнийг ааваа гэж дуудаж байгаа учир чамайг хараад сэтгэл нь хувирчихна” гэдэг байсан. Би бодохдоо бас тэгдэг юм болов уу гээд л утсаар ярьдаг байв.
Гэхдээ үүний эцэст ээжийг нь ч тэр намайг ч тэр юу ч гэж хэлсэн болно. Гол нь босоод ирээсэй л гэж бодох юм. Би заавал ингэсэн болохоор ингээд салсан гэж хүн болгонд хэлэх хэцүү шүү дээ.
-Салсан нь хууралтаас болсон гэж үнэн үү?
-Нэг удаа бол хоёр хүүхдээ өнчрүүлээд яах вэ гээд л тэссэн. Элэг бүтэн дөрвүүлээ хамт байя гээд буцаж нийлж ч байсан удаа бий. Хоёр, гуравдахь удаагаа хуурч байгааг нь мэдэхээр үнэхээр салахаас өөр яах юм бэ. Нэг нь ажил хийгээд яваад л байдаг. Нөгөөдөх нь энд тийм зүйл хийгээд байх чинь амьдрал биш шүү дээ. Хөдөө явж ажилласан минь буруудчихаагүй бол. Ямар зугаа цэнгэлээ хөөж, хөдөө явж ажил хийсэн биш. Амьдралынхаа төлөө л явж байгаа шүү дээ. Эхнэр хоёр хүүхдээ хүнээс дутаачихгүй юмсан гэсэндээ өөртөө ч хувцасгүй л явдаг байсан шүү дээ.
-Хэдий салсан ч гэсэн томчуудын л хариуцлагын асуудал. Хүүхдийн тэтгэмж гэж бас төлөх учиртай. Төлдөг байсан уу?
-Яг шүүхээр салаагүй болохоор харилцан тохиролцоод л мөнгө төгрөгөө өгнө. Хүүхдэд чинь ийм тийм юм хэрэгтэй байна гэж ярих болгонд нь л зохицуулаад өгдөг. Дээрээс нь хүүхдүүдийнхээ мөнгийг цааш нь хийгээрэй гээд л зөвлөж ярьдаг байсан юм.
-Хоёр хүүхдээ өөр дээрээ авах уу?
-Өөр дээрээ авна. Энэ нэг балиар юмнуудыг нь мартуулах гэж ядаж байтал ээжийгээ хараад нөгөөдөх нь сэдэрнэ шүү дээ. Аль болох л хол байлгана. Хүүхдээ халуураад өвдөөд байхад хоёр хоног нуусан хүнтэй юу ярих юм бэ. Хүүхдээ зодчихоод авч очсон бөө нь бол зөв хүн шиг санагдсан. Шууд эмнэлэг яв яах гэж нааш ирсэн юм гэж хэлээгүй бол өнөөдөр хүү маань яах ч байсан юм билээ.
-Том хүү тань цагдаад мэдүүлэг өгсөн үү. Сэтгэл санааны байдал нь ямар байна. Сэтгэл зүйч ирж байгаа юу?
-108-аас холбогддог. Бид хэд том хүүгийн хажууд аль болох энэ талаар ярихгүй, хичээлд нь явуулж байна. Гэхдээ л сэтгэл санаа нь хүнд л байгаа. Том хүү шууд л намайг хараад “Ааваа дүү яаж байна” гэж асууна. Яг тэр үед нь юу гэж хэлэхээ мэдэхгүй хэцүү байдаг. Аргадах санаатай ундаа авч өгье гэхэд минь "Би яах вэ дүүд л юм авч өг" гэдэг. Харахаар хэцүү шүү дээ.
-Та өөрөө гэр бүл зохиогоогүй байсан уу?
-Үгүй. Хөдөө ажлаар явчихдаг шүү дээ. Уг нь би заавал хандив тусламж гуйхгүй нуухыг хичээсэн л дээ. Гэтэл яалт ч үгүй 150 саяын эмчилгээний төлбөр гарахаар ард түмнээсээ гуйж байгаа нь энэ. Тэрнээс хэн л дуртайдаа ингээд байж байх вэ. Хүүхдээрээ мөнгө олдог тийм цэвдэг сэтгэл надад байхгүй. Ганцхан эмчилгээний зардлаа л олчиход болно. Яаж ийж байгаад л босгох хэрэгтэй. Тэрнээс хүүхдээрээ далимдуулсан зүйл огт байхгүй. Би их зүйлийг тэвчиж байна шүү дээ. Тэнэг л биш бол хүүхдийнхээ ийм зүйлээр мөнгөтэй болно гэж бодох уу.
-Хэдий ийм зүйл болсон ч та хоёр хоёулаа л хариуцлага алдсан. Ээж нь ирсэн үү?
-Ээж нь 48 цаг хоригдоод гарсан гэж сонссон. Юу ч хийж яаж явааг нь үнэхээр мэдэхгүй. Хүүхэд ийм байдалтай байхад ядаж залгаад яаж байгааг нь асуухгүй л юм. Хоёр хоног тэссэн хүн арга ч үгүй биз дээ.
"Анх хүү минь ухаангүй байхад ээжийг нь ирээд зогсож байгаасай л гэж бодсон.
Одоо ирээд ч хэрэггүй биздээ"
-Одоо ядаж нэг удаа хүүгээ яаж байна гээд ирээсэй гэж бодох юм уу?
-Анх ухаангүй байхад нь хэцүү байсан. ГССҮТ-д өөр нэг ухаан алдаад ирсэн хүүхдийн ээж хөхөөрөө даллахаар сэрдэг гээд л шөнөжингөө хүн амьтнаас ичилгүй хөхөөрөө даллаж дом хийсэн. Маргааш нь хүүхэд нь сэргээд л босоод ирсэн. Тэрийг хараад бодож л байлаа. Хэдий ийм зүйл болсон ч ирээд зогсож байгаасай л гэж бодсон.
Гэхдээ одоо 10 гаран хоночихлоо. Ирээд ч хэрэггүй биз дээ. Хоёр хоног хүүхдээ тэр нэг юмтай орхиод шоудаад явж байсан л сураг сонсогдсон.
-Та том хүүтэйгээ уулздаг байсан байж яагаад асуудаггүй байсан юм. Хүүхэд хэлж болохоор шүү дээ?
-Нэг хөлийг нь өргүүлээд хоёр гарт нь сандал өргүүлээд дэр давхарладаг гэж сая л хэлсэн. Тэгж яргалдаг байж. Манай хүүхдүүд хэлдэггүй байсан юм. Гэнэн цагаан болоод ч тэр үү.
Бага хүүгийн хувьд ээж нь хажууд нь байдаг байсан учраас утасны цаанаас хэлэхгүй байсан байх л гэж боддог. Том хүүд ээж нь ч гэсэн жаахан ширүүн байдаг байсан. Хичээл номтой холбоотой болохоор хэтрүүлчихгүй л бол гэж боддог байсан.
-"Тэр нэг юм" гэх хүнээ та таньдаг байсан уу?
-Үгүй. Салснаас хойш хоёр ч хүнтэй суух гэж байна гэж дуулдсан. Найзуудаас нь л сонссон юм. Бид хоёрыг салчихсан юм уу гэж асуудаг байв. Сая нэг сараас л энэ нэг юмтайгаа амьдарсан юм шиг байна билээ.
-Ээжийн талын эмээ нь ирдэг гэсэн байх аа?
-Тэр хүнд буруу гэж юу байх вэ. Өдөрт ирдэг юм. Адилхан л сэтгэл нь зовж байгаа.
Х.Зориг