Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хариуцлага үүрэх эзэнгүй “Хүүхдэд ээлгүй хот“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 10 секунд

Монгол Улс хүүхдэд ээлтэй орчноороо дэлхийн 175 орноос 70-р байр эзэлжээ. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Бодит амьдрал дээрээ үүнээс ч дор дэд бүтэцтэй. Ялангуяа улсын нийслэл Улаанбаатар хотыг хүүхдэд ээлгүй хот гэдэгт маргах хүн байхгүй биз. Хүүхдийн тоглоомын талбайгүй, машин байшин хоёрт л бүх талбай нь ногдох, алхах, гүйх, тоглох орон зайгүй, хүүхдээ мартсан хот болчихсон нь хүн бүрд илхэн. 

Монголын төр хүн амаа өсгөхийг тэргүүлэх зорилт болгосон  хэрнээ хүүхэд өсгөх эрүүл аюулгүй орчин бүрдүүлдэггүйгээс харахад цаагуураа хүүхэд гаргахыг боомилдог бололтой. 

Хүүхдээ заавал хөтөлж, алхам тутамд нь хараа хяналт тавихгүй л бол тэдэнд ямар аюул ирэхийг хэлэх аргагүй болж. Хүүхдүүд тоглохоор гарсан ч бэртэж гэмтэлгүй, эсэн мэнд эргэн ирнэ гэдэг баталгаа алга. Хүүхдүүд эндэх бүрд эцэг эхийн хараа хяналт сул байснаас үүдсэн гэх улиг болсон шалтгаанаар хариуцлагаас мултрах эрх мэдэлтнүүд одоог хүртэл байгаа нь харамсалтай. Төр иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалж, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Эхлээд төр нь стандартын шаардлага хангачихаад эцэг эх иргэдээс үүрэг хариуцлага шаардах хэрэгтэй. 


-ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ ӨНГӨРСӨН ХЭРГҮҮД-

Сүүлийн хоёр жилд гэхэд л нийгмийг цочроосон олон харамсалтай хэрэг гарч хүүхдүүд амь насаа алдав.

-2018 онд эмийн сангийн төмөр хаалганд 9 настай хүү тогонд цохиулж эндсэн. 

-Хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11  настай хүү дарагдаж газар дээрээ амь насаа алдсан.

Харин энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р хороонд байрлах тоглоомын талбайд тоглож байсан 9 настай  охин гулсуурандаа дарагдаж, хүндээр бэртжээ. Тухайн үед гулсуур ямар ч бэхэлгээгүй байсан учраас охины дээрээс унаж, эгэм болон хавирга нь хугарчээ. Улмаар, уушги бяцарсан тул хүнд хагалгаанд орсон байна. Гадаа тоглож байсан охин эрүүл мэндээрээ ингэж хохирсон ч энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрөв.

-Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 3 хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн орших “Хан талст” ХХК-ийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж өсвөр насны дөрвөн хүүхэд эндэв. Энэ мэтээр ийм хайнга, хэнэггүй байдлаас болж  хүүхдүүд эндсээр байх уу. Энэ бүгдийг тоож, сургамж авч, засаж сайжруулсан ажил байна уу. Хариуцлагад татагдсан хүн байна уу. Байхгүй. 

"Хан Талст" ХХК-ийн ухсан нүхэнд  тогтсон тогтоол ус. Энэхүү нууранд дөрвөн хүүхэд эндсэн юм. 

-ХҮҮХЭД ЭНДСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРГИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ ВЭ-

Дөрвөн хүүхэд эндсэн хэрэг гардаг өдрийн шөнө нийслэлийн ЗДТГ-ын ажлын албанаас мэдээлэл хийсэн. Тэд мэдээлэхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн.Үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон” гэв. 

Харин Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу “Хан талст” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрлийг тухайн үеийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өгч байсан юм. Саранчимэг гишүүн үүрэгт ажлаа өгсний дараа “Хан талст” ХХК газар ашиглуулах зөвшөөрлөө зөрчин саяхныг хүртэл хууль бусаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ.

Түүнчлэн өнгөрсөн жилийн хавар нийслэлийн засаг дарга С.Амарсайхан тус компанийн хариуцсан газарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж бүр дэмжиж явсан байгаа юм.  

НЗДТГ-ын мэдээллээс үзэхэд НЗДТГ энэ хэрэгт огт хамааралгүй, өөр компани, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хариуцсан газар хэмээн хариуцлагаас бултав. 

Хэдий өөр компанийн эзэмшил газар байсан ч нийслэлийн нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан компаниас болж хүүхэд эндсэн нь маргаангүй үнэн. 

Тэгвэл энэ явдалд хэн хариуцлага үүрэх вэ? Газар ашиглах зөвшөөрлийг олгосон хотын дарга Бат-үүл үү эсвэл зөвшөөрлийн гэрээг хийсэн гишүүн Б.Саранчимэг үү, саяхныг хүртэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан газарт арга хэмжээ аваагүй нийслэлийн засаг дарга уу. Үүнд оролцсон бүгдэд л хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. 

Хууль бус газар олголт, хууль бус барилгын зөвшөөрөл, хууль бус аюулгүй байдлын хангалт, хамгаалалт зэрэг энэ мэтээр даамжирсаар эрдэнэт хүний амь насанд хүрэв. 

Нөгөө талаас хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан тус компани хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэгвэл “Хан талст” ХХК хэний компани вэ? 

“Хан талст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг байна. Ш.Бат-Энх нь мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газар /ХТГ/-ын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа ажээ. Тэрээр Хан талст, Хурдны зам зэрэг компанийг ХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаж байсан байна. 


-И.НАРАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ? -

АН-ыг төрийн эрх барьж байх үед Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар И.Нарантуяа ажиллаж байв. Тэрээр ажиллах хугацаандаа төсвийн найман сая төгрөгөөр төгөлдөр хуур худалдаж авсан, албан өрөөгөө хэдэн тэрбумаар тохижуулсан, албан тушаалаа аваад удаагүй байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг халсан асуудалд холбогдож явжээ. 

Ийм хүний эзэмшлийн компаниас болж дөрвөн хүүхэд эндэж, гурван гэр бүл хагацалд гашуудан сууна. Гэтэл тус компанийн зүгээс одоо болтол ар гэрийнхэнтэй нь холбогдож  уучлалт гуйж,  хариуцлага хүлээх талаар ам дугарсангүй.
НМХГ-аас тус компанид удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тоогоогүй гэв. Ийм л хуулиас гадуур амьдардаг эрх мэдэлтнүүдэд ил далд дээрэлхүүлж, дарамтлуулсаар өдийг хүрчээ.  Бид хэрэг гарах болгонд шуугиад л өнгөрдөг. Энэ удаагийн хэрэгт мөн л шуугиад л өнгөрөх гэж үү. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, бодитой хариуцлага тооцох цаг ирээгүй юм гэж үү. Жагсаад ч хамаагүй хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Зүгээр өнгөрүүлэх аваас цаашид ч энэ мэтийн хэрэг гарахыг үгүйсгэхгүй.

Г.АМАРТҮВШИН: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ АСУУДАЛ
Г.АМАРТҮВШИН: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ АСУУДАЛ
 
Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нутагшуулна
Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нутагшуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.