Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Маргаашийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын даргыг СОНГОХГҮЙ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 21 секунд

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын зарим томилгоо явагдаж байх үед Д.Ганбат гишүүн та хоёрын дунд үйл ойлголцсон асуудал үүссэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-АН-ын эвлэрэл бол зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүст биш, гишүүдэд ч биш харин ард түмний хүсэн хүлээж буй асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор тал талын санал, санаачилгууд гарч байгаа. Угтаа Д.Ганбат гишүүн өөрөө дэмжихээс гадна 11 гишүүн эвлэрлийн ажлын хэсгийг байгуулаад явж байгаа.

Уг үйл явц амжилттай явж байх үед үүнийг харлуулах гэж үзсэн үү эсвэл өөр шалтгаантай юу мэдэхгүй ч хувийн шинжтэй зүйлийг хэвлэл мэдээллээр ярьсан байна лээ. Намайг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, зохион байгуулсан мэтээр ярьсан байсныг сүүлд нөхөж үзсэн. Би тэр хүмүүстэй уулзаж үзээгүй. Тиймээс ийм зүйл ярьсан байсан учраас маргалдаж, мэтгэлзсэн зүйл болсон.

-Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд байсан шүү дээ. Яг ямар үйл явц болсон юм бэ?

-Маргалдаж, мэтгэлзсэн. Өөр зүйл болоогүй.

-Д.Ганбат гишүүн цагдаа дуудсан юм уу?

-Мэдэхгүй. Би гараад явсан байсан.

-Үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна. Энэ хурлаас их хурлаа товлож, намын даргаа сонгоно гэж байгаа шүү дээ?

-Яг намын даргаа сонгохгүй. Ажлын хэсгийг нь Ж.Батсуурь гишүүн ахалж байгаа шүү дээ. Уг ажлын хэсэг асуудлаа сайтар ярих байх. Үндэсний бодлогын хороог хуралдуулж, намын дарга сонгох журмаа хэлэлцье, хэрхэн яаж сонгохоо ярилцаад түүнээс шийдэл гарвал дараа дараагийн шатанд орох байх.

-Намын лидерүүдийн 95-98 орчим хувь нь нэгдсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас дахин шийдвэр гарлаа гэж тооцоход С.Эрдэнийн хувьд асуудал гаргах вий гэдэг бодол байна?

-Мэдээж эрсдэл байгаа. Энэ бол том хэмжээний хагарал. Ямартай ч тал талдаа эвлэрч, нэгдэх үйл явц болон хүмүүсийн сэтгэлзүй бэлэн болж байгаа учраас би их олзуурхаж байгаа.

-ҮХНӨ энэ хоёрдугаар сардаа багтаад ороод ирвэл танай намын хувьд энэ өөрчлөлтөд ямар байр суурьтай хандах вэ?

-Бүлгийн өмнөөс болон гишүүдийг төлөөлөн энэ тал дээр байр суурь илэрхийлэх боломж байхгүй байна. Аливаа зүйл мөнх байна гэж байхгүй, цаг хугацааны хувьд ч тэр ҮХ-ийг сайжруулах ёстой гэж боддог. Гэхдээ яг одоо нүүрсний хулгайн асуудал ид дэгдэж эхэлсэн байхад үүний буруутан нь Үндсэн Хууль болж хувирч байгаад харамсаж байна.

Хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцох үйл явцад Үндсэн хууль яагаад буруутай гэж. Нүүрсний хулгайг илрүүлэхгүй байгаад Үндсэн хууль буруутай юм уу. Асуудлыг ингэж гуйвуулж болохгүй гэж бодож байна.

-Гишүүдийн тоог нэмэх асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-АН-ын түүхэн байр сууриуд байдаг. Парламентын тогтолцоог бэхжүүлэх, хувь тэнцүүлсэн буюу тогтолцоог холимог болгох, парламент яаж ард түмнийг илүү төлөөлөх вэ гэх зэрэг дээр олон байр сууриуд байдаг. Тиймээс асуудал тодорхой болж эхлэхэд АН-ын гишүүд ярьж, хэлэлцэх байх.

-Зарим хүмүүс Д.Ганбат гишүүн та хоёрын үйл ойлголцлыг маш их шүүмжилж байна л даа. Хэтэрхий хувийн амбицаараа асуудалд ханддаг болсон байна гэдэг шүүмжлэл явж байна. Ер нь УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хувьд хэр боловсорсон гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Үүнийг дүгнэх хүмүүс нь өөрсдөө дүгнэх байх. Өнгөрсөн хугацаанд би хэн нэгний хувийн асуудлыг огт ярьж байгаагүй. Одоо ч хувийн зүйл ярьдаггүй, яахав маргаан мэтгэлцээн бол бий. Харин Д.Ганбат гишүүний тухайд хэт хувийн шинжтэй зүйл ярьсан нь эгдүүцсэн.

-УИХ дахь АН-ын бүлэг ажлаа ямар түвшинд хийж байгаа вэ. Ялангуяа 2024 оны сонгууль хаяанд ирчихсэн байна шүү дээ. Гэтэл хууль санаачлагч нарын оруулж ирж байгаа хуулийн төсөл дээр ч тэр томилгоотой холбоотой асуудал дээр чанга дуугарч чадахгүй байгаа юм бэ. Сөрөг хүчин яагаад үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм бэ гэдэг нийгмийн шүүмжлэл их байна?

-Бүлэг хэрхэн ажиллаж байгааг бид дүгнэхгүй. Харин бусад хүмүүс дүгнэх байх. Ялангуяа улс төрийнхний дүн бол сонгуулиар гардаг. Гэхдээ бүлэг дээр өнгөрсөн хугацааг харьцуулж үзвэл Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаар ажиллах хоёр жилийн хугацаанд хурлаа ч хийж байгаагүй шүү дээ.

Харин одоо бол нэгдүгээрт, 10 гишүүн цуглаад хурлаа хийдэг, асуудлаа ярьдаг, намынхаа эв нэгдлийн төлөө шийдвэрээ гаргадаг, гарын үсгээ зураад ажилладаг болсон.

Хоёрдугаарт, Намын асуудал, маргаан мэтгэлцээний асуудал хэвээрээ байгаа учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгэх асуудал дутмаг байдаг. Тиймээс намын асуудлаа хурдан шийдэх асуудал руу анхаарч, ажлынхаа ихэнх цаг завыг түүнд анхаарч өнгөрөөж байна.

-Асуудал шийдэгдэх үү?

-Мэдээж шийдэгдэнэ. АН-гүй Монголын парламент ойрын таван жилдээ байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр цас орж, явган шуурга шуурна
Өнөөдөр цас орж, явган шуурга шуурна
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.