Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Содхүү: Би Анод, Зоос банк хоёрыг хувьцаат компани болгож чадсан болохоос банк дампууруулж үзээгүй

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
12 минут 28 секунд

УИХ-ын гишүүн асан, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨК-ийн Гүйцэтгэх захирал асан Р.Содхүүтэй ярилцлаа.

-Сүүлийн үед нүүрсний хулгайн асуудал хурцаар хөндөгдөж, нийгмээрээ байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилж, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг шаардах болсон. Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ ч байгалийн баялгийг Үндэсний баялгийн сан байгуулж түүгээр дамжуулан үр хойчид хүртээх агуулгыг тусгасан байдаг. Урт хугацаанд хувьцаа хэлбэрээр үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Ард түмний бухимдаад байгаа хамгийн том шударга бус асуудал бол энэ. Бид байгалийн баялгийг хэрхэн тэгш, шударгаар хүртээх талаар олон талаас нь ярьж зөвлөлдөж байна. Миний хувьд Баялгийн сан байгуулах ажлыг дэмжиж байгаа. Гэхдээ бид эрдэс баялгийн асар их ордтой улс. Шударга ёсны төлөөх нийгмийн сэтгэл зүйн тэмцэл хурцаар мэдрэгдэх болсон энэ үед баялгийн тэгш хуваарилалтын асуудалд эрх баригчид онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Гол санаа бол одоогийн их хэмжээний нөөцтэй, төрийн мэдэлд байгаа стратегийн ордуудыг хувьцаат компани болгоод, ард түмэндээ хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Тухайн хувьцааныхаа ноогдол ашгийг жил бүр иргэд хүртэж амьжиргаагаа сайжруулах ёстой. Харин баялгийн сангаар дамжуулж ашиг хүртээнэ гэвэл нэлээд удах байх.

Би УИХ-ын гишүүн байхдаа, Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа байнга хэлдэг байсан зүйл маань энэ. Оюутолгой, Тавантолгойн орд, Эрдэнэт ТӨҮГ, мөн мөнгөний бусад ордуудыг хувьцаат компани болгож хувьцааны тодорхой хувийг нийтэд санал болгож арилжаалах санаачилгыг дэвшүүлдэг байлаа.

Одоо хараад байхад Сонгуулийн өмнө нь хувьцаа ярьж шоуддаг болж. Сонгуулийн дараа мартагддаг байж болохгүй л дээ. Тиймээс одоогийн яригдаад байгаа Тавантолгойг хулгайч нарын гараар оруулах биш, хувьцаат компани болгож иргэдэд ашиг хүртээх ёстой. Хувьцааг нь ард түмэнд эзэмшүүлснээр тэр компанид ард түмний шууд хяналт бий болно гэсэн үг. ТУЗ нь нэг том даргын хүн биш, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ байх ёстой.

Сүүлийн хоёр жил ковид цар тахал эдийн засагт хямрал авчирсан. Дараа нь улс орнуудад геополитикийн хурц нөхцөл байдал үүсэж эхэлсэн сургаар инфляц огцом өсөж хамгийн түрүүнд энгийн иргэд нэрвэгдэж эхэлсэн. Баячуудад инфляц мэдрэгдэхгүй байгаа учраас талхны үнээ ч мэдэхгүй байна. Товчхондоо баялгийн тэгш бус хуваарилалтаас тэгш бус амьдралын ялгаа үүсэж байгаа.

-Хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ цэнэ хэр чухал гэж үзэх вэ. Давуу тал нь удаан хугацаанд үр өгөөжөө өгдөг гэх ч сул тал нь зах зээлийн ханшийг дагаад савладаг учраас эрсдэлтэй ч гэж ярьдаг. Мэргэжлийн хүний хувьд юу гэж тайлбарлах вэ?

-Хувьцаа худалдаж авах тэр мөчөөс хувийн өмч үүсэж байдаг. Энгийнээр тайлбарлавал, Тавантолгойн хувьцаа эзэмшигч болсон бол түүний эзэн болсон л гэсэн үг. Тиймээс нүүрсний ордоос хулгай хийж идээд байгаа цөөнхийн ашиг хувьцаагаар дамжиж нийтийн ашиг болох учиртай.

-Хувьцаа хуурамч байж болох уу?

-Хувьцаа хуурамч байж болохгүй. Хувьцаат компани байгуулагдахад л хувьцаа гарах ёстой.

-Хувьцааны талаар хөндсөн нь таныг Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байх үед 2008 онд Анод банк их хэмжээний хувьцаа гаргах сургаар гадаадын компанийн нэр оролцуулсан нь асуудал дагуулсан байдаг. Тухайн үед банк 4 сая 900 мянган ширхэг хувьцааг БНСУ-ын “Шинь ань” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж худалдахаар болсон гэдэг мэдээллийг БНСУ-ын талаас няцаасан. Хуурамч хувьцаа гаргах асуудал яригдсаар байтал Хөрөнгийн биржийн захирал зогсоох бус хөхүүлэн дэмжиж, Анод банкийг хувьцаат компани болгох ажлыг тэр үед гараа өргөөд дэмжсэн гэдэг. Тэгэхэд яг юу болсон юм бэ?

-Бид 16 жилийн өмнө үүнийг хийчихсэн байсан бол банкуудын “мөнгө хүүлэлтийн” муухай тогтолцооноос салчихсан байх байсан юм. Би тухайн үед үүнийг олж харж л байсан. Гэтэл одоо намайг 16 жилийн өмнө банкны хувьчлалыг эхлүүлж ард түмэнд хувь хүртээх гэж байсан гэдгийг хүмүүс сонсоод итгэдэггүй. Харин чиний яриад байгаа асуудлыг би мэдэхгүй байна. Ер нь бол хувьцаа хуурамч байна гэдэг асуудал байдаггүй.

-Тухайн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас таны нэр дээр хаяглаж бичиг ирүүлсэн гэдэг юм билээ. Та санахгүй байна уу?

-Би хүлээн зөвшөөрдөггүй. Тэр чинь буруу байхгүй юу. Өөрөөр хэлвэл, манайх БНСУ-ын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байсан. Гэхдээ ямар бичиг хаагуур дамжиж ирснийг мэдэхгүй. Зоос банк л гэхэд тухайн үед Европын сэргээн босголтын 25 сая ам.долларыг авч байсан. Хувьцааны асуудал үүнээс тусдаа яригдана. Анод банкны дампууралд би огт хамааралгүй. Хуурамчаар гаргах гэж байсан хувьцааны асуудлыг ч мэдэхгүй юм.

-Таныг тухайн үеийн СЗХ-ны даргатай хамтарч банкны хувьцаа гаргах асуудлыг шийдвэр гаргах түвшинд дэмжсэн гэж ярьдаг юм билээ?

-Би тэгэлгүй яах вэ. Эдийн засгийн судсаар гүйдэг цус бол мөнгө. Тэр мөнгийг хоёрхон санхүүгийн систем шахаж өгдөг. Нэг нь банк. Нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр банк давамгайлаад байсан юм. Банкны зээлээр л бүх зүйл яваад хөрөнгийн зах зээл хөгждөггүй байсан учраас би хүчээр зүтгүүлж, асуудлыг бодлогын хэмжээнд ярьж байж, тэр бүү хэл гадаадын банкнууд бүгд IPO гаргаж хувьцаат болсон байдаг гэж зүтгүүлсээр байгаад Анод банк, Зоос банк хоёрыг үндсэндээ паблик компани болгож чадсан. Яг нарийндаа тэнд СЗХ-ны Д.Баярсайхан тухайн үед юу ч хийж чадахгүй байх байсан. Нөгөө талаас манай Бирж ямар ч эрх байхгүй шүү дээ. Анод банк хувьцаа гаргаад түүнийг нь хэн худалдаж авна, тэр хоёрыг л хооронд нь холбож өгнө үү гэхээс тэнд хуйвалдаж, хулгай хийх ямар ч боломж байхгүй.

-“Монголын хөрөнгийн бирж” ТӨК оны өмнөх нь хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгосон. Үүнээс 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж тооцсон байдаг. Зах зээл нь өөрөө ямар байна гэж харж байгаа вэ?

-Дутуу байна. Би Хөрөнгийн биржийн захирал байхдаа гадаадынхантай гадаад харилцаагаа өргөжүүлэх гээд уулздаг байхдаа 16 улсын хөрөнгийн биржтэй холбоотой болгож чадсан. Одоо харахад төрийн нэртэй юм бүхэн хулгайн үүр болоод байна шүү дээ. Тэр үед бол би Хөрөнгийн бирж хувьцаа гаргах бодлого дэвшүүлээд, санал тавиад Төрийн өмчийн хороо зөвшөөрсөн байдаг. Тодруулж хэлбэл, менежментийн багт 33 хувийг өгөөд брокерын компаниудад 33 хувийг, Улсад 33 хувийг үлдээе гэдэг тогтоолын төсөл боловсруулаад Засгийн газарт оруулж дэмжүүлээд яг хийх гэж байтал зөвшөөрөөгүй байхгүй юу. Тэр үед миний санаачилгыг төр дэмжсэн бол өнөөдөр Хөрөнгийн бирж хөгжих байсан. Би үүнд харамсдаг юм. Одоо тэгтэл дөнгөж 34 хувийг гаргаж байна.

Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөдөг газрууд бол ерөөсөө л брокер, үнэт цаасны компаниуд байдаг. Товчхондоо тэр компаниуд энэ хөрөнгийн биржийн эздүүд байх ёстой юм. Тэдэнд хувьцааг эзэмшүүлэх ёстой. Энэ хэдэн компани байхгүй болчихвол арилжаа явахгүй шүү дээ. Тиймээс би Хөрөнгийн биржийнхэнд хэлсэн. Брокер, үнэт цаасны компаниуддаа хувьцаа өгөөрэй гэж зарим хүмүүстэй уулзахдаа хэлсэн. Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч биш зүгээр оролцогч. Хүмүүс болохоор Хөрөнгийн биржийг хувьчлаад сүйд боллоо гэж ойлгодог. Яг үнэндээ Хөрөнгийн биржийг аваад ямар ч том бизнес хийж чадахгүй. Ганцхан чухал зүйл бий. Хөрөнгийн биржийг зөв удирдаад цааш аваад явах юм бол Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй. Эдийн засагт хэрэгтэй байгаа мөнгийг Хөрөнгийн бирж дээр арилжаа хийх замаар босгож ирэх асуудал л яригдах ёстой.

Би Монголын үнэт цаасны хороог байгуулсан анхны гурван хүний нэг. Хөрөнгийн зах зээлийн анхны мэргэжилтнүүдийн нэг. Гэхдээ би энэ салбартаа тун их хайртай. Үүнийхээ хувь заяаны төлөө л зүтгэж явдаг. Манай энэ салбараас хулгай хийж хувьцаа авах, түүний захирал нь өөрөө хувьцаа авах нь хүртэл хориотой байдаг. Дэлхийн бүх хуулиар Хөрөнгийн биржийн захирал, ТУЗ-ийн бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулж байх үедээ өөрөө хувьцаа худалдаж авах эрхгүй. Хувьцаа худалдах ч эрхгүй байдаг. Тиймээс ямар ч үеийн Хөрөнгийн биржийн захирлуудад хар буруу санах ёсгүй. Тэдэнд юу ч байхгүй. Жижиг балиус ч байхгүй.Тиймээс Хөрөнгийн биржийг хувьчлах асуудлыг чухалчлах хэрэггүй юм л даа.

Давуу тал нь гадныхан манай улсад итгээд хувьцаат компаниудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Манайхан гадаадын хөрөнгө оруулагч нарыг гомдоогоод хөрөнгийг нь дээрэмдсэн асуудлууд ч үүссэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид ганцхан зүйлийг харж байна. Сонирхсон компанийнхаа хувьцааг л худалдаж авахыг хүсдэг. Надаас хүртэл асуудаг. Танай Оюутолгойн хувьцаа байна уу гэж. Гэтэл манайд байхгүй шүү дээ. Дээгүүрээ дарга нар чинь хоорондоо хуваагаад, хахуулиа авах гээд улаарчихдаг шүү дээ.

Би 2006 онд ном гаргасан. Монгол Улсын эрдэс баялгийн стратегийн ордууд дээр үндэсний хувьцаат компани байгуулж хувьцааг тарааж өгч ашиг шимийг нь хүртээх юм бол өвөг дээдсийн үлдээж байгаа хөрөнгийг хүртээж байгаа нэг хэрэг гэсэн агуулгаар ном бичсэн байдаг. Одоо ч гэсэн үүнийгээ хэлдэг дээ.

Улаанбаатарт -18 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -18 хэм хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.