Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хуучин хувцас бол ХОГ биш. Харин дахин давтагдашгүй, цор ганц бүтээл хийх БОЛОМЖ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 41 секунд

"Хэдхэн сарын өмнө худалдаж авсан цамц минь өнөөдөр өмсөхийн аргагүй болжээ. Хуучиртал нь өмсчихсөн үү эсвэл..... Ямартай ч өмсөх аргагүй болсон тул хог дээр хаячихъя" Яг энэ бодол хүн бүрийн толгойд бууж байсан байх. Хуучин гээд хадгалж болохгүй бас хаяж чадахгүй. Хэн нэгэнд өгчихье гэхээр мухар сүсэг маань араас чангаачихдаг тул шатаачихмаар ч юм шиг. Өөр ямар нэг боломжгүй, өөрөөр ашиглах гаргалгаа байхгүй мэт санагддаг тул хог дээр хаях эсхүл зүгээр л нийлүүлж байгаад шатаачих нь зөв сонголт юм шиг.

UBN.mn сайтын сурвалжлах баг "Шинэ замнал" ТББ-ын дэргэдэх зүймэл даавуун урлалын төвөөс "Хог хаягдлыг дахин ашиглах Коллекц, эвент"-ийг сонирхон өнгөрсөн юм. Хаалгаар оров уу үгүй юу өвөрмөц чамин өнгө, загвартай өөлөхийн аргагүй бүтээлүүд угтана.

Заалны голд олон зуун хувцсыг нийлүүлсэн овоо "залжээ". Магад миний хаях гэж байгаа хувцас ч эдэнтэй эн тэнцэх ч юм шиг.

Нэг харахад үзэсгэлэнгийн нэг хэсэг бололтой авч нөгөө талаараа байгаль эх хог хаягдлын оромж болж буйг илэрхийлсэн мэт. Хаягдал хувцсыг эгнүүлээд л байвал, цуглуулаад л байвал түүнээс их ХОГ болох биз. Магадгүй байгаль ээж ч түүнийгээ даахгүй бас өөрөөсөө ургуулаагүй юм болохоор хөрсөндөө шингээж чадахгүй. Магад энэ санааг л энэ овоолгод шингээж өгсөн мэт.

Тус үзэсгэлэнгээс сурвалжилга бэлтгэхээр ороход ЕБС-ийн бяцхан сурагчид зөрөн гарав. "Ямар гоё, ямар хөөрхөн" хэмээх үг хүүхэд бүрийн амнаас унана. Бас үзэсгэлэнг сонирхож буй хүмүүс "энэ загвар ямар сайхан юм бэ, энэ материал яг юу вэ" гэх үгсийг амандаа бувтнасаар.

Эл үзэсгэлэнгийн гол зорилго бол "Хуучин хувцас бол хог хаягдал биш. Харин хувцсаар хувцас урлах нь өөрөө боломж" гэдгийг олон хүнд хүргэх аж. Үнэхээр л хуучин хувцсыг ашиглан дахин давтагдашгүй, цор ганц бүтээлийг урлах боломжтой юм. Магадгүй олон залуус энэхүү үзэсгэлэнгээс санаа, сэдэл авч хуучин хувцсаа хаяхаас илүүтэй дахин "амьдруулах" боломж бий гэдгийг ойлгож харах биз.

Бид үзэсгэлэнгийн гол агуулга, хуучин хувцсыг хэрхэн ашиглаж болох талаар “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх “Зүймэл даавуун урлал”-ын төвийн тэргүүн Ц.Сэлэнгээс тодруулсан юм. Тэрбээр,

Хуучин хувцсаа ашиглан цор ганц, дахин давтагдашгүй бүтээл урлах боломжтой

"Зүймэл урлал гэдэг нь даавууны өөдсийг ашиглан бэлэг дурсгалын зүйлс, ахуйн хэрэглээний бүтээлүүд, мөн хувцас бүтээх боломжтой урлаг юм. Монгол үндэсний зээгт наамалтай төстэй боловч даавуу, торгоны өөдсийг нэг бүрчлэн нарийн өнгө хослуулж зохиомжлон зүйж оёдгоороо онцлог. Миний ард харагдаж буй хувцаснууд бол дандаа хаягдал материал, хуучин хувцсаар хийсэн цор ганц, цоо шинэ бүтээлүүд байгаа.

Нийт 63 бүтээлээрээ коллекц хийсэн. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан олон олон хүмүүсийг, залуусыг, эмэгтэйчүүдийг, ээжүүдийгээ санаа аваасай, хуучин хувцсаа гаргаж хаяхаас урьтаад ямар нэгэн бүтээл хийгээсэй, энэ бол дан ганц хувцсаар зогсохгүй шүү дээ. Хамгийн наад зах нь хүүхдүүдийнхээ хувцсыг багадсан гэж шатаахгүй дахин давтагдашгүй, цор ганц бүтээл урлаасай гэж хүсэж байна” гэлээ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн ихэнх бүтээлүүдийг дизайнер С.Ганчимэг санаачилдаг аж. Тус байгууллагад 16 жил ажиллахдаа олон бүтээл туурвисны ердөө нэг хэсэг нь үзэсгэлэнд гарчээ. Дан ганц хувцас гэхгүй гэр ахуйн зориулалтаар ашиглах боломжтой хивсэнцэр, орны бүтээлэг зэргийг ч өөрийн ур ухаанаар бүтээдэг байна.

Дан ганц хувцас гэхгүй бүх төрлийн ахуйн зүйлийг хог хаягдлаар хийх боломжтой

Түүний хувьд "Намайг хүүхэд байхад айлууд ханандаа хивс өлгөдөг байсан шүү дээ. Одоо бол харьцангуй багассан. Гэхдээ миний ард харагдаж буй эдгээр бүтээлүүдийг маань айл өрхүүд ханын хивс болгон ашиглах боломжтой. Харин чанартай хөвөн даавуун материалаар хийсэн бүтээлүүдийг шаландаа хивсний оронд ашиглаж болно.

Материалууд нь мөн л хаягдал материалууд. Жишээлбэл, морины зурагтай бүтээл маань дандаа дээлийн эсгүүрээс гарган авсан хаягдал материалууд юм" гэв.

"Зүймэл даавуун урлал"-ын эдгээр бүтээлүүдийг ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эмэгтэйчүүд маань урладаг байна. Биднийг сурвалжилга хийж явахад гурван эмэгтэй тойрон суугаад шинэхэн бүтээлээ урлаж байв. Оёдлын машины тачигнасан чимээ сонстож, гурван эмэгтэй инээлдэн ажлаа хийнэ.

Үзэсгэлэнд шинэхэн бүтээл урлана гэдэг өөрөө их өвөрмөц санагдаж байсан тул тэдгээр бүсгүйчүүдийн нэг болох Бүжинлхамаас сэтгэгдлийг нь сонссон юм.

Оёдлын машин байхгүй бол биднээс ирж зөвлөгөө авч, шинэ бүтээл туурвих боломжтой

Тэрбээр “Яг одоо би хуучин хувцас ашиглан цүнхний нүүр хийгээд сууж байна. Анх оёдол яаж хийхийг мэдэхгүй, хувцас яаж оёдгийг мэдэхгүй байсан бол Зүймэл даавуун урлал”-ын төвд ирээд энэ бүгдийг сурсан.

Манай үзэсгэлэнгийн гол зорилго бол хуучин хувцсыг дахин ашиглаж, өөртөө хэрэгтэй зүйлсээ, хувцсаа хийх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Тэр ч утгаараа манай үзэсгэлэнд ирсэн хүмүүс хуучин хувцсыг дахин ашиглах талаар зөвлөгөө авах боломжтой.

Магадгүй хуучин хувцсаа хэрхэн шинэ болгох, шинэ бүтээл хийх талаар мэдэхгүй, оёдлын машин байхгүй бол биднээс мөн дизайнерээс маань хүртэл зөвлөгөө аваад шинэ бүтээл урлах боломжтой” хэмээв.

Үнэхээр үзэсгэлэнгийн хаалгаар орох төдийд шинэ зүйл туршиж үзэх ёстой мэт мэдрэмж төрж байв. Хуучин хувцсаа хаяхаас илүүтэй дахин боловсруулж, өөрийнхөө бүтээлч сэтгэхүйг ч нэмэгдүүлэх боломж хүн бүрд бий аж.

Магадгүй энэ "хог"-ийг гаргаж хаяя гэж бодож байгаа бол хэсэг азнаад дахин бүтээл болж болно гэдгийг бодолцож үзэхийг хүн бүхнээс уриалж байна. Хуучин хувцсаа гаргаж хаях гэдэг бол сонголт хэдий ч зөв алхам биш. Харин эх дэлхийгээ хайрлах хийгээд эдийн засгаа хэмнэхэд ч чухал ач холбогдолтой.

Доктор, Богд судлаач О.Батсайхан: Монголчууд шашны тэргүүнээ сонгож байхад БНХАУ, ОХУ, АНУ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
Доктор, Богд судлаач О.Батсайхан: Монголчууд шашны тэргүүнээ сонгож байхад БНХАУ, ОХУ, АНУ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.