Капитал банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 7-нд товлосон байсан боловч хойшлоод байсан юм. Тэгвэл эл хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.03.09/ өглөө 09.00 цагт эхэлжээ.
Тодруулбал, А.Ариунболд нарыг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар буруутган шалгаж байгаа юм.
Тус эрүүгийн хэрэгт шинжээчээс А.Ариунболд нарын Капитал банк, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын хэмжээг буюу банкны актив пассив хөрөнгийн зөрүүг 104.6 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд хэрэв энэ дүнгээр тогтоох тохиолдолд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал болон төрийн бусад байгууллагын нийт 330 гаран тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх юм байна.