Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РЕФОРМ: Хувийн тэтгэврийг дэмжиж, даатгалын хуримтлалаа ашиглах боломжийг бүрдүүлэх БАГЦ ХУУЛЬ өргөн баригдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 50 секунд
Caption

Энэ парламент жилдээ ядаж ганц гайгүй реформын шинжтэй хууль “нухчихаад” байгаа. 2021 онд шүүхийн реформ болох Шүүхийн багц хуулийг баталсан. Өнгөрсөн жил хяналт, шалтгалтын тухай хууль баталсан. Үүний хүчээр шүүхийн салбарт “салхи” орж, төрд нүүрлэсэн хулгайнуудыг хянаж шалгах түр хороонууд байгуулагдав.

Тэгвэл 2023 онд парламентын босго давах реформын шинжтэй хуулиар удтал хүлээгдсэн “Нийгмийн даатгалын багц” хууль нэрлэгдэж байна. Зүүний гэх тодотголтой эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн гол цөмийг бүрдүүлэх бодлогуудтай уялдах уг хуулийн төслийг ямар ч байсан УИХ-д өргөн барьлаа. 2020 оны сонгуулийн дараанаас л ХНХ-ын салбарынхны “нухсан” эл хуулийн төслийг d-parliament дээр тавигдсан төслийг нь татаж харахадөнгөрсөн хугацаанд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан нэлээдгүй олон асуудлуудыг зохицуулахаар тусгаж өгсөн гэж хэлэхэд болохоор байна.

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл юу байна

Хамгийн нэгдүгээрт олон жил ярьсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоо буюу олон эх үүсвэрээс тэтгвэрээ авах боломж бүрдэнэ. Ингэснээр хөгжингүй орнуудын жишгээр иргэд хүсвэл хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломжтой болох юм. Иргэд энэ хувийн хуримтлалаасаа урьдчилж аваад боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах. Цаашлаад орон сууцны урьдчилгаа төлбөрт ч зориулах боломж бий болох аж. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэхгүй байхаар, тэтгэврийн зөрүүг арилгах, нэрийн дансыг мөнгөжүүлэн өвлөгддөг байх боломжийг бүрдүүлэхээр багц хуулиндаа тусгажээ. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон чухал дэвшлийг агуулжээ.

Даатгуулагчдад хэрэгтэй шинэчлэл юу байна

Засгийн газар бүр эдийн засгийн нөхцөл байдлын “аашаар” аягаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх “аюул” бий болдог. Мөн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж гадны хөтөлбөрүүд хүртэл ийм шаардлага тавих нь бий. Тэгвэл шинэ багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх, албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлж тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх эхлэлийг тавих гэнэ. Мөн олон жил ажилласныг даатгулагчаа урамшуулдаг тэтгэврийн бодолтыг оруулан цалингийнхаа 80 хүртэлх хувиар тэтгэврээ тогтоолгож авах боломжийг нээж өгчээ.

Ахмадуудад хэрэгтэй шинэчлэл юу байна

Тэтгэврийн зөрүү гэдэг сүрхий гомдол ахмадуудад бий. Яалтчгүй нийгмийн шилжилтээс улбаалсан эл асуудал ахмадуудын төр засгаасаа хүсдэг гол сэдэв. Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, цаашлаад зөрүү үүсгэхгүй байх боломж бүрдэх нь. Мөн жил бүр төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа царайг харж тэтгэврээ нэмэгдэх үү гэж суудаг байдлыг өөрчилж тухайн жилийнх нь инфляцтай уялдуулж тэтгэвэр нь автоматаар нэмэгддэг байх зохицуулалтыг суулгаж өгчээ.

Үүнээс гадна тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулах зохицуулалт ч багц хуулинд шингэжээ. Энэ бүх реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн нөхцөлд цаашид тэтгэвэр буурахгүй нэмэгдэх боломж бүрдэх юм байна.

Мөн малчдынхаа тэтгэвэрт хамрагдалтыг нэмэгдүүлэн малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийнх нь 50 хувийг улсаас хариуцан төлнө. Харин бусад хугацааг нь малчид өөрсдөө төлснөөр тэтгэврээ тогтоолгох аж.

Даатгуулагч ээжүүдэд ээлтэй шинэчлэл юу байна

Уг хуулийн төсөлд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсны тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна хамгийн чухал нь амаржсны өмнөх болох дараах тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулжээ. Өмнө нь амаржсны дараах тэтгэмжийн хугацаа 60 хоног байсныг 80 болгон нэмэгдүүлэх бөгөөд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал ажлын өдөр хэмээн тооцох гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмтэй өөрчлөлт юу байна

Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон донор болсон иргэдийн авдаг хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн хугацааг 66 хоног байсныг 132 болгож нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, даатгал дэргэдээ эмнэлэгтэй болох, үйлдвэрийн ослоос болж хохирол арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилготой сул зогссон хугацааны ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлөх зэрэг шинэчлэлүүдийг тусгажээ.

Өөрөөр хэлбэл, олон жил хүлээгдсэн нийгмийн даатгалын шинэчлэл. Түүнийг дагасан тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой ужиг асуудлуудыг шийдэх зорилготой дэвшилтэд байж болохуйц хууль өргөн баригдлаа гэж дүгнэж болохоор байна.

Гэхдээ эдгээр заалтууд болон төсөлд тусгагдсан агуулгууд зөвхөн төслийн хүрээнд бөгөөд УИХ-аар хууль батлагдах процесс үргэлжлэх юм. Магадгүй зарим өөрчлөх болон нэмж тусгах зүйлүүдийг нь нэмж тусгаад хүлээлт үүсгээд буй нийгмийн даатгалын шинэчлэл хийгдэх учиртай.

Б.Жавхлан: 2022 оны эцэст эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрлээ
Б.Жавхлан: 2022 оны эцэст эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.