Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил энэ сарын 1-нээс эхэлсэн билээ. Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулж байна. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн автомашинд RFID чипийг суурилуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байна.
RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах бөгөөд чипийг үнэгүй суурилуулна.
Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна. RFID чип буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системээр дамжуулан авто тээвэртэй холбоотой зарим төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нөлөөтэй гэж үзжээ.
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Энэхүү технологийн хүрээнд тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах боломж бүрдэх юм байна.