Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр НАУРЫЗЫН БАЯР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 1 секунд

Жил бүрийн 3-р сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр казах түмний үндэсний их баяр болох Наурызын баяр тохиодог.

Наурыз буюу Нарны баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.

Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. 

Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй.

Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.

Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай ажээ. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.

Наурызын баярын орой залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож харилцан дуулна. Шалгарсан нь бусад шалгарсан хүмүүстэй өрсөлдөх байдлаар цааш өрнөдөг байна.

Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол Казахууд шөл уудаг.

Казахуудын хувьд долоогийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.

Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.Ингээд та бүхэндээ Наурызын баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
  • Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна
  • Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
  • Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
  • Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
  • Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
  • НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг.
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм.
  • Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж.
Д.Ангар: Монгол Улс эрчим хүчний дутагдалтай тул цаг урагшлуулж, нэг цагийг байгалийн гэрлээр шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг
Д.Ангар: Монгол Улс эрчим хүчний дутагдалтай тул цаг урагшлуулж, нэг цагийг байгалийн гэрлээр шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнэ томилогджээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнэ томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.