"Зөвлөлдөж шийдье" Үндэсний хэмжээний санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын хөтөлбөрт тусгасан "Баялгийн сан ба тэгш хуваарилалт, засаглал" сэдвээр Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарьтай ярилцлаа.
-Зөвлөлдөх уулзалтад иргэд баялгийн сангийн тэгш хуваарилалтын асуудлыг багагүй хөндсөн. Юун түрүүнд баялгийн сангийн эрх зүйн орчин, орлого бүрдүүлэлтийн талаар яриагаа эхэлье?
-Ихэнх улс орнуудад тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлснээ тусгай санд төвлөрүүлэн эдийн засгийн зорилгоор захиран зарцуулдаг зориулалттай баялгийн сангууд бий. Энэ нь ихэвчлэн төрийн өмчит бөгөөд макро эдийн засгийн зорилгоор байгуулагддаг. Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь чухал. Баялгийн сангийн тухай хулийн төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх гэсэн хүлээлт бий. Тиймээс зөвлөлдөх санал асуулгын нэг сэдэв болж орж ирж байгаа нь маш чухал. Ялангуяа иргэд төртэйгөө хамтраад сангийн цаашдын хувь заяаг тодорхойлох, гарц шийдлийг эрэлхийлэх боломж бүрдэж байна шүү дээ.
-2019 онд хийсэн ҮХНӨ-өөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг тусгасан байдаг. Гэвч баялгийн сан хэрхэн бүрдэж, сангийн үр өгөөжийг хэрхэн тэгш хуваарилах талаар нарийвчлан заагаагүй. Баялгийн сангийн тухай хуульд энэ асуудлыг тусгасан гэж ойлгож байгаа. Засаглалыг сайжруулах шаардлагатай юу?
-Монгол улсын эдийн засаг өөрөө 13-14 тэрбум ам.доллароор илэрхийлэгддэг. Ялангуяа эдийн засгийн 30 орчим хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай байна шүү дээ. Гол асуудал уул уурхайн баялгаа бид хэрхэн захиран зарцуулж болох вэ гэдэг дээр баялгийн сангийн шийдэл гарч ирсэн. Үндэсний баялгийн санг байгууллаа гэхэд түүнийгээ хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр тодорхойгүй хэд хэдэн асуудал бий.
Нэгдүгээрт яг ямар орлогыг сан руу төвлөрүүлэх юм. Дараа нь сан юм бол тэр нь арвижиж байх ёстой. Тэрнээс биш урьд нь бид нар маш олон санг зүгээр "данс" байдлаар ашиглаж тусад нь удирдах гэж оролдож ирснээс болоод сангийн хөрөнгийг арвижуулж чаддаггүй байсаар сан нь эцэстээ нэг бол төсвөөс татаас нэхдэг, үгүй бол дампуурдаг тогтолцоо л манайд явж ирсэн. Тэгэхээр эндээс сан гэдгийн утга учрыг би сонгодог утгаар нь ажиллуулж чадахгүй өнөөг хүртэл яваад ирсэн. Эндээс бид эхлээд яаж сангийн орлогоо арвижуулах ёстой юм гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ буцаагаад сандаа авч үлдээд явах хэрэгтэй. Үүний дараа сангаасаа хуваарилалт хийх асуудал яригдана.
Ер нь бид яах гэж санг үүсгээд байгаа вэ гэхээр эдийн засаг, хүн амын амьжиргааг сайжруулахын тулд л байгуулж байгаа хэлбэр шүү дээ. Гэхдээ тухайн сангаасаа ямар хэмжээний мөнгийг авч хуваарилах уу гэдэг тодорхой дүрэм гаргах н чухал. Хэрвээ байнгын ажиллагаатай сантай байх тухай ярих юм бол санг бүхэлд нь биш байгаа хэсгийнхээ өгөөж гэж ярьдаг тэр ашгийг л төсөв рүүгээ авч юм уу захиран зарцуулах хэрэгтэй болно.Энэ бүхнийг зохицуулсан эрх зүйн тогтолцоо хэрэгтэй.
-Танай хүрээлэнгээс хоёр жилийн өмнө гаргасан судалгааны мэдээллийг харахад Монгол Улсын хэмжээнд байгалийн баялгийг түшиглэсэн 50 гаран сан байдаг бөгөөд тэд 4 их наяд ам.долларын активтай байна гэсэн байсан. Сангуудын тоо нэмэгдсэн үү, үүнээс төрийн өмчит сангуудын хуримтлалын хэмжээ ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд зөвхөн байгалийн баялгийг түшиглэсэн сангуудын сүүлийн үеийн судалгааг хараахан гаргаагүй байна. Харин уул уурхайг түшиглэж байгуулагдсан төрийн өмчит хоёр сан бий. Нэг нь Төсвийн тогтворжуулалтын сан юм. Энэ сангийн хуримтлал өөрөө тогтворгүй байдаг. Тухайлбал, уул уурхайгаас бүрдүүлэх орлогыг таамаглахад хэцүү. Яагаад гэвэл зэсийн үнэ өнөөдөр өндөр байж байгаад маргааш огцом унах тохиолдол бий. Нүүрс мөн адил. Тэгэхээр орлогын савлагаа үүсэхээр дагаад төсвийн орлого савлаж эхэлдэг. Орлого савлана гэдэг нь зарлагад шууд нөлөөлдөг. Зарлагад багш, эмч ажилчдын цалин хөлс, эрүүл мэндийн төсөл хөтөлбөр гэх мэт зайлшгүй зардлуудыг хамааруулдаг учраас уул уурхайн бүтээгдэхүүнээс олсон орлогын тодорхой хэмжээг Төсвийн тогтвортой байдлын сан руу аваад дараа нь тухайн түүхий эдийн хаш унах үед тухайн сангаасаа төсвийн алдагдлаа нөхдөг байх санг байгуулсан юм.
Хоёр дахь сан бол "Ирээдүй өв сан" байгаа. Энэ сангийн орлогыг уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлж тодорхой хугацаанд эргэлтэд оруулж зарцуулахгүйгээр хөрөнгийг арвижуулах ёстой. Зөвхөн хүүгийн ашгийг тодорхой зорилгоор зарцуулна гэсэн зорилготойгоор анх байгуулагдаж байсан боловч энэ хоёр сан хоёулаа үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй. Тиймээс эдгээр төрийн өмчит сангуудын хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай.
Ирээдүйн өв санг байгуулахдаа жил бүр уул уурхайн АМНАТ-аас олсон ашгийн 30 хувийг санд төвлөрүүлж хуримтлал үүсгэнэ гэж ярьж байсан шүү дээ. Санд жил бүр 1 их наяд төгрөгийг төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл сүүлийн 2 жилийн хугацаанд сангийн үр өгөөж буурч, төсвийн тодорхой чиглэлийн санхүүжилтийг нөхдөг болж хувирсан гэж эх сурвалжууд ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ирээдүйн өв сангийн орлогыг 2030 он хүртэл авахгүй гэж анх байгуулагдсан. Гэтэл мар нэгэн хямрал нүүрлэнгүүт сангийн дүрмээ өөрчлөөд мөнгийг нь авч байгаа. Төсвийн тогтворжуулалтын сан дээр ч мөн ялгаагүй. Уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Гэтэл түүн дээр яг ийм дүрмээр сангийн хөрөнгийг зарцуулна гэж тусгачхаад сүүлд 10 гаруй удаа өөрчлөлт оруулаад л явсан байдаг.
Иймд хэрвээ сан байгуулах гэж байгаа бол урт хугацааны бодлогыг тодорхойлох нь чухал байна. Түүнээс биш төсвийг жил бүхэн баталдаг. Гэтэл төсөв дээр тодорхой хэрэгцээ гарах тоололд хадгалсан мөнгө рүүгээ гар дүрчхээд байгаа юм л даа. Эндээс хуримтлал үүсэх ямар ч боломжгүй. Уул уурхайн орлого өөрөө шавхагддаг баялаг учраас бид ганцхан л удаа ашиглана. Үүнийг бид үл шавхагдах санхүүгийн хэрэгсэл болгох нь гол зорилго.Шууд утгаараа дээрх хоёр сан актив байхгүй сан болсон гэж хэлж болно.
-Баялгийн тэгш хуваарилалт гэдгийг чухам юу гэж ойлгох ёстой вэ. Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүний ноогдол ашгийг эл хэмжээгээр хүртээх гэж иргэд ойлгож байна?
-Мэдээж өнөөгийн нийгэмд ажилгүйдэл, ядуурал гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлууд бий. Эдгээрийг шийдвэрлэх нь мэдээж төр засгийн үүрэг. Нэг талаас энэ зөвхөн баялгийн сангаар шийдэгдэх асуудал биш. улсын төсөв болоод бусад зүйлс хамаарна.
Хэрвээ үнэхээр өнөөдрийн ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх нь илүү чухал гэж үзэх юм бол баялгийн сан руугаа хөрөнгө оруулах нь зөв. Гэхдээ бүх олсон мөнгөө нэг өдөр зарчихаар маргааш бүр илүү хямралтай байх юм бол санхүүгийн нөөцгүй болох ч эрсдэлтэй. Энэ бол сонголтын асуудал. Хамгийн чухал нь сангийн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь магадгүй зөвлөлдөх санал асуулгаас гарах нэг үр дүн байж болох юм.
-Ярилцсанд баярлалаа.