“УБТЗ“-ын албаны орлогч дарга С.Батдөлтэй хамааралтай 6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр сэтгүүлчид дараах асуултыг асууж, хариулт авлаа.
-Өчигдөр Ерөнхий сайд төмөр замтай холбоотойгоор дэлбэрэлт хийнэ гэж хэлсэн. Улмаар өчигдөр шөнө УБТЗ-ын албаны орлогч даргын гэрээс 10 тэрбум төгрөг олж илрүүлсэн байна?
-Ерөнхий сайдад энэ талаарх мэдээлэл байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Өчигдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ "Төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлсэн.
Үүнд онцолж, Төмөр замын тээвэр зуучтай холбоотой, тээвэрлэлттэй холбоотой авлига, албан тушаалын асуудлуудыг онцолж хэлсэн. Мөн байгаль орчин, газар олголттой холбоотой асуудал дээр шалгалт үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайдад мэдээлэл өгсөн байгаа.
-Бусад хэлтсийн хүмүүсийг шалгах уу?
-Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх тактикаа урьдчилан ярьвал хэрэг илрэхэд төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Мөн прокуророос авсан зөвшөөрлийн хүрээнд хэргийг мөрдөн шалгадаг гэдгийг хэлэх нь зүйтэй.
Ерөнхий сайд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр маш тодорхой зүйлийг хэлсэн. Энэ нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын нэг хэсэгхэн орой. Үүнээс гадна гаалийн салбарт, нийгмийн даатгалын салбарт, татварын салбарт мөн тээвэр ложистикийн салбарт байгаа болон газар олголтын салбарт байгаа бүхий л авлига, албан тушаалын асуудлуудтай энэ Засгийн газар ямар нэг эргэлзээгүйгээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Ерөнхий сайд бас нэг зүйлийг хэлсэн. Энэ нь зургаадугаар сарын 01-ний дотор төрийн албанд байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийн орлоготой нийцсэн хэрэглээтэй байх хэрэгтэй.
-Үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон гэсэн. Тэгэхээр эх үүсвэр нь тодорхой болсон уу?
-Одоо яг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү нэмж хэлэх зүйл алга. Өөрийнх нь гэрээс болон хамаарал бүхий хүний гэрээс нийт 7,3 тэрбум төгрөг бэлнээр олдсон. Мөн үндэслэлгүйгээр 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй асуудлыг шалгаж байна.