Хан-Уул дүүргийн прокурорын газраас 51 иргэний нүцгэн зураг, бичлэгийг олон нийтэд тараана гэж сүрдүүлэн мөнгө шилжүүлэхийг шаардан заналхийлсэн Х-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Х нь “фэйсбүүк” чатаар нэр бүхий 51 иргэнтэй харилцан, хагас нүцгэн байдлаар видео колл хийн хуулбарлан авч, улмаар мөнгө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь үзүүлнэ, бусад хүмүүст тараана гэж айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон дээрх иргэдэд нийт 36 сая 640 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.