2019 онд Капитал банк дампуурахад Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг салхинд хийссэн. Учир нь тус банк дампуурахаас өмнө дээрх хөрөнгийг татаж аваагүй байсаар Нийгмийн даатгалын сан 104 тэрбум төгрөгөөр хохироосон. 104 тэрбумаас 50 орчим нь хүү, бодит хуримтлуулсан буюу хадгалсан мөнгө нь 50 орчим тэрбум төгрөг байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 36.4 тэрбумын өрийг төлж 67.8 тэрбумын өр үлдсэн байна.
Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нь Нийгмийн даатгалын Ерөнхий газарт "Манай банк хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй байсан. Барьцаа хөрөнгийг шүүхэд шилжүүлэх явцад зарим нь алга болсон. Бид өрөө төлж чадахаар байсан. Энэ асуудлыг та бүхэн анхааралдаа аваач" гэх утга бүхий албан бичгүүд ирүүлэх болжээ.
А.Ариунболд "АТГ-аас Капитал банкны хэд, хэдэн том объектуудыг нэмж илрүүлсэн гэж хэвлэлээр мэдээлсэн. Гэтэл цагдаад хэрэг үүсгээд шүүхээр явж байх үед тухайн зарлагдсан хөрөнгүүд нь капитал банкны эрх хүлээн авагчид ирээгүй" гэдгийг ч мөн хэлсэн байна.
2021 оны арванхоёрдугаар сард 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр үнэлэн авч, үүнээс 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж Аудитын тайланд дурдсан байдаг. Өрөнд авсан хөрөнгүүдийг борлуулж дууссан бөгөөд одоогоор зарагдаагүй 2-3 үл хөдлөх үлджээ.
Капитал банкийг дампууруулсан этгээдүүд ЦАГААТГАГДАВ
А.Ариунболд нарыг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар буруутган шалгаж байсан юм.
Улмаар 2023 оны зургадугаар сарын 7-8-нд Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэн А.Ариунболд, С.Дэлгэрцэцэг, Б.Янжин нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж шүүхээс иргэн А.Ариунболдыг "Банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, иргэн Я, Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн.