Төр үеийн үед “Бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ сонсоно, дэмжинэ. Төрийн дарамтыг арилгана, төр хувийн хэвшлийн ойлголцол” гэх гэгээлэг лоозон тавьчихаад чихэн дээр цэцэг ургатал ярьсаар ирсэн. Өнгөрсөн намар хүртэл гурван өндөрлөг бичиг цаас нийлүүлээд энэ талаар ярьж суусансан. Гэвч яг үүнийх нь дараанаас төрийн өөр нэг дарга гарч ирээд дэмжье гээд байсан аж ахуйн нэгжүүдээ “дэлбэлээд” эхлэх нь тэр.
Бизнесийн бүлэглэл хоорондын "дэлбэлэлт"-үүдийг түр орхиё. Гэтэл жирийн нэг аж ахуйн нэгжээ төрийн нэрийн өмнөөс "дэлбэлээд" байх юм. Үүний жишээ нь "Дархан арьс шир боловсруулах үйлдвэр"-ийн жишээ. Дээр дурдсанчлан анхнаасаа төрийн хэрэгжүүлж чадахгүй төслөө хувийн хэвшлээр хийлгэхээр болсон атлаа яг үйл ажиллагаа нь дундаа орж байхад өрсөлдөгч нь болоод гараад ирсэн байдаг. Төртэй өрсөлддөг ямар компани ТҮЦ болтлоо дампуурна. Ямар ч хүн хэн ч биш болно. Орон шоронд хүртэл аваачаад хийчихдэг мунаг тогтолцоог энэ цаг үед бий болгоод байгаа. Ямар сайндаа л төсөл хөтөлбөр хэрэгжүүл гэж төрөөс мөнгө төгрөгий зээл өгч, ажлыг нь тэхий дунд хүртэл нь үргэлжлүүлж байснаа яг хажууд нь ижил төрийн үйлдвэрийг төрийн нэрийн өмнөөс байгуулчихаж байх вэ дээ. Эрүүл ч юм шиг, согтуу ч юм шиг ийм шийдэл гаргадаг улс орон манайхаас газар байхгүй.
Ардчилсан нийгэмд энэ мэт буруу жишиг нэг л тогтвол хууль, хүчний эрх мэдлээ ашиглаад төр өөрт таалагдаагүй ямар ч хүний бизнесийг булааж, нурааж, бас “дээрэмдэх” нь гарцаагүй. Энэ үйлдэл нь цаашдын мянган мянган ийм дээрмийн үүд хаалгыг нээнэ.
Төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас 1 их наяд орчим төгрөгийн зээл авсан байдаг. Харамсалтай нь үүнийх нь 762 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж одоогоор төлөх эзэнгүй болсон. Энэ зун ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы хөлд чирэгдэж яваа "Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр" эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэхэд бэлэн байна.
Шинэ сайд нь энэ ажил анхаарал хандуулж, хувийн хэвшлийн ажлыг үргэлжлүүлж төрийн үйлдвэрийг зогсоо. Эсвэл үнэхээр төр тэр ажлаа хийх гээд байгаа юм бол хувийн хэвшлийн үйл ажиллагааны зардал, бүтээн байгуулсан цогц үйлдвэрийн ажлыг зохих ёсоор нь үнэлж ав. Хэрвээ энэ хэвээрээ төр хохироосоор байвал энэ компанийн чинь зээл, өр шир дийлдэхгүй боллоо.
Ер нь төр оролцсон бүхэн л дампуурдаг жамтай. Хувийн хэвшлээр ажлыг нь гүйцээлгээд дуусгахаас өөр зам байхгүй байх шүү.