Өнөөдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр /2023.03.06/ тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарт гарч буй технологийн хувьсал, түүнд сэтгүүлзүй мэргэжлийн байдлаа хэрхэн хадгалж ажиллах болон залуу сэтгүүлчдийн өмнө тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг олон сэдвийн хүрээнд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатартай ярилцлаа.
-Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байна. Нэг үе үзэгтэй болгон нь сонин гаргаж байсан гэдэг шиг одоогийн нөхцөлд мөнгөтэй л бол сайт хийж болно, мэргэжлийн бус байсан ч сэтгүүлч байж болно гэсэн ойлголт яваад байна гэж харагдах боллоо. Энэ нь эргээд сэтгүүлзүй мэргэжлийн байх ёстой гэх ёсонд нэг талаараа халтай зүйл болоод байна уу даа гэж харах хүмүүс байна?
-Мэдээлэл технологийн хөгжил бүх салбарт нөлөөлж байгаа. Ажиллах нөхцөл, арга барил, ур чадвар гэх мэтээр. Технологи хөгжих тусмаа нийгмийн салбар бүрт нөлөөлнө л гэсэн үг. Тэр тусмаа сэтгүүлзүйд. Гэхдээ “Би мэргэжлийн сэтгүүлч учраас сэтгүүлчээр ажиллах ёстой, сэтгүүлчийн дипломгүй хүн хийх ёсгүй” гэж хаах боломжгүй бөгөөд хэрэггүй. Тэгвэл яагаад гэдэгт хариулья.
Нэгдүгээрт, бид хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх бүх эрх, эрх чөлөөг хуулиараа бөгөөд эвлэлдэн нэгдсэн тунхагуудаараа хүлээн зөвшөөрсөн ардчилсан улс. Тэгэхээр боломж байгаа нөхцөлд ямар ч иргэн хэвлэн нийтлэх үг үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд ямар нэгэн механик аргаар халдах шаардлагагүй. Халдахыг оролдох ч хэрэггүй. Тэр тусмаа сэтгүүлзүйн салбараас ийм хандлага гарч болохгүй. Харин энэ асуудлын хүрээнд мэргэжлийн сэтгүүлзүй гэж юу вэ, сэтгүүлч мэргэших гэж юуг хэлж байна, мэргэжлийн сэтгүүлзүйн мэдээлэл хэн нэгэн хувь хүний үзэл бодлоос юугаараа ялгарах юм бэ, тэр ялгарлыг олон нийтэд хэрхэн яаж ойлгуулах юм бэ гэдэг асуудал гарч байна. Ялангуяа сошиал ертөнцийн мэдээллийн давалгааг яаж ялгаж таних уу, хэрхэн үр бүтээлтэй байх уу гэдгийг хөгжсөн улс орнууд шинэ гарч ирж буй мэдээллийн харилцааны үзэл баримтлалуудад иргэн хүний өөрийнх нь мэдээллийн боловсролыг өндөр түвшинд аваачих явдал гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, хүүхэд байхаасаа эхлээд наад зах нь суралцах бүхий л хугацаандаа ямар мэдээлэл үнэ цэнэтэй вэ гэдэгт ойлголттой болох хэрэгтэй. Өөрийн тань итгэл үнэмшлийг олсон, мэргэжлийн гэж үзсэн, таалагдсан, олон талтай гэж үзэж буй мэдээллийн хэрэгслүүд, эх сурвалжаа сонгож чаддаг байх боловсролыг л төлөвшүүлэх ёстой.
Хоёрдугаарт, салбарынхан бид өөрсдөө юу хийж чадах вэ. Мэргэжлийн редакц, сэтгүүлч мөн л бол таны гаргасан мэдээлэл сэтгүүлзүйн стандарт, шалгуурт тэнцдэг байх. Тэнцэж байгаа гэдгээ олон нийтэд өөрөө сурталчилж чаддаг байх хэрэгтэй. Ийм байдлаар уншигч, үзэгчдээ хадгалж авч үлдэх нь зах зээл, орон зайгаа хадгалах боломжийг мэргэжлийн редакц өөрөө бий болгоно. Үүний төлөө л явцгаая. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сэтгүүлзүй чанартай мэдээллийн хэрэгцээ гэдэг зүйл нь нийгэм цаг үе, технологи яаж хувирахаас үл хамааран явж буй галт тэрэг. Хажууд нь технологийн нөлөөгөөр ч юм уу аль эсвэл түр зуурын нөхцөл байдлаар олон нийтийн анхааралд өртөж буй хувь хүн, хаягууд байж л байг. Тэд бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн тогтолцоон дахь мэдээллийг баяжуулж буй жижиг урсгал. Түүнээс биш мэргэжлийн сэтгүүлзүй, тогтолцооны хувьд нөлөөтэй зүйл биш гэж харж байна.
-Мэдээллийн сайтуудын онцлог нь ХУРД. Гэхдээ мэргэжлийн редакциуд хүртэл хурдтай мэдээлэх гэж байгаад мэргэжлийн алдаа гаргах тохиолдол ч гарсаар байна?
-20-25 жилийн өмнө Монголд хамгийн шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэвэл өдөр тутмын сонин байлаа. Гэхдээ өдөр тутмын сонин өчигдрийн үйл явдлыг өнөөдөр онцолдог байсан. Арилжааны телевизүүд хөгжиж, мэдээллийн хөтөлбөрүүд нь өглөө, орой шинэчлэгдэн олон нийтэд хүрэх үед тухайн өдрийн мэдээг өдөрт нь мэдэх хэрэгцээ хүмүүст бий болсон. Харин сошиал медиа хөгжиж эхэлснээр яг одоо болж буй зүйлийн мэдээллийг яг одоо л мэдэх хэрэгцээ бий болж эхэлсэн. Сошиал медиа технологийн хурдыг мэргэжлийн редакц гүйцэхгүй. Гүйцэхгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс уралдах шаардлага байхгүй. Тэгвэл сэтгүүлзүй яаж ажиллах ёстой болж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бидний мэддэгээр 5W1H буюу хэн, хэзээ, хаана, юу, яаж гэдэг асуултад түрүүлж хариулах гэх зорилгыг хаях хэрэгтэй. Бүр ор тас хаяна гэсэн үг биш. Сэтгүүлзүйн мэдээний үндэс учраас байдгаараа байна. Гэхдээ аливааг арай өөр өнцгөөр, хэрэглэгчид үнэ цэнтэй мэдээлэл болгож хувиргах шаардлагатай. Энэ мэдээлэл надад хэрэгтэй бол яагаад хэрэгтэй гэж, үүний үр дүнд юу болох юм гэдгийг задалж хүргэнэ гэсэн үг. Мэргэжлийн сэтгүүлзүй задлан шинжилсэн, аналитик мэдээлэл дээр л тогтоно. Энэ бол яах аргагүй үнэн. Нюанс нь аль эрт яваад эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл,
хэн нэгэн сошиалын идэвхтэй аккаунт, технологийн хурдын араас бид хөөцөлдөж, түүнээс хурдан байх гэж хичээгээд хэрэггүй болсон. Түүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Яарах тусмаа алдаа гардаг. Нягталж амжихгүй тохиолдолд алдаа гарах нь ойлгомжтой. Хэдхэн өгүүлбэр, сүртэй гарчиг. Одоогийн нөхцөлд ийм л болчихоод байна. Үүнээс шалтгаалж сошиал аккаунтуудаасаа мэдээллийн сайт, мэргэжлийн сэтгүүлч маань ялгарч чадахгүй болж байна гэсэн үг.
-Олон нийт спам, хуурамч сайтуудыг хэвлэл мэдээллийн сайтаас ялгахгүй байгаад олон нийт мэдээллээ, эх сурвалжаа шүүлтүүрдэх, ялгаж таних мэдлэг дутмаг байдалтай холбоотой гэж харж байна. Тэгвэл олон нийтийг энэ чиглэлд мэдээлжүүлэхэд сэтгүүлчид ямар оролцоотой ажиллах хэрэгтэй юм бэ?
-Мэдээлэл задгай, нээлттэй байгаа тохиолдолд хувь хүн сониуч, “шуналтай”, өвөрмөц радикал туйлширсан хувилбарын үг өгүүлбэр, өнцөгт дуртай тэмүүлэлтэй байдаг. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүлзүйд ёс зүй, мэдээллийг боловсруулах арга зам, редакторын ажлаас үл шалтгаалаад олон нийтэд илүү уйтгартай болж харагдаад байгаа юм.
-Тэгвэл үүнийг шийдвэрлэх гарц нь юу байх вэ?
-Герман, Сингапур зэрэг мэдээллийн технологи өндөр хөгжиж буй орнууд хэд хэдэн гарц гаргалгааг гаргаж эхэлж байна. Нэгдүгээрт, аккаунт албан ёсных байх ёстой. Сошиалд нэг хүн нэг аккаунттай байя, түүнийг нь хянаж чадвал зохиомол мэдээллүүдээс сэргийлж болох юм байна гэдэг байдлаар явсан. Гэтэл үүнийг технологийн хувьд шийдэхэд бэрхшээлтэй болчихож байгаа юм. Мэдээллийн үнэн бодит байдлыг шалгадаг баримт шалгах, цэгцлэх технологи, үйлчилгээний компаниуд, редакциуд хэвлэл мэдээллийн цоо шинэ бизнес болоод гараад ирж байна. Үүнээс харахад, ардчилсан нийгэмд төлөвшиж байгаа хүн бүрт мэдээллийн эх сурвалжуудаа ялгаж таньдаг байхыг сургая. Арван жил, их сургуулийнх нь хөтөлбөрт хэвлэл мэдээллийн боловсрол гэх агуулгыг оруулаад өгсөн ч болно. Өөрөөр хэлбэл, технологиор үүнийг шийдэхэд хэцүү. Хуулиар шийдэхэд бүр хэцүү буюу боломжгүй. Ардчилсан нийгэмд байгаа л юм бол мэдээллийг яаж хүлээж авахыг хуульчилж, хориглож зааглах ёсгүй. Тэгэхээр мэдээлэл авч буй хүмүүсээ л төлөвшүүлэхэд хангалттай. Хандалт байхгүй, хуурамч мэдээлэл нийтэлдэг гэдэг нь тодорхой болчихсон хэсгийг нийгэм таньдаг болчихно. Нэгэнт таньсан бол хуурамч мэдээллийн хэрэгсэл, бизнесүүд аяндаа арчигдана.
1992-1999 оны хооронд 2400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг. Тухайн үед нэг дугаар гараад хаагддаг сонин, алмас шулмасын тухай бичдэг, харь гараг, ид шидийн тухай хүртэл бичдэг сонин байсан. Тэр сонинууд өнөөдөр хаана байна. Магадгүй тухайн шар сонинууд сайтууд болоод хувирчихлаа шүү дээ. Редакцитай эсэх нь мэдэгдэхгүй, нэг хүн олон сайтаар мөнгө хийх явдал зэрэг асуудлууд гараад ирж байгаа юм.
Магадгүй холын, бүтэх эсэх нь тодорхойгүй мэт санагдаж болно. Гэхдээ мэдээллийг хүлээж авч буй хүн өөрөө төлөвших чухал.
Мэдээллийн эмх замбараагүй урсгал цаашид яах вэ гэдэгт ийм нэгэн таамаг байдаг юм. Мэдээлэл их байна. Үүнээс хэрэглэгчид өөрсдөө залхаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сошиал дээр хэрэгтэй хэрэггүй мэдээллийг бид аваад байна. Харин энэ хэрэггүй мэдээллийн урсгалаас хэрэглэгчид ирээдүйд 5-7 жилийн дотор залхана. Би юу сонирхдог вэ, энэ талаарх цэгцтэй чанартай мэдээллийг хаанаас авах вэ гэдэг эх сурвалжуудаа тодорхойлчихно. Өөрт нь хэрэгтэй мэдээлэл өгдөг сувгуудыг ямар ч төлбөртэй байсан түүнд мөнгө, цаг хугацаагаа зарцуулж чаддаг болно. Ийм хэрэглэгчид төлөвшинө гэх таамаг бий.
Хэвлэл мэдээллийн боловсрол буюу хэрэглэгч мэдээллийг өөртөө цэгцтэйгээр, шүүлтүүрдэж авч сурна гэдэг бол цаг хугацааны л асуудал. Хоёрдугаарт, үүнд зорилтот алхмууд хэрэгтэй. Ардчилсан орны төр ямар нэг байдлаар бойкот, шүүлтүүр тавиад байхдаа биш. Харин үүнд чиглэсэн мэдээллийг олгодог шугамуудыг нээж өгөх хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бизнесийн загвар, менежмент, удирдлагын арга барилаа шинэчлэх шаардлагатай-
-Тэгвэл уншигч үзэгчдийн тэрхүү боловсролд сэтгүүлчид өөрсдийн хэвлэн нийтэлж буй бүтээл, материалаараа хэрхэн оролцоотой ажиллах вэ. Цаг үеэ дагаад уншигч үзэгчид нэгэн хэвийн уйтгартай текст бичвэрээс илүүтэй мультмедиа хосолсон бүтээлүүдийг сонирхож байна. Энэ чиглэлд бүтээлээ хөгжингүй болгоход редакциуд хэрхэн анхаарах вэ?
-Сэтгүүлч цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн нэг бүтээлээ нийтэллээ гэж бодъё. Гэтэл тэр нь өөр нэг сэтгүүлчийн даргын өрөө өшиглөөд орж буй лайвт хандалтаараа хүрэхгүй. Ийм учраас бүтээл хийсэн сэтгүүлч өөрөө эргэлзээнд ороод байгаа юм. Энэ юутай холбоотой вэ гэвэл нэгдүгээрт,
манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бизнесийн загвар, менежмэнт, удирдлагын арга барилаа шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ сэтгүүлчийн ажлын арга барилаа өөрчлөх явдал чухал. Мэдээллийн сайтын сэтгүүлч болон өдөр тутмын сонины сэтгүүлчдийн ажил өөр хоорондоо ялгарахгүй байна. Зураг, гарчиг, эх бичвэр гэсэн элементүүдтэй яваад байна. Сайт гэдэг давуу талаа ашиглаж, харуулж чадахгүй байна гэсэн үг.
Харин одоо олон нийтэд ямар мэдээлэл сонирхолтой байна гэдгийг олж хараад түүнд тохирсон шинэ мэдээллийн хэлбэрүүд рүү маш хоцорч орж байгаа.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн ямар агуулгатай контент бүтээлүүд илүү давамгай хөгжих вэ гэдэг асуултад барууны судлаачид хоёр зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт, story telling буюу ямар нэгэн түүхийг өгүүлэх. Тодорхой нэг жижиг түүхээр том дүр зургийг харуулах гэсэн үг. Хоёрдугаарт, story building. Түүхийг бүтээх. Жишээлбэл, Оюутолгойд ажиллаж буй хүмүүсийн ажиллах процесс, сэтгэл ханамж, хэрхэн ажиллаж амьдардгийг тэнд ажиллаж буй эмэгтэй жолоочоор илэрхийлчихэж байна гэсэн үг. Дүртэй, үзэгч, уншигчийн анхаарал сонирхлыг татах “үзэм”-тэй байх хэрэгтэй. Тэгэхээр сэтгүүлзүйн төсөл болгон өөрийн шигтгээтэй байх ёстой.
-Шууд дамжуулалт гэдэг зүйл сэтгүүлзүйд хүчээ авч байна. Гэхдээ энд мэргэжлийн байх чиг шугамаа хэрхэн баримтлах вэ гэдэг асуудал тулгарч байна. Мик барьчихаад шууд дамжуулалт гэх далбаа дор ёс зүйгүй аашлах дүр зураг ч сэтгүүлзүйн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байна уу?
-Шууд дамжуулалт бол мэдээллийг хүргэж буй хэлбэр. Гэхдээ лайв хийж байгаа бол бусад лайв хийж байгаа сайтууд, хувь лайвчингуудаас ялгарахын тулд баримталдаг зарчим, ялгарах форматыг бодож олох ёстой. Ялгарахын тулд нөгөө шигтгээтэй байх ёстой гэж хэлээд байгаа юм.
-МАН сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн ажиллах мэдээллийн орчинг хаалттай байлгах, барих оролдлогуудыг ойр ойрхон хийж байна-
-Саяхан УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг интернет орчныг хязгаарлах, хатуу хяналт тавих зорилготой гэсэн. Гэвч сэтгүүлчдийн болоод цахим орчинд иргэдийн эрхийг боомилсон явдал гарлаа гэж шүүмжлэлтэй хандсан. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандав?
-Нэгдүгээрт, тухай хуулийг санаачилж батлуулах хүртэлх процесс маш хурдан өрнөсөн. Бүгдийн нүдэн дээр ил байсан. Монгол Улсын парламент хууль батлахдаа хуулиа зөрчиж болохгүй. Хуулийн процессийг зөрчиж болохгүй. Түүнийг нэн тэргүүнд зөрчсөн нь маш том алдаа. Хоёрдугаарт, олон нийтийн сүлжээнд иргэний эрхийг хамгаална гээд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэтээр түлхүүр үгсийг хэрэглээд байгаа. Зорилтот бүлэг болгож. Гэтэл эдгээрийг тухай бүрт нь хамгаалдаг хуулиуд бий. Зохицуулалтууд байгаа зүйлсийг нэг дор базаад сошиал медиа гэдэгт наагаад иргэдийн мэдээлэл авах, түгээх, үг үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүдэд халдаж байгаа юм. Энэ давлагаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакциудын тодорхой өнцөг, байр суурь, дүгнэлтийг олон нийтэд хүргэх, баримтуудыг гаргаж ирэх процесст саад тушаа хийх оролдлого. Тодорхой нарийн зохицуулалт, алдаа дутагдал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг илт цензур, хяналтын шинжтэй хууль болгон баталснаар шийдэхгүй. Яаж ч гоё нөмрөг, гарчиг өгсөн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл олж авах иргэний эрхэд халдаж байгаа л бол ардчилсан Монгол Улсын хувьд буруу алхам. МАН сүүлийн жилүүдэд давамгайлан парламентад байгаагаараа далимдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, сэтгүүлчийн ажиллах мэдээллийн орчинг хаалттай байлгах, барих оролдлогуудыг ойр ойрхон хийж үзээд байна.
-"Чанаргүй" гурван сая уншигчтай байснаас чанартай гурван мянган уншигчийнхаа хойноос л яв. Чадаж байгаа сэдэв, мэдээллээ өндөр түвшинд хүргэ-
-Хууль эрх зүйн орчны талаар ярилцвал ярилцлагын маань цаг хүрэхээргүй болов уу. Харин үргэлжлүүлээд сэтгүүлзүйн салбарт бэлтгэж буй боловсон хүчний талаар ярья. Манай улсад одоогийн байдлаар албан ёсны сэтгүүлзүйн хөтөлбөртэй хэчнээн сургууль байна вэ. Нөгөө талдаа сэтгүүлчээр суралцаж төгссөн ч мэргэжлээрээ ажиллах залуус тун цөөхөн?
-Өнгөрөгч намар манай танхим сэтгүүлзүйн бакалаврын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Тэгэхэд тодорхой судалгаа, тоон мэдээллийг цуглуулж байсан юм. Тухайн үед сэтгүүлзүйн бакалаврын хөтөлбөртэй найман их, дээд сургууль байна. Манай сургуулийн тухайд сэтгүүлзүйн чиглэлээр яг одоо суралцаж байгаа 180 орчим оюутан байгаа. Сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбарт элсэж буй оюутны тоо буурч байна. Энэ нь тодорхой цаг хугацааны интервалтайгаар тодорхой мэргэжлүүд элсэгчдийн дунд моодонд орно гэдэг шиг эрэлттэй болдог зүй тогтолтой холбоотой. Тухайлбал, 6-7 жилийн өмнө сэтгүүлзүйн салбарт элсэгчдийн тоо өндөр байсан. Жилд сэтгүүлч мэргэжлээр 150 орчим оюутан төгсөж байна. Төгссөний дараах судалгаагаар сэтгүүлзүйн салбартаа ажиллаж байна уу гэдэг тоо их чухал байдаг. Салбартаа үлдэж ажиллаж байгаа оюутны тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа.
-Шалтгаан нь?
-Хоёр, гурван ч шалтгаан байна. Зөвхөн өөрийн сургуулийн төгсөгчдөөр жишээлээд ярья. Дараагийн шатанд буюу магитср, доктор, гадаадын их дээд сургуульд өөрийнхөө мэргэжлээр аль эсвэл өөр мэргэжлээр тэтгэлэг аваад сурах сонирхол орчин үеийн залууст их байгаа. Нэг хэсэг нь мэргэжлийн ажил хайгаад олсон ч удалгүй өөр өөр хэвлэл мэдээллийн редакциуд тойроод өөрийгөө туршаад ч гэх юм уу яваа төгсөгчид бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд аль редакц, үйл ажиллагааны хэлбэр нь тохирох вэ гэдгийг эрэлхийлж байна гэсэн үг л дээ. Өөрийгөө мэргэшүүлээд бэлдэж чадсан хүмүүс байна. Яг өөрийн сонирхол, чиглэлээ бариад ажиллаж байгаа сэтгүүлчид. Түүнчлэн сэтгүүлчийн ажил зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакц байхаа больсон. Компани болгон маркетинг, олон нийттэй харилцах албатай байна. Хувьсаад ажиллаж байгаа төгсөгчид ч байна. Оюутны ширээнээс өөрийн гэсэн медиа санаачлаад явах залуус ч бий.
-Төгсөгчдийн зүгээс ийм шалтгаан байгаа юм байна. Тэгвэл салбартаа үлдэж ажиллаж буй шинэ залуу сэтгүүлчдээ ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулахад хэвлэл мэдээллийн байгууллага, редакци өөрөө ямар бодлого барьж хэрхэн ажиллах ёстой юм бэ?
-Номер нэгдүгээрт, цалингийн асуудал. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд менежментээ, бизнесийн загвараа өөрчлөх ёстой. Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ашиг орлогын боломж нь реклам зар сурталчилгаа мөн үү гэвэл мөн. Гэхдээ хуулиар хориглоогүй ашиг орлогын хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ арга хэрэгслүүд их байгаа. Түүнийг ашиглаж, орлого өндөртэй байгаад сэтгүүлчдэд хангалттай цалин өгч чадахгүй байна. Тиймээс хэчнээн залуу байгаад, хэчнээн мэргэжилдээ хайртай байгаад өөрийнхөө өдрийн хоол, унааныхаа зардлыг дааж чадахгүй цалингаар хэчнээн залуу хэдэн жил сэтгүүлчээр ажиллаж чадах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хөгжиж буй моделиудаа өөрчлөх ёстой. Зөвхөн зар сурталчилгаа, хаалтын гэрээ биш. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол тодорхой компанийн нэр хүнд, брэндээ бий болгох зам. Үүнийгээ өөр бизнестэй уяж өгдөг. Энэ нь ашиг орлогынх нь эх үүсвэр байдаг. Түүгээрээ өөрийн редакцийн чадамж, цалинг, хараат бус байдлыг өндөр түвшинд аваачдаг. Ийм загвар руу явах хэрэгтэй.
-Ажиллах нөхцлийн хувьд та юу хэлэх вэ. Сэтгүүлчийн ажил ачаалалтай, цаг наргүй гэдгийг бүгд мэднэ шүү дээ?
-Залуу сэтгүүлчид их зүрхшээдэг. Телевизийн мэдээний албанд очингуут өдөрт таван мэдээ олж ирнэ шүү гэнэ. Тэгээд хаана юу болж байгааг хайсаар сэдвийн араас хөөцөлдөх завгүй болчихно. Энэ байдлаас шалтгаалаад хамгийн амархнаар хэрхэн тэр таван мэдээгээ олох вэ гэдэг л арга зам руу орчихож байгаа юм . Түүний арга зам нь хэвлэлийн хурал авах. Үйл явдал цөөхөндөө биш. Сонирхол татах үйл явдал байхгүйдээ биш. Харин ажлын ачаалал өндөр учраас аль болох хялбараар нормоо биелүүлэх нь чухал болчихож байна. Иймээс сэдэв хөөсөн, задлан шинжилсэн, эрэн сурвалжилсан нийтлэл мэдээлэл бэлтгэх зав бодох цаг сэтгүүлчдэд алга болчихсон. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциудыг төрөлж гээд байгаа юм. Танай редакц бүгдийг ярьдаг, бүгдийг мэддэг байх албагүй. Өөрсдийнхөө чадаж буй нэг сэдвийн хүрээнд хэсэг уншигчдийг бариад ав. Түүнээс биш гурван сая хүн бүгд мэдээд, мэдээллийн сайтын ранк дээр эхний гуравт багтахын хойноос хөөцөлдөх шаардлага байхгүй. Чанартай гурван мянган уншигчийнхаа хойноос л яв. Чадаж байгаа сэдэв, мэдээллээ маш өндөр түвшинд хүргэ.
-Ажилдаа "дурлах" хугацаа гэж бий. Энэ үеийг давж гарч чадвал чи сэтгүүлзүйн салбараас насан туршдаа холдож чадахгүй-
-Таны хувьд төгсөгчидддөө чанартай, мэргэжлийн сэтгүүлзүй хийхэд ажлын талбар дээр гол анхаарах зүйл нь юу гэж анхааруулж, захидаг вэ?
-Сэтгүүлчийн ажил хүнд ажил. Сонирхолтой ажил. Аливаа нэг редакцид очоод сэтгүүлчээр ажиллах эхний хоёр сарын хугацаанд тэсэхэд, суралцахад, өөрийгөө би энд ажиллана гэж сэтгэл зүрхээр тэжээхэд хэцүү. Тэр үеийг давах гэдэг нэг, хоёр сар зарим хүний хувьд хагас жилийг ч зарцуулдаг. Шинэ төгсөгч төгсөн очингуут ажилдаа дурлах хугацаа гэж зүйл бий. Үүнийг давж гарах маш чухал гэдгийг хэлдэг. Хэрэв энэ үеийг давж гарч чадвал чи сэтгүүлзүйн салбараас насан туршдаа холдох чадахгүй. Ажилдаа дурлана, үр дүнд дурлана. Нийгэмд уншигчдад хэрэгтэй хүн юм байна гэдгээ мэдэрнэ. Тодорхой ажлын арга барил ч сууна. Энэ үеийг давахад мэдээж хэцүү. Редакцид ажиллаж буй туршлагатай сэтгүүлчид залуу сэтгүүлчдийг бойжуулах, ажилд нь дурлуулахад анхаарах ёстой. Сэтгүүлчийн цалин бага гэдгийг бүгд мэдэж байгаа. Суралцаж байгаа оюутнууд маань ч мэднэ. Гэхдээ цалин бага байгаа нь хүнийг дуртай ажил мэргэжлээс нь холдуулдаг хамгийн чухал хүчин зүйл биш. Цалин шударга бус байх гэдэг нь харин түлхдэг. Тэгэхээр нэгэнт эзэмшсэн мэргэжилдээ дурлах, сонирхолтойг, үр дүнтэйг, нөлөөтэйг нь мэдрэх явдал залуу сэтгүүлчдийн хувьд чухал байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Янжиндулам