Донтолт гэдэг зүйл одоогоос 10 орчим жилийн өмнө цаашлаад л архи, тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйлээс хамаардаг байв. Харин одоо дэлхий нийт даяаршиж, техник технологи хөгжихийн сацуу хүн төрөлхтөнд зарим талаараа сөрөг нөлөө үзүүлээд байгаа билээ. Тухайлбал, өндөр түвшинд программчлагдсан цахим мөрийтэй тоглоом, онлайн покер, криптовалют зэрэг мөнгө угааж болох бүхий л апплекейшнууд юм. Хамгийн хор хөнөөлтэй эрсдэл ихтэй нь криптовалют аж. Энэхүү цахим валютад донтож эд хөрөнгө, алдар нэр, цаашлаад амь насаараа хүртэл хохирсон тохиолдлууд цөөнгүй бий. Манай оронд ч мөн ялгаагүй. Их Британийн алдарт BBC агентлаг криптовалютын донтолтын талаар мэдээлэхдээ “манай нийгэмд үүсээд байгаа асуудал гадаад улс оронд ч адилхан болж байна. Гэхдээ цагдаа, шүүх дээрээ тулаагүй. Харин донтолт гэсэн утгаар явж байна. Нөгөө талаас койн худалдаж авах нь мөнгөтэй хүмүүсийн үйлдэл” хэмээн нийтэлсэн байдаг. Тэгвэл энэхүү шинэ цагийн донтолт буюу криптовалют нь манай улсын хувьд ямар ямар үр дагавартай, хохирсон иргэд хэр хэмжээнд байгаа талаар СЭМҮТ-ийн Их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Донтолт эмгэг гэдэг нь яг юу гэсэг үг вэ?
-Энэ нь маш өргөн хүрээний ойлголт. Хүн юунд ч донтож болно. Үүнийг үндсэн 2 хэсэгт хуваадаг. Нэг хэсэг нь ямар нэгэн химийн мансууруулах бодис хэрэглэснээс үүддэг. Харин нөгөө хэсэг нь зан үйлийн хүрээнд үүсч байгаа буюу элдэв бодис хэрэглээгүй хэрнээ аливаа зүйлд донтож байгаа үзэгдлийг хэлнэ. Тухайлбал, тэнэхийн дон, худал ярих, хулгай хийх, идэхийн, ажлын мөн мөрийтэй тоглоомын, бооцоо тавих зэрэг гээд хүн юунд ч донтох эрсдэлтэй. Бидний амьдралын бүх зүйлд хэмжээ хязгаар байдаг. Гэтэл ямарваа нэгэн юм хэвийн хэмжээнээсээ хэтрэхээр тэр байгаа зүйл нь хүний бодол санааг эзэмдээд ирэхээр тэрийгээ хүн өөрөө хянаж чадахгүй болоод ирвэл тэр нь донтох эмгэгтэй болж эхэлж байна гэсэн үг.
-“Криптовалют” шинэ цагийн донтолт гэдэг нь бусад хэлбэрээсээ юугаараа ялгаатай вэ?
-Криптовалют гэдэг нь зан үйлийн хүрээнд үүсч байгаа мөрийтэй тоглоомын төрөлд орж байгаа донтолт юм. Гар утас, компьютер, цахим хэрэглээ гэдэг зүйл нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Өмнө нь хүмүүс хөзөр, даалуу зэргээр хоорондоо бооцоо тавиад тоглодог байсан. Харин одоо шинээр гарч ирж байгаа криптовалют мөрийтэй тоглоомын дон нь бусад төрлөөс тэс өөр. Учир нь хүч хөдөлмөр бага зарцуулаад хурдан хугацаанд мөнгө олох боломж байна гэдэг үзэл хүний тархинд суучихдаг. Эрсдэлийг тооцоолдоггүй. Хиймэл оюун ухаан цаана нь ажиллаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Хүн болгон энэ криптовалютаас мөнгөө өсгөөд явж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Тоглоом тоотой нь дээр гэж ярьдаг. Хэтэрч болохгүй. Хэрвээ үнэхээр тогломоор байгаа бол валют арилжаанд ормоор байвал маш их судалгаа хэрэгтэй мөн сэтгэлзүйгээ удирдан хянаж чаддаг байх хэрэгтэй.
-Криптовалютын арилжаанд оролцсоноор хүмүүс их хэмжээний мөнгө, эд хөрөнгөөр хохирсон гэсэн гомдол нэлээдгүй гарсан. Улмаар тухайн койн үүсгэн байгуулагчдыг ч шалгаж байна. Энэ талаар юу гэж бодож байна?
-Энэ нь 2 талтай. Тодорхой хэмжээнд олны танил болсон хүмүүсийг хараад энэ нь итгэж болох хүн гэж бодон судалгаа байхгүйгээр мэдэхгүй юмаа оролдож хохирох нь аль аль талдаа хүнд асуудал. Гэхдээ тодорхой хэмжээнд иргэдэд алдаж болох эрсдэлтэй гэдэг талаас ойлголт өгөх хэрэгтэй байсан. Энэ талын ойлголт байхгүй иргэдийн итгэл үнэмшил дээр тоглолт хийчихсэн байдал ажиглагдсан. Нөгөө талаас бэлэн юм зөвхөн хавханд байдаг гэдэг шиг хялбар аргаар мөнгө олно гэдэг нь цаанаа асар их эрсдэлтэй гэдгийг иргэд өөрсдөө тооцоолох хэрэгтэй. Аль аль талдаа асуудалтай. Хүнд сэдэв.
-Донтсон хүнээс ямар араншин гардаг вэ?
-Энгийн жишээ ярьвал. Би маш үнэтэй утас худалдан авлаа. Гэтэл тэрийгээ санамсаргүй байдлаар хулгайд алдах, хаяж гээвэл гол харлаал явчихдаг. Олон сар жил хөдөлмөрлөж авсан байж түүнийгээ дор нь алдвал хов хоосон мэдрэмж төрдөг. Дээрээс нь өр зээл тавиад тоглоно гэдэг бол буцаад тэр олон хүмүүсийн уур бухимдал, хараалын цэг болдог. Үүнээс болоод асар их дарамтад ордог. Уурлаж бухимдах, гэр бүлийн харилцаа цаашлаад эрүүл мэндэд асуудал гарна. Ажил төрлөөсөө гараад тогтмол орлогогүй болох хүртэл асуудал гардаг. Алдсан бүх мөнгөө буцааж авах, мөнгө олох ганц арга нь энэ юм байна гэсэн хязгаарлагдмал байдалд ордог. Үүнээс болж асар их дарамтад байхаар тэр хүн мөнхийн айдастай амьдрана гэсэн үг. Цаашлаад амиа хорлох ч эрсдэлтэй.
- Криптовалютын донтолтоос үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандсан тохиолдол бий юу?
-Одоогоор криптовалютаас болж хандсан хүн байхгүй. Харин мөрийтэй тоглоом “онлайн покер” зэргээс болж хандсан хүн эрс нэмэгдсэн. Гэхдээ криптовалют гэдэг маань мөрийтэй тоглоомын төрөлд л орно.
-Эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?
-Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх гэдэг нь хамгийн сайн эмчилгээ. Хэрвээ донтох эмгэг үүссэн бол СЭМҮТ болон сэтгэл зүйчид хандан тодорхой дэс дараалал шатлалын дагуу мэргэжлийн хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийж, мөн өөрийн ухамсарыг удирдаж чадсанаар шийдвэрлэдэг. Эргээд хэвийн амьдралдаа орсон тохиолдол цөөнгүй байгаа.
-Нэг эмчлүүлсэн хүн дахиж тоглохгүй гэсэн үг үү?
-Зарим үед эргээд тогломоор санагддаг. Донтох эмгэг нь бүр мөсөн алга болно. Төгс эмчилнэ гэсэн ойлголт байхгүй. Эмчилгээ хэрхэн хийгдэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна.
-Ард иргэддээ хандаж зөвлөгөө өгөөч?
-Чадахгүй зүйлээрээ оролдоод хэрэггүй. Номыг нь үзэж усыг нь уусан хүн гэдэг бол өөр. Тэд өөрсдийгөө хэзээд хянаж чаддаг. Харин анхан шатны ойлголттой, энийг тоглоод валют худалдаж аваад мөнгөө өсгөдөг гэсэн төдийхөн ойлголттой бол та битгий энэ зүйлээр оролд. Хиймэл оюун ухааныг хожно гэж байхгүй. Нэг л оролдоод үзвэл таны амьдралын урсгал өөрчлөгдөж, чигээрээ шулуун замаар явж байсан бол уул модтой бартаа ихтэй замруу орж байна л гэсэн үг. Ерөөсөө л битгий оролд. Хэрэв таны ойр дотны хүмүүст болон таньд ийм асуудал байгаа бол яаралтай мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Миний хувьд ийм асуудалтай ямар ч хүнд зөвлөгөө өгөхөд бэлэн.
Ярилцсанд баярлалаа.
Д.Даваахүү