Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад RFID цахим гэрчилгээ олгож эхэллээ. Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгох ажлыг 2023 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.
Тодруулбал, Эхний ээлжид нийтийн тээврийн үйлчилгээний 210 автобусанд байршууллаа. Уг систем нь төрийн байгууллага болон авто замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бий болохоос гадна авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан бүрдэх юм. Мөн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм.
Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.