Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга БООЦООГОО Лу.Гантөмөр дээр тавьж байна...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 23 секунд
UBN.MN

Х.Баттулга зорилгогүй ирэх хүн биш. Тэр нүүрсний хэргээ цэгцлэхээр биш намын даргын асуудлыг шийдэхээр ирсэн нь гарцаагүй. Үүнийгээ ч батлах мэт ажлын эхний өдөр “үсэрч” гарч ирээд С.Баярцогтын цагаадсан асуудлыг чангааж эхлэв.

Түүний өчигдөр ҮХЦ-д гаргасан өргөдлөөс харахад экс Ерөнхийлөгч улс төрийн бооцоогоо Лу.Гантөмөр дээр тавихаар шийдсэн гэж уншигдахаар байна. Хэрвээ намын даргын хэрүүлийг дуусгахгүй гэж шийдсэн бол хурал хуйг нь бүхэлдээ дүрмийн бус гэж С.Эрдэнэ шиг орилох байв. Гэвч тэр тэгсэнгүй. Зүгээр л хоёр гол өрсөлдөгчийн нэг рүү нь “чулуу нүүлгэж” эхэллээ.

АН өнөөдрөөс яг хоёр хоногийн дараа даргаа сонгоно. Энэ хүртэл бид юу үзэж туулахыг зөвхөн Х.Баттулга л мэдэх биз. Ямар ч аргаар “нохой шуугиулж” чадах хүн бол тэр.

Одоогийн байдлаар С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа, Ц.Баатархүү, Л.Гүндалай, С.Одонтуяа нар даргад өрсөлдөхөө зарласан. Том зургаар нь харвал, гол өрсөлдөөн угаасаа С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёрын хооронд өрнөнө. Магадгүй Х.Баттулга нэрээ дэвшүүлж, гол өрсөлдөгчөө С.Баярцогтоор зарлаж баахан бужигнуулах магадлалтай. Гэсэн ч гол фокусаа С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёрт чиглүүлэх нь зүйтэй.

Тэгвэл энэ хоёрын нам дотроо болон эрх баригчдаас авах улс төрийн дэмжлэг юу вэ. Хэн нь ямар тоглолт хийх боломжтой талаар хамтдаа тунгаацгаая.

Нэг. С.Баярцогт

Оюутолгойн гэрээнээс болж муу нэр, луу данс зүүж, арван жил явсан тэр эцсийн мөчид цагаадсан. Түүнийг цагаадсан гэдгийг Монгол, Швейцарийн прокурорын байгууллагууд нотолсон. Энэ цагаас С.Баярцогтын шинэ улс төр эхэлсэн бөгөөд намынхаа ойлголцлын ажлыг гардан зохион байгуулж буй юм. Энэ утгаараа намын гишүүдийнх нь зүгээс түүнд итгэл өгч өрсөлдөөн сонирхолтой болох нь дамжиггүй. Харин Ц.Элбэгдоржийн зүгээс түүнд дэмжлэг үзүүлэх боловч энэ удаагийн намын даргын сонгуульд экс Ерөнхийлөгч хөтөлгөө морьтой орох нь ойлгомжтой.

Тэгвэл эрх баригчдын зүгээс түүнд ямар дэмжлэг байх вэ. Мэдээж цагаадах үйл явцыг нь хааж боогоогүй, цагаадах боломжийг нь олгосон гэдгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс түүнд дэмжлэг бий байх. Улс төрийн хүрээнд ч энэ талаарх яриа гарч МАН-ынхан энэ асуудлаас болж хоорондоо муухай харцгаагаад удсан.

Хоёр. Лу.Гантөмөр

Лу.Гантөмөрийн хувьд улс төрийн дэмжлэг асар их болж ирлээ. Нэгдүгээрт, сая Солонгосоос ирсэн Х.Баттулга бодлогоор түүний талд “бооцоо”-гоо тавьж байгаа гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрвээ Х.Баттулга ингэж байгаа бол С.Эрдэнэ ч дагаад түүний талд гарна гэсэн үг.

Үүнээс гадна аливаа улс төрийг УИХ дахь бүлэг, УИХ-ын гишүүд нь голлож тоглодог. Тиймээс эвлэрлийн асуудлаа бүлгээ нэгтгэхээс эхэлж, Д.Ганбатаас бусад нь нэгдэж гацаанд ороод байсан намын хурлуудаа хийсэн. Өөрөөр хэлбэл, намын даргын асуудалд бүлгийн гишүүдийн оролцоо асар өндөр гэж ойлгох хэрэгтэй. Харин өнөөдрийн нөхцөлд УИХ дахь АН-ын бүлэгт хамгийн их үүрэг рольтой байгаа нь Увсынхан байна. Наанадаж, бүлгийн дарга О.Цогтгэрэл, цаанадаж хал үзэж халуун чулуу долоочихсон Н.Алтанхуяг нь хүртэл цагаа тулахад Лу.Гантөмөрийг дэмжих нь ойлгомжтой. Н.Алтанхуяг бол албан бус ч бүлэгтээ нөлөөтэй хүн. Өөрөөр хэлбэл, УИХ дахь “Увсын фракц” нутаг нугаараа Увсын Лу.Гантөмөрийг дэмжих нь ойлгомжтой.

Хоёрт, “Увсын фракц”-ийн гол найруулагч, холбон тоглогч бол Д.Дорлигжав. Д.Дорлигжав Лу.Гантөмөрийн талд ажиллаад эхэлсэн нь тодорхой болсон учраас өнгөрсөн баасан гарагт Б.Хурц түүний талаар хэвлэлд онцлох ярих шиг болсон. Тэрбээр, “Д.Дорлигжав гэдэг хүн манай АТГ-ын шалгаж байсан 18 хэргийг Прокурорын мөрдөн рүү татаж аваад хэрэгсэхгүй болгосон” гэх зүйлийг ярьсан. Энэ нь намын даргын өрсөлдөөнд Д.Дорлигжавын нөлөө орж эхэлснийг намынхандаа анхааруулсан мессеж ч байж мэднэ.

Хэрвээ Д.Дорлигжав Лу.Гантөмөртөө бооцоо тавиад эхэлсэн бол Ц.Элбэгдорж хос морьтой байгаа гэсэн үг. Мөн Х.Баттулгатай ойлголцдог хүн бол Д.Дорлигжав гэдгийг мартаж болохгүй. Тэд ойлголцож өнгөрсөн зун бүлгийн даргын суудлыг О.Цогтгэрэлд авч өгсөн билээ.

Гуравт, АН-ын шинэ дарга дотооддоо хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна МАН-д таалагдах ёстой. Дотоодын "зодооноосоо" болоод МАН-ын "хайрцаганд" орсон тэд яалтчгүй МАН-тай ойлголцох хүнээ даргаар тавих учиртай. Тэгвэл ойлголцлыг нь бас л МАН доторх "Увсын фракц" хийж өгөх магадлалтай. Одоо байгаа сайдуудаас хамгийн том босс нь болоод буй Ч.Хүрэлбаатараас эхлээд, нэр нь явсан ч мөр нь яваагүй Ц.Нямдорж хүртэл Увсын схем ажиллах байх. Дээр нь нэмээд энэ засагт Увсын гэх тодотголтой 7 хүн сайдаар ажиллаж байх жишээний. Өөрөөр хэлбэл, МАН-аас дарах "виз"-ийг хамгийн авах боломжтой нь Лу.Гантөмөр гэсэн үг.

Гэхдээ сүүлд нь нэг зүйл дурдахгүй өнгөрч болохгүй нь. Учир нь МАН-ын залуу дарга нар С.Баярцогтоос илүү Лу.Гантөмөрийг хатуу самар гэж бага зэрэг бэргэж байгаа. Учир нь Лу.Гантөмөрт гогдож аваад цохих сэдэв байхгүй шүү дээ.

Г.Лхагвадорж

М.Оюунчимэг: ЭМЯ монопол компаниудынхаа ЛОББИД хүлэгдэж, төслөө унагааснаа хүлээн зөвшөөрдөг
М.Оюунчимэг: ЭМЯ монопол компаниудынхаа ЛОББИД хүлэгдэж, төслөө унагааснаа хүлээн зөвшөөрдөг
 
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.