Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдлаа. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцсэн юм.
Дарханы арьс ширний цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Ди Би Эм ассет менежмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангаас 15 тэрбумын төгрөг, төслийг хамтран хэрэгжүүлэгч Сопрэмакс ХХК нь Ди Би Эм лизинг” ХХК-иас 3.2 тэрбум төгрөгийн дэд станцын тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахаар гэрээлжээ. Тухайн төсөлд Хөгжлийн банкны хоёр охин компаниас 18.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж санхүүжүүлжээ.
Үүнээс хөрөнгө оруулалтыг зориулалт бусаар ашигласан гэж шинжээч үзсэн юм. Тодруулбал, хувьцаа эзэмшигч Д.Энхбаяр нь 120 сая төгрөгийн бэлэн зарлага, 130 сая төгрөгөөр Ланд 200 автомашины худалдан авалт хийсэн байна. Мөн хувьцаа эзэмшигч Д.Энхбаярын ах Д.Төгсбаяр 275 сая төгрөгийн бэлэн зарлага, хувьцаа эзэмшигч Д.Энхбаяр 500 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийжээ.
Мөн "Далай сан Кредит" ХХК-ийн данс руу 670 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлсэн. Тухайн "Далай сан Кредит" ББСБ-ын гүйцэтгэх удирдлага Г.Шинэцэцэг нь Сопрэмакс ХХК-ийн гүйлгээ хийх эрхтэй этгээд аж.