Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: ЭМЯ монопол компаниудынхаа ЛОББИД хүлэгдэж, төслөө унагааснаа хүлээн зөвшөөрдөг

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 27 секунд

Улсын төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн эмч, ажилчдын цалин хөлсийг шатлалаар нэмэгдүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлээд буй. Гэвч сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гүйцэтгэлийн санхүүжилт олгогдохгүй тасарсан асуудлыг салбарын менежменттэй холбон эх сурвалжууд тайлбарлаж байна. Бид уг асуудлаар УИХ-ын гишүүн, НББХ-ны Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэгтэй ярилцаж тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийг хэрэгжүүлээд хоёр жил болсон хэдий ч асуудал дагаад мундсангүй. Тодруулбал, сум, хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд сүүлийн хоёр сарын гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар мэдээлж байна. Асуудал юунд байна вэ?

-ЭМДС-аас олгож байгаа гүйцэтгэлийн санхүүжилт шатлалын эмнэлгүүдэд харилцан адилгүй байна. Тухайлбал, сум, хороодын өрхийн эмнэлгүүдэд санхүүжилт сүүлийн 11, 12 сарынх олгогдоогүй байгаагаас багагүй маргаан дагуулж эхлээд байна. Зарим санхүүжилтэд шударга бус асуудал ч үүссэн гэдэг мэдээллийг өгч байгаа.

Гэхдээ лавлагаа шатны эмнэлгүүдэд ЭМДС-аас олгож байгаа санхүүжилтэд асуудал байхгүй байна гэж дүгнэсэн. Учир нь тухайн эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа хүмүүс их учраас үүнийг дагаад гүйцэтгэлийн санхүүжилт ч харьцангуй сайн байгаа гэж ярьж байна. Гэхдээ нэг үнээр тооцсон энэ санхүүжилтийг яг яаж тооцоод байгаа нь тодорхой бус байна. ЭМЯ нь нэг тоо хэлчихдэг. ЭМДЕГ нь бас нэг өөр тоо хэлж цаашлаад дүүргийн эрүүл мэндийн газар нь хүртэл өөр тооцооллоор явж байх жишээтэй. Ингээд харилцан адилгүй тооцоолол гаргаад яваад байгаа нь эргээд санхүүжилт дээрээ асуудал үүсгэж байгааг бараг бүх шатандаа ярьж байна.

Тиймээс бид ЭМД-ын сангаас нэг үнээр тооцож байгаа санхүүжилтийг ямар аргачлалаар тооцож, түүнд нь ямар тусламж үлйчилгээ орсон байгааг тодорхой болгож нэгдсэн нэг ойлголттойй болгох үүрэг чиглэл бий. Бид салбарын сайдад томилогдоод удаагүй байгаа С.Чинзориг сайдад ЭМД-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр энэ асуудлыг цэгцлэхийг сануулж байгаа.

-Гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоход программ ханамжтой холбоотой багагүй бэрхшээл үүсдэг тухай ялангуяа сумын эрүүл мэндийн төвийн эмч нар ярьж байна. Алдаа заадаг, гацдаг, нэг мэдээлэл дутуу ороход түүнийх нь санхүүжилт бүрэн хасагддаг гэх мэт. Үүнийг яаж цэгцлэх вэ?

-Гүйцэтгэлийн санхүүжилт олгоход программ хангамжтай холбоотой асуудал үүсдэг талаар холбогдох газрууд мэдээлж, талууд ч түүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хэд хэдэн программыг холбочихсон. Тэр нь ажилладаггүй, алдаа заадаг, зарим мэдээлэл дутуу бүртгэгдэж байгаа зэрэг асуудлууд үүсдэг. Жишээлбэл, “E-Hospital” сайтад зарим өвчний онош байдаггүй, эмчилгээ үйлчилгээний үнэлгээ хангалттай бус, шууд болон шууд бус зардлын тооцоолол нь амьдралд нийцдэггүй зэрэг асуудлыг хөндлөө.

Тэр ч байтугай ДЭМБ 2020 оноос хойш Дэлхийн банкны 30 орчим сая ам.долларын санхүүжилттай ЭМЯ дээр"цахим эрүүл мэнд" гэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан боловч харамсалтай нь гүйцэт хэрэгжиж чадсангүй. Тухайн үед С.Энхболд сайдаас энэ төсөл яагаад зогсохоор болсон талаар тодруулж, НББХ-оос гүйцэтгэлийн аудит оруулж шалгуулахад ЭМЯ компаниудынхаа лоббиноос гарч чаддаггүй. Товчхондоо салбарын программ хангамж, тоног төхөөрөмжтой холбоотой асуудал нь хэдхэн компанийн "монополд" баригдчихсан. Энэ асуудлыг салбарын сайд нь өөрөө дийлэхгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч ярьж байсан удаатай. Энэ асуудал "Цахим эрүүл мэнд" төслийг унагааж, Дэлхийн банк төслөө татахад хүргэсэн юм билээ. Тэгэхээр нэн тэргүүнд програм хангамжуудаа цэгцлэх шаардлагатай байгаа гэсэн үг.

-Нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг нийслэл, орон нутагт харилцан адилгүй буюу 11-60 хүртэлх мянган төгрөгөөр тооцож байгаа гэх асуудлыг эмч нар хөндлөө. Өнгөрсөн онд 97 тэрбум төгрөгөөр салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл зарцуулалт оновчгүй, тооцооллын алдаатай байдлыг засаж сайжруулахад холбогдох газрууд хэрхэн ажиллах шаардлагатай гэж та харж байна?

-2021 оны төсөв хэлэлцэх үед бид санаачлага гаргаад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 97 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь тухайн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна эмнэлгийн эмч ажилчдын цалин, урамшууллыг бодитоор нэмэгдүүлсэн. Одоо гол асуудал нь менежментээ сайжруулах шаардлага тулгарч байна.

Мөн гуравдугаар шатлалын эмнэлгүүд ТУЗ-ийг байгуулах, санхүүжилтээ зөв шударга хуваарилах зэрэг асуудлууд үнэхээр удаашралтай явагдаж байна. Эдгээр асуудалд ажлын хэсэг гарч шалгах шаардлага тулгарсан. Нөгөө талаас ЭМДС-аас санхүүжилтийг олгохдоо шууд болон шууд бус зардал гэж олгодог. Шууд бус зардлын санхүүжилтийг шатлалын эмнэлгүүдэд өгч байгаа юм билээ. Байрны халаалт, дулаалга гэх мэт урсгал зардлууд ордог. Эдгээрийг олгодог хэр нь өрхийн эмнэлгүүдэд олгодоггүй. Тэд өөрсдөө энэ зардлуудыг жилийн төсвөөсөө жаахан илүүчилж зарцуулж байна. Үүний цаана ялгамжтай байдлаар шууд бус зардлыг олгож байгаа асуудлыг ч мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс тавьж байна. Иймд эдгээр асуудлыг цаашид цэгцэлж, уялдаа холбоог сайржуулах шаардлагатай гэж харж байгаа.

Ярилцсанд баярлалаа

Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн
 
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.